БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн олон улсын гран-при тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн тус тэмцээнд дэлхийн 31 орны 250 орчим жүдоч зодоглож байгаа юм. Харин Монголын баг тамирчдаас эрэгтэй 12, эмэгтэй долоон жүдоч өрсөлдөж байна.
Хуваарь ёсоор өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жинд аваргууд тодорсон бөгөөд манай тамирчид энэ өдөр нэг алт, гурван хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 60 кг-д хүч сорьсон Г.Болдбаатар эхний тойрогт хийлж, дараагийн барилдаанд Бразилийн бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө нутаг нэгт Ч.Болдбаатарыг ялжээ. Улмаар ОХУ-ын жүдоч Арсень Галстьянг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө мөн ОХУ-ын бөх Беслан Мудрановыг цэвэр ялснаар аваргалжээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдсөн Б.Хишигбаяр эхний барилдаанд хийлж, улмаар Япон, Испанийн бөхчүүдийг ялж, ОХУ-ын бөхөд ялагдсанаар хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний эхний өдөр мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон М.Уранцэцэг, Б.Бат-Эрдэнэ нар хоёул хүрэл медалийн тавцанд гарсан юм.
Харин өнөөдөр манай тамирчдаас 81 кг-д Р.Анхбаатар, Б.Амбасэлмаа, 90 кг-д С.Батбаяр, Э.Энхбат, -100 кг-д Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, Х.Мөнхбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д П.Лхамдэгд нар зодоглосон бөгөөд -100 кг-д хүч сорьж буй Б.Тэмүүлэн мөнгөн медалийн төлөө Японы бөх Рюүносүкэ Хагатай барилдахаар болоод байна. Нутаг нэгт тамирчин Н.Түвшинбаярыг ялснаар хүрэл медалийн болзол хангасан Б.Тэмүүлэн Японы бөхийг ялбал аваргын төлөө барилдах эрхтэй болох юм.
Өнөөдөр зодоглосон манай бусад жүдочид бүгд ялагдсанаар тэмцээнээ дуусгаад байна.
Дашрамд сонирхуулахад, он гараад нэгдүгээр сарын 15, 16-нд Азербайжаны Баку хотноо World Masters тэмцээн болно. Жин жингийн шилдэг 16 бөхчүүдийн оролцох халз тулаанд манай улсаас Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нарын тэргүүтэй жүдочид зодоглох юм. 60 кг-д Г.Болдбаатар Чиндаогийн гран-при тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэнээр чансаагаа ахиулж, улмаар ирэх сард болох World Masters тэмцээнд оролцох боломжтой болж байгаа юм. Тус тэмцээнд Монголын тамирчдаас 60 кг-д Д.Төмөрхүлэг, Ч.Болдбаатар болон Г.Болдбаатар нар, 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар, 73 кг-д С.Ням-Очир, мөн эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд М.Бундмаа, 63 кг-д Ц.Мөнхзаяа нар оролцох ажээ.