Их Британид цаг агаар хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Их Британид цаг агаар хүндэрчээ

Их Британи даяар цаг агаар огцом хүйтэрч, их хэмжээний мөсөн бүрхүүл үүссэн нь замын аюултай байдлыг үүсгэжээ. Шотландын хойд хэсгээр их хэмжээний цасан шуурга үргэлжилсээр байгаа ба, цагдаа нар иргэдийг болж өгвөл замд гарахгүй байхыг зөвлөж байна. Белфэст, Абердин, Норвихын нисэх буудлуудын нислэгүүд саатаж, зарим галт тэрэгний үйлчилгээ тасалдаад байна.

Бямба гаригт Английн төв болон өмнөд хэсэг, Уэльсийн нутгуудаар 25 см хүртэл цас орох төлөвтэй байна гэж цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулжээ. Энэ байдал Зул сарын баярын үеэр улам хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд Их Британи дотоодыг дулаанаар хангах түлшний хомсдолд орж болзошгүй байгааг Эрчим хүчний яамны сайд Чарльз Хендри мэдэгдлээ.

Шотланд улс цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд маш сайн бэлтгэлтэй байсан, зорчих замуудыг нээлттэй байлгах арга хэмжээг бололцооныхоо хэрээр авч байгаа гэж тус улсын Тээврийн яамны сайд Кэйт Браун хэлсэн ч иргэдийн мэдээлж байгаагаар зам бүхэлдээ мөстөж, 5км замыг бүтэн дөрвөн цагийн турш туулж, очих газраа хүрч байгаа тухай мэдээлжээ.  Их Британи улсын агаарын тээвэр, зам, сургуулиуд хаагдаж, улмаар шуудан, илгээмжүүд Зул сарын баяраас өмнө эзэндээ хүрч чадахгүй болоод байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж