Гурван сая ам.долларын тусламж олголоо

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Гурван сая ам.долларын тусламж олголоо

Манай улсын нэн ядуу, орон гэргүй 130 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрхийн бичгийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Азийн хөгжлийн банк, Япон улсын ядуурлыг бууруулах сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатга­лын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх уг төслийн нээлт өчигдөр Эрүүл мэндийн яаманд болсон юм. Төслийн хүрээнд дээр дурьдсан байгууллагуудаас гурван сая ам.долларын буцалт­гүй тусламж олгосон аж. Эрхийн бичгийн төслийн хөтөлбөр үе шаттайгаар хэрэг­жинэ хэмээн зохион байгуу­лагчид нь мэдээлсэн.  Эхний үе шат нь Улаанбаатар хотод өчигд­­рөөс эхэлсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр улирлыг дуус­тал Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Ховд, нийслэлийн Сонги­но­хайрхан дүүргийн ядуу өрхүү­дийг хөтөлбөрт хамруулах юм байна. Харин 2011 ондоо баг­таан үлдсэн найман дүүрэг, 17 аймгийн ядуу өрхийн гишүүдийг эрхийн бичгийн хам­руу­ла­хаар төлөвлөж байгаа ажээ. Эрүүл мэндийн яамнаас энэ­хүү хөтөлбөрийг 2012 оны эцэсы хүртэл үргэлжилнэ хэмээн тооцож байгаа юм билээ.  Энэ хуга­цаанд нэн ядуу, орон гэргүй, эмзэг бүлгийн иргэд эм, тариа үнэгүй авч, амбулаторийн үзлэг, оншилгоонд үнэ төлбөргүй хамрагдана эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломжтой болно. Нэг ёсондоо эмнэлгийн хоёр дахь шатлалын үйлчилгээнд хамраг­даж чаддаггүй байсан иргэд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүртэнэ. Иргэдэд эм, тариаг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 357 эмийн сангаар дамжуулж олгоно. Харин эмнэлгийн тусламж, оношилгооны үйлчилгээг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүд болон оношлогоо, эмчилгээний төвийн 46 эмнэлэг гүйцэтгэх аж. Улаанбаатар хотын орон гэргүй иргэдийн үйлчилгээг “Энэрэл” эмнэ­лэг гүйцэтгэхээр болсон байна. Нийслэлд орон гэргүй 1000 орчим хүн байдаг бөгөөд тэд­нийг хоноглох байр, хоолоор хан­гах ажил хөтөлбөрт багтаж бай­гаа.  Одоогийн байдлаар энэ үйлчилгээг таван цэг дээр төвлө­рүүлж байгаа бөгөөд нэг цэг дээр шөнөдөө 80 орчим хүн ирдэг ажээ.  
Эрүүл мэндийн сайд С.Ламбаагаас энэ үеэр зарим зүйлийг тодрууллаа.  

-Хөтөлбөр үргэлжлэх хугацаанд гурван сая ам.доллар хүрэлцэх болов уу?

-Монгол Улсын Засгийн газ­рын хөтөлбөрт эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрхийн бичгээр олгоно гэсэн зорилт бий. Төслийг аймаг, орон нутгийн удирдлагуудаар дамжуулж хэрэг­жүү­лэх юм. Азийн хөгжлийн банк, Япон улсын ядуурлыг буу­руулах сангаас буцалтгүй туслам­жаар өгсөн мөнгийг дуусан­гуут Монгол Улсын Засгийн газар улсын төсвөөс хөрөнгө гаргаж үргэлжлүүлэх юм.

-Эрхийн бичгийн хөтөлбөр нь “Хүний хөгжил сан”-гийн санхүүжилтээс тусдаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Огт хамаагүй.

-Монгол Улсын нийт хүн амын тал хувь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр хөтөлбөрт хамруулах 130 мянган хүнийг хэрхэн сонгосон юм бэ?

-Энэ 130 мянган хүнийг харьяа дүүрэг, хорооноос нь орон гэргүй, ядуу гэдгийг нь  тодорхойлчихсон хүмүүс. Орон нутгийн анхан шатны засаг захиргааны нэгжээс нь тодорхойлсон байгаа.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж