Хоёр улсын хооронд улс төрийн харилцаа, худалдаа эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгааг дагалдан иргэд солилцоо нэмэгдэж, үүнтэй уялдан консулын зөвлөлдөх уулзалтын ач холбогдол, агуулга улам өсөн нэмэгдэж байгааг дэд сайд Сун Тао тэмдэглэв. Хятадад суралцаж, хөдөлмөрлөж буй монгол иргэдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалахыг чухалчлан үзэж байгааг дэд сайд онцлоод, харилцан адил байх зарчмын дагуу Монголд буй хятад иргэд, хуулийн этгээдийн аюулгүй байдалд монголын тал анхаарлаа хандуулахыг хүсчээ. Хоёр улсын харилцааны үндэс болсон ард түмнүүдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхийн төлөө байр суурьтай байгаагаа мөн илэрхийлжээ.
Консулын газрын захирал Д.Ганхуяг хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд хүргэхээр шийдвэрлэснийг уламжлаад цаашид өсөн нэмэгдэх иргэдийн зорчих хөдөлгөөнтэй уялдуулан консулын харилцааг улам өргөжүүлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрх зүй орчинг төгөлдөржүүлэх талаар гэрээ хэлэлцээрүүдийг нэмж байгуулах, монгол иргэд Хятадад зорчих, суралцах, худалдаа бизнес эрхлэх таатай нөхцөлийг баталгаажуулах зорилт тавигдаж байгааг тэмдэглэсэн талаар Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.