Улиран одож буй 2010 оны ууган шинэ жилийн баярыг Ардчилсан намын дэргэдэх “Нэг ардчилал” клубынхэн хийлээ. Өчигдөр орой “Континентал” зочид буудалд болсон шинэ жилийн баярт саяхан төрийн соёрхол хүртсэн УГЖ Д.Сосорбарам, дуучин Quiza, Х.Дэлгэрмөрөн, “Хурд”-ын Д.Отгонбаяр, поп дива Н.Алтанцэцэг нөхөртэйгээ, зохиолч, яруу найрагч Х.Батрэгзэдмаа, Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Кёкүшюзан Д.Батбаяр, гишүүн асан Б.Батбаатар гээд л нэр хүндтэй эрхмүүд заларч, нэг сэтгэлээр оройг үдэв. Төрийн соёрхолт Д.Сосорбарам эл нэр хүндтэй шагналыг хүртсэнээсээ хойш олдохоо больсон шалтгаан нь Догшин ноён хутагт Д.Равжаагийн төрсөн нутаг Дундговь аймагт очиж, “Үлэмжийн чанар” тоглолтоо хийгээд ирсэн гэнэ. Харин дуучин Quiza ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж хийсэн “Мөнх тэнгэр мэднэ” дуугаа анх удаа тайзан дээр дуулсан. Үг, ая болоод үглэл хооронд хавчуулсан уртын дууны шуранхай, хөөмий энэ тэр нь янзтай. Харин Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын хувьд энэ дууг анх удаагаа сонсоогүй, эчнээ танил гэдэг нь ялгараад л байсан л даа. Х.Тэмүүжин гишүүн шинэ жилийн тайзан дээрээс ч нөгөө л “долдугаар сарын 1”-нээ ярьсан. Гэхдээ ярих шалтгааныг дуучин Quiza гаргаж ирсэн билээ. Учир нь мань хүн долдугаар сарын 1-ний дурсгалд зориулж нэгэн шинэ дуу хийсэн гэсэн. “Энэ сум хэн нэгнийг онилсон сум биш, Монголын нийгэмд байгаа биш” ч бил үү, нэг тиймэрхүү үгтэй. Тэгээд Х.Тэмүүжин гишүүн долдугаар сарын 1-ний жагсаал өөрсдийнхөө сонголт, үзэл бодлыг хамгаалсан залуучуудын тэмцэл байсан юм шүү. Тиймээс энэ өдрийг залуу хүн бүр битгий мартаарай. Ямар ч өнцгөөр харж, бас шүүмжилж болох боловч харин мартаж л болохгүй” хэмээн сануулсан. Тэгээд ч энэ оройн цэнгүүний зочдоос дууны клипийг ивээн тэтгэх бас нэг санхүүжүүлэгч гараад ирэх шиг болсон шүү, нэрийг нь одоохондоо нуучихья.
Бас нэг гэнэтийн бэлэг нь зохиолч, яруу найрагч Х.Батрэгзэдмаа, “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр нар “Нэг сэтгэл, нэг санаа” нэртэй цоо шинэ дууг “Нэг ардчилал” клубийнхэнд зориулсан. Хөгжим, найруулга болоод дуучдын хоолойн царын хувьд бас л том дуу болсон байна лээ. Дуучин Н.Алтанцэцэг “Хурд”-ын Д.Отгонбаяртай хамт энэ дууг дуулах юм гэсэн. Нэг ёсондоо “Нэг ардчилал” клубын шинэ жил жижгэр болсон. Харин өнөөдөр “Голомт” банкныхан шинэ жилээ тэмдэглээд, хотын бүх салбарууд хаалгаа түгжсэн байлаа.
Б.ЗАЯА