УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Батбаяраас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан "Улаанбаатар хотод 5 дугаар дулааны цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар тавьсан асуулгын хариуг сонссоны дараагаар хуралдаан өндөрлөсөн байна. Асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өгсөн бөгөөд “Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын багцад 2010 онд 52.2 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд үүнээс дулааны цахилгаан станц, дулааны шугам сүлжээнд 15.4 тэрбум, цахилгаан дамжуулах шугам, дэд станцад 21.9 тэрбум төгрөг ноогдож байна. Эдгээр санхүүжилтийн 87.3 хувь нь шинээр эхлэх ажлуудад , 12.7 хувь нь урд оноос шилжиж байгаа барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад зарцуулагдаж байгаа ажээ. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцуудад ноогдох санхүүжилтийн 22.0 хувь буюу 4.8 тэрбум төгрөгийг томоохон дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахад зориулагдаж байна. Түүнчлэн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг ашиглан Улаанбаатар хотыг нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчээр хангах” техникийн тусламжийн хүрээнд шинээр баригдах “Улаанбаатар ДЦС-5” төслийн техникийн судалгааг хийж гүйцэтгэхээр Азийн хөгжлийн банк болон Монголын талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Зөвлөх компанийн багийн ахлагч, дотоодын зөвлөх болон төслийн нэжийн мэргэжилтнүүдийн хамт “Улаанбаатарын ДЦС-5“ төслийн эзэмшилд нийслэлийн Засаг даргын 2008 оны 275 дугаар захирамжаар олгосон Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улиастайн аман дахь газрын байдалтай танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын удирдлагатай уулзан мэдээлэл авч, төслийн талаар санал солилцон ажиллаж байна. Эдгээр санал, зөвлөмжүүдийг төслийн судалгааны ажилд тусган, зөвлөх үйлчилгээний даалгаварт орсон 1-2 баршлыг нэмж судлахаар зөвлөх компани ажиллаж байна” хэмээн мэдээллэсэн байна.
Б.Мандах