“Монгол Улсын цалин хөлсний чиг хандлага ба бодлогын шинжилгээ” сэдэвт гурван талт уулзалт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан уг уулзалтад Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон МҮЭ-ийн холбооны төлөөллөөс гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээч Санхеон Ли урилгаар оролцсон юм. Зөвлөлдөх уулзалтын үеэр Үндэсний статистикийн хорооноос жилд нэг удаа явуулдаг “Цалингийн түүвэр судалгаа” болон цалингийн бүтцийн туршилтын судалгааны дүнг хэлэлцлээ. Цалингийн түүвэр судалгаанд нийт 5000 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан байна. Өнөөдрийн байдлаар манайханд цалингийн талаар нэгдсэн ойлголт тогтоогүй бөгөөд зэрэг, дэв, албан тушаалын нэмэгдэл, хоол унаа, түлш, дулааны олговор, шагнал урамшууллыг багтаан ойлгож заншаагүй байдал нийтлэг ажиглагджээ. Зөвхөн үндсэн цалингаар бүхнийг төлөөлүүлэн ойлгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн цалингийн дундаж улсын хэмжээнд 230,5 мянган төгрөгт хүрчээ. Харин энэ үзүүлэлт Улаанбаатар хотод 246,2 мянган төгрөг, төвийн бүсийн аймгуудад 234,5 мянган төгрөг, зүүн бүсэд 211,7 мянган төгрөг, Хангайн бүсэд 213,6 мянган төгрөг, баруун бүсэд 215,9 мянган төгрөг байгаа ажээ. Цалингийн дундаж бүс нутгаар харилцан адилгүй төдийгүй хүйсийн хувьд ч ялгаатай байгаа нь судалгаанаас харагджээ. Одоогийн байдлаар эрчүүдийн хувьд үндсэн цалингийн дундаж 242,6 мянган төгрөг бол эмэгтэйчүүдийнх 219,3 мянган төгрөг ажээ.
Д.Цэцэн