Ц.Батбаярыг “үл тоов”

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Ц.Батбаярыг “үл тоов”

УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьж чуулганы хуралдаан дээр сонсдог хуультай. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Батбаярын Ерөнхий сайдад тавьсан "Улаанбаатар хотод тавдугаар цахилгаан станцыг барих ажлын хэрэгжилт болон нийслэлийн авто замын засвар, арчлалт, шинээр авто зам барих ажлын явц байдлын талаар асуулга”–ыг  сонсоход чуулганы танхимд есхөн гишүүн сууж байлаа.

Түүнчлэн Ерөнхий сайдад тавьсан асуулгад нь өөр хүн хариулт өгснөөс болж Ц.Батбаярын гомдлыг улам ч төрүүлээд орхив. Тэрээр  “Асуулгын хариуг сонсохдоо чуулганы ирцийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ чинь чуулганы хуралдааны нэг хэсэг биз дээ. Гэтэл яагаад ингэж үл тоосон байдалтай хандаж байгаа юм бэ. Би Ерөнхий сайдад асуулга тавьсан. Харин хариултыг нь Д.Зоригт сайд хийж байна. Уг нь тавдугаар цахилгаан  станцийн асуудал Улаанбаатар хотын тулгамдаад буй зүйл шүү дээ. Намайг яагаад үл тоогоод байгаа юм бэ” хэмээн гомдоллоо. Харамсалтай нь түүний энэ үгийг ч бусад нь мөн тоож үзсэнгүй дор дороо ямар нэгэн зүйлийг хийцгээж байлаа. Уг нь ч Ц.Батбаяр гишүүний хувьд хотын даргын албан тушаалыг олон жил хашсан хүн дээ. Тэр үедээ асуулга тавиад байгаа эдгээр асуудалдаа хэр зэрэг ач холбогдол өгч ажилласан бэ гэдэг бас л сонин шүү дээ.

Э.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж