Батлан хамгаалахын дээд шагналтнууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын дээд шагналтнууд тодорлоо

Батлан хамгаалахын сайдын тушаалаар иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд онцгой гавьяа, бодит хувь нэмэр оруулсан цэргийн албан хаагч, иргэнийг “Эх орны төлөө” батлан хамгаалахын дээд шагналыг өнөөдөр гардууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салаан захирагчийн орлогч, бүлгийн дарга, дэслэгч Г.Аззаяа, Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн дамжааны багш, ахлах ахлагч Ш.Самбуу-Ёндон нар Батлан хамгаалахын дээд шагналын энэ оны эзэд боллоо. Батлан хамгаалах сайд Л.Болд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай нар шагнагсдад “Эх орны төлөө” Батлан хамгаалахын дээд шагналын цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулах ёслол болов. Батлан хамгаалахын энэхүү дээд шагналыг жил бүр уламжлал болгон салбарын шилдэг албан хаагчдад олгох аж. Тухайн шагналд энэ онд Батлан хамгаалах салбарын харьяа 18 анги, байгууллагаас 24 иргэн, албан хаагчдын нэрийг дэвшүүлэх ирүүлснээс дөрвөн иргэн, албан хаагчийг дараах үндэслэлээр шалгаруулжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимид

Сүүлийн хоёр жилд Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний хувьд Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох тодорхой санал санаачлага дэвшүүлж, Үндсэн хуулийн үзэл баримтлал, яамны чиг үүрэг, бүрэн эрхийн хуулийн зөвлөлгөө өгч, 2009-2010 онд Батлан хамгаалах яам, Хууль зүйн үндэсний төвтэй хамтарсан “Батлан хамгаалах хууль тогтоомжийн уялдаа, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн бусад акттай хэрхэн нийцэж байгааг судлах” төслийн багийг удирдаж, хуулиудын зохилдолгоо, давхардал, хийдлийг илрүүлэн цаашид боловсронгуй болгох чиглэлээр ажидллаж, Зэвсэгт хүчний ангиудад цэрэг, эх оронч үзэл, хууль эрх зүйн талаар лекц уншиж, мэдээлэл хийсэн үзүүлэлтээр Бталан хамгаалах хууль эрх зүйг боловсронгуй болгон шинэчлэх болон иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж шагналд тодорхойлсон байна.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров

Монголын ирээдүй болсон залуучууд иргэдийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэрэг дайчдын албанд нь төлөвшүүлэх үйл хэрэгт нь үнэтэй хувь нэмэр оруулж, өөрийн өндөр мэдлэг, оюуны чадавхиа зориулан олон ажил, арга хэмжээг санаачлан зохион байгуулж оролцсон билээ. Тэрээр Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудын 500 гаруй залуу офицер ахлагч, Зэьсэгт хүчний 167,0186, 330 дугаар ангиудын бие бүрэлдэхүүн, Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчид, залуучууд нийт 3500 орчим хүнд “Эх оронч үзэл” сэдвээр хөгжимт лекц уншиж, Монгол газар шороонд Монгол хүн болж төрсний утга учир, эх орноо эзний ёсоор хайрлан хамгаалж, цэцэглүүлэн хөгжүүлэх нь иргэн бүрийн төдийгүй залуу үеийнхний журамт үүрэг болохыг ухааруулан ойлгуулсан юм. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааний төв байгууллага болох Батлан хамгаалах яамнаас улс орны батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, батлан хамгаалах салбарын стратеги, бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг үнэлжээ.

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн салаан захирагчийн орлогч, бүлгийн дарга, дэслэгч Г.Аззаяа

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр төрийг олон улсын тавцанд өндрөөр гарган 2004 онд Иракт үүрэг гүйцэтгэх явцдаа тэсрэх бөмбөгтэй амиа золиослогчийн террорист ажиллагааг таслан зогсоож, үүргээ нэр төртэй биелүүлсэн. 2006 онд Серера-Леон Улсад энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон. Одоогийн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, 2010 онд явагдсан ЗХЖШ-ын даргын нэрэмжит шалгалтанд хариуцсан бүлэг нь ОНЦ үнэлгээ авсан амжилтаараа тодорсон.

Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн дамжааны багш, ахлах ахлагч Шижирбаатарын Самбуу-Ёндон

2004 оны хоёрдугаар сард “Иракийн эрх чөлөө” олон улсын ажиллагааны хоёрдугаар ээлжинд Чарли баазад харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа хоёрдугаар сарын 18-ны өдөр, өглөөний 07 цагийн орчимд болсон террорист халдлагыг амжилттай зогсоож, эвслийн цэргийн хүчний хэдэн мянган хүний алтан амийг аварсан гавьяаг үнэлж, “Эх орны төлөө” шагналын эздээр тодроод байна.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж