Вьетнам улс нь Энэтхэг-Хятадын хойгийн зүүн хэсэгт орших орон юм. Хойд талаараа Хятад, баруун хойд талаараа Лаос, баруун өмнөд хэсгээрээ Камбож улсуудтай хиллэнэ. Зүүн талд нь Өмнөд Хятадын тэнгис оршдог Социалист бүгд найрамдах засаглалтай улс юм. Вьетнам нь 85 сая гаруй хүн амтай. Вьетнам нь Франц улсын колониос 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр гарч, 1954 тусгаар тогтнолоо олсон.
Эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг 1986 онд хийж олон улсын интеграцчилалд оролцох замд шилжжээ. Дэлхийн ихэнх орнуудтай 2000 он гэхэд дипломат харьцаа тогтоосон. Сүүлийн арван жилийн эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болсон байна. Энэхүү хүчин чармайлтынхаа хүрээнд 2007 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, 2008 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болжээ.
Вьетнам улсын худалдан авах ажиллагаа нь төвлөрсөн бус тогтолцоотой. Төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын яамны харьяа Худалдан авах ажиллагааны агентлагтай ажиллах бөгөөд худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, хяналт-үнэлгээ, сургалт, туслалцаа дэмжлэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус агентлагийн Худалдан авах ажиллагааны бодлогын газар, Аудитын газар, Цахим худалдан авах ажиллагааны газар, Захиргаа, удирдлагын газар, Мэдээлэлийн технологийн газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 100 гаруй албан хаагчтай.
Уг агентлаг нь Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс худалдан авах ажиллагааны сонин эрхлэн гаргадаг. Уг сонинд нээлттэй тендер шалгаруулалт, харьцуулалтын аргаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний зарыг Вьетнам болон Англи хэлээр, мөн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нийтлэн гаргадаг байна.
Тус улсын Засгийн газар цахим худалдааг хөгжүүлэх 2006-2010 оны мастер төлөвлөгөөний хүрээнд Вьетнам улс нь 1997 онд Солонгос улсын худалдан авах ажиллагааны тогтолцоо болон системтэй танилцаад өөрийн оронд уг худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх хүсэлтээ илэрхийлсний дагуу 2005 онд хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж цахим худалдан авах ажиллагааны төслийг хэрэгжүүлсэн.
Цахим худалдан авах ажиллагааны төслийг 2008 оны 11 дүгээр сараас 2009 оны 6 дугаар сарын хооронд амжилттай хэрэгжүүлсэн. Цахим худалдан авах ажиллагаа нэвтэрснээрээ тендер шалгаруулалтын урилга, үр дүнг олон нийтэд нээлттэй зарлах болсон бөгөөд тендер шалгаруулалтын нээлтийг он-лайнаар хийх болсон байна. Цаашид цахим худалдан авах ажиллагааг цогцоор нь нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Вьетнам улсад хэрэгжүүлсэн цахим худалдан авах ажиллагааны төсөлтэй ижил төслийг Бүгд найрамдах Солонгос улсын буцалтгүй тусламжаар манай улсад хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээнд 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг болон Сангийн яам хоёр гарын үсэг зурсан. Энэхүү төсөл 2010 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхлээд байна.