Тяньжины газрын үнийг тодорхой болгохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2010.12.18-нд нийтлэгдсэн

Тяньжины газрын үнийг тодорхой болгохыг хүсэв

Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр  Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Жан Гаолитэй уулзаж хэд хэдэн чухал асуудлыг хөнджээ.
Тяньжин хотын зүгээс Дунзян боомтын чөлөөт бүсэд Монголын аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахад нь тодорхой дэмжлэг үзүүлж эхэлсэн байна. Тухайлбал, энэ бүсэд Монголын хөрөнгө оруулалттай үйлдвэр,  худалдаа эрхэлж байгаа компаниудад хөнгөлттэй нөхцөлөөр газар түрээслүүлэхээр болжээ. Тиймээс дээрх уулзалтын үеэр Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга газрын үнийг тодорхой болгож, гэрээ хэлэлцээр хийж албан ёсоор баталгаажуулах  саналтай байгаагаа Тяньжин хотын намын хорооны нарийн бичгийн даргад уламжилжээ. Монгол Улс нь Тяньжин боомтод 50 жилийн хугацаатай 40 га газар авч ашиглахаар Монгол Улсын Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр тохирсон юм байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнээ Хятадад төдийгүй Зүүн ба Зүүн Өмнөд Азийн орнуудад экспортлох,хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн гадаадад тэр дундаа Америк, Европын орнуудад гаргах, Хятадын зах зээлд чөлөөт бүсээр дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулах сонирхолтой байгаа юм. Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “ Өнөөдөр бид улс орноо хөгжүүлэхийн тулд эдийн засгийн гадаад руу хандсан бодлогыг тууштай явуулж, тогоондоо эргэлдээд байлгүй том зах зээлтэй хоёр хөршийн дунд байдаг давуу талаа ашиглан харилцан хөгжих нь зөв зүйтэй гэж төр засгийн түвшинд үзэж байна гэдгээ уламжлав. Харин Тяньжин хотын намын хорооны дарга Жан Гаоли “Монголын болон гадаадтай хамтарсан 300 гаруй аж ахуйн нэгж энэ бүсэд үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлээд байгаа.Тяньжингийн боомтод жилд дунджаар 10 сая чингэлэг 400 сая бараа бүтээгдэхүүн эргэлддэг. Монгол Улс Тяньжинд суух төлөөлөгчийн газраа байгуулж үйл ажиллагаа нь эхлээд явж байгаа. Бид бүх талаар дэмжинэ. Манай хоёр нам улс орондоо эрх барих хүчний хувьд уламжлалт харилцаандаа үндэслэн улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдарч ажиллах их үйлсэд хамтрах учиртай” хэмээн хариулсан юм.  Монгол ардын намын төлөөлөгчид өнөөдөр хоёр орны тулгамдсан асуудлаар Хядатын коммунист намын Төв Хорооны байнгын хорооны гишүүн,Намын сахилгын хорооны дарга Хэ Гуоцянтай уулзаж ярилцана.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж