Сайдын цахилгааныг тасалбал яах бол?

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Сайдын цахилгааныг тасалбал яах бол?

Нийслэлийг чиглэх их нүүдэл саарахгүй, жил бүр 15 мянган иргэнээр бүл нэмэх болсноор  Улаанбаатар хотод 1.2 сая иргэн амьдрах болж, энэ нь эргээд гэрэл цахилгааны бэрхшээлтэй тулгарахад хүргээд байгаа билээ. Зарим эх сурвалжид нийслэлийн хэмжээнд 15 мянган өрх гэрэл цахилгаангүй амьдарч байна хэмээн мэдээлдэг  бол Эрдэс баялаг эрчим хүчний яам дээрх тоог үгүйсгэж, 6000 гаруй өрх гэсэн зөрүүтэй тоог хэлэх болсон. Ингэхдээ газрын зөвшөөрөлгүй, кадастрын зураглалаа гаргуулаагүй өрхийг цахилгаанаар холбох нь хууль зөрчсөн үйлдэл болох учраас, шууд утгаар нь Эрдэс баялаг ,эрчим хүчний яамыг буруутгах нь учир дутагдалтай гэх тайлбарыг салбар хариуцсан сайд ч өгөх болсон. Харин энэ асуудалтай холбоотой асуулгыг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр Ерөнхий сайд С.Батболдод хандан тавьсныг УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар авч хэлэлцлээ.

Асуулгад Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц барих ажлын хэрэгжилт ямар шатанд яваа, нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын хэрэгжилтэд хариулт өгөхийг хүссэн байв. Гэвч Ерөнхий сайд хуралдаанд оролцсонгүй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт түүнийг орлож, 2010 оны төвшинд хэчнээн хэмжээний хөрөнгийг цахилгаан дулааны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан талаарх тайланг тавив.

УИХ-аас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын багцад 2010 онд 52.2 тэрбум төгрөг баталж өгчээ. Түүнээс дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээнд 15.4, тэрбум төгрөг, цахилгаан дамжуулах шугам, дэд станцад 21.9 тэрбум төгрөг тус бүр хуваарилсан байна. Эдгээр санхүүжилтийн 87.3 хувийг шинээр эхлэх ажлуудад , 12.7 хувийг урд оноос шилжиж ирсэн барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад зарцуулжээ. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудад ногдох санхүүжилтийн 22 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийг томоохон дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахад зарцуулж байгаа. Мөн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг ашиглан Улаанбаатар хотыг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчээр хангах” техникийн тусламжийн хүрээнд шинээр баригдах “Улаанбаатар ДЦС-5” төслийн техникийн судалгааг хийж гүйцэтгэхээр Азийн хөгжлийн банк болон Монголын талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зөвлөх компанийн багийн ахлагч, дотоодын зөвлөх болон төслийн нэгжийн мэргэжилтнүүдийн хамт “Улаанбаатарын ДЦС-5“ төслийн эзэмшилд нийслэлийн Засаг даргын 2008 оны 275 дугаар захирамжаар олгосон нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших  Улиастайн аман дахь газрын байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагатай уулзан, төслийн талаар санал солилцсон. Эдгээр санал, зөвлөмжүүдийг төслийн судалгааны ажилд тусган, зөвлөх үйлчилгээний даалгаварт орсон 1-2 байршлыг нэмж судлахаар зөвлөх компани ажиллаж байгааг онцлов. Авто замын тухайд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих” чиглэлээр дөрвөн тэрбум 65 сая төгрөг, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 65 тэрбум 76.2 сая төгрөг, нийт 69 тэрбум 141.2 сая төгрөгийн өртөг бүхий авто зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөн шинэчлэх ажил хийхээр УИХ-аар баталсны дагуу өнөөдрийн байдлаар ажлын хэрэгжилт 70 хувьтай яваа  тухай сайд онцлов. Гэвч хэлэлцүүлгийн шатанд гишүүд нийслэлийн гэр хорооллыг цахилгаанаар хангах ажил удаашралтай, байгааг хатуухан шүүмжиллээ. Асуулгад нь хангалттай хариулт өгөхгүй хэрнээ ихэрхэн,  пээдийж буй сайд Д.Зоригтод бухимдсан гишүүн Ц.Батбаяр “Гэрийнх нь цахилгааныг тасалж, долоо хонуулан, гэрэл цахилгаангүй амьдарч байгаа гэр хорооллынхны амьдралтай биечлэн танилцуулж, бэрхшээлийг биеэр нь амсуулж үзэх юмсан” гэдэг юм байна. Харин сайд Д.Зоригт “Чадах ч юм шиг “гэсэн шиг мушилзаж суув. Гишүүд инээж “Үнэхээр ингэвэл яах бол” хэмээн хүч өгч байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр асуулгаа үргэлжлүүлж, нийслэлийн цахилгаан, дулааныг шийдвэрлэх асуудлыг УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтад оруулсан. Улаанбаатар хотын зүүн хэсэгт цахилгаан, дулаан хангамжийн ямар ч эх үүсвэр алга. “Дулааны тавдугаар цахилгаан станц барих,  газрын асуудлыг хэзээ бүрэн шийдвэрлэх юм бэ гэв.  Сайд Д.Зоригт:- Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг олон жил ярьсан ч судалгаа хийгээгүй байсан юм билээ. Одоо Азийн хөгжлийн банктай хамтран судалгааг хийж байгаа. Эл тавдугаар станцыг барих газрыг судлаачид гаргасан. Мөн ТЭЦ-3-ыг өргөтгөхөөр төлөвлөсөн . Одоогоор нийслэлийн хэмжээнд 6776 өрх төвлөрсөн цахилгаанд холбогдоогүй гэх судалгаа бий. Эдгээр өрхүүдийг үе шаттайгаар цахилгаантай холбоно гэв.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай
“Улаанбаатарт Дулааны тавдугаар цахилгаан станцыг бариагүй цагт утаанаас салахгүй. Орон сууц ч барьж чадахгүй, үлгэр болно. Байгаль орчны үнэлгээ хийх мөнгө хайж байгаа гэх юм. Юуг нь үнэлэх гээд байгаа юм бэ?

Сайд Д.Зоригт: Л.Гүндалай гишүүн буруу ойлголттой байна. Судалгаа хийгээд дуусч байна. Ажил удааширч байгаа нь үнэн. Техник, эдийн засгийн үндэслэлийг баталсан цаашид ажил явна.

Гэвч асуулга тавьсан гишүүн сайдыг хангалттай хариулт өгсөнгүй гэж дүгнэсний зэрэгцээ Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд оролцоогүй нь,  нийслэлчүүдийн тулгамдсан асуудалд ач холбогдол өгсөнгүй, өмнөөсөө сайдаа явууллаа гэж дүгнэн, Засгийн газарт хариуцлагын тогтолцоо алга болсныг хуралдааны төгсгөлд тэмдэглэснээр энэ удаагийн хуралдаан өндөрлөсөн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж