Өрөвдөх сэтгэлгүй өмгөөлөгчид үү

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Өрөвдөх сэтгэлгүй өмгөөлөгчид үү

Цуу ярианд үнэний хувь бий гэдэг үнэн аж. Ялангуяа хуулийн дор амьдрахаас аргагүй одоо үед энэ салбарынхантай холбоотой хов жив хаа сайгүй таарна. Үнэн эсэхийг нь мэ­дэх­гүй байж л прокурорууд шиг мөнгөжсөн хүмүүс хаа бай­на гээд л хэн хүнгүй буу хал­на. Таксинд суугаад хоёр ки­лометр газар явахад л замын цаг­даатай холбоотой “но” нэ­гээс хоёрыг жолоочийн амнаас сонсч болно. Хоёр авгай гу­дамжинд таараад таван үг со­лихдоо хүртэл яаж ийгээд хуу­лийнхны ууж идсэн тухай сэдэв эхлүүлчихнэ. “ Тэр дүүр­гийн нэг шүүгч хүүхэн манай хамаатны хэргийг аргалж өг­нө гээд Японоос оруулж ир­сэн машиных нь нэгийг ав­сан байгаа юм даа” гээд л. Иймэрхүү дэл сул яриа бишгүй олон. Харин өмгөөлөгч нартай холбоотой нь харьцангуй бага сонсогддог байв. Яахав,сайн өмгөөлөгч, чадваргүй амь­тан гэх мэт ангилал бол тэдэн дунд байдаг. Зөвхөн өмгөөллийн хөлс өндөр байна гэсэн шүүмжлэл хүмүүсийн дунд нийтлэг. Хаа очиж, тэр өмгөөлөгч үйлч­лүү­лэгчээсээ мөнгө нэх­жээ гэ­сэн яриа ч, баримт ч гарч бай­сангүй. Шүүх, цагдаа, про­курор, цаашилбал хил, гаа­лийнхан     бол тэртээ тэргүй ярих юм ихтэй. Гэтэл саяхан Хууль зүй, дотоод хэргийн сайд “өмгөөлөгч нарын хуншгүй зан хэрээс хэтэрлээ” гэсэн мэдэгдлээр өөрийн хариуцсан салбарын ганц гайгүй хэсгийг харлуулав. Яасан гэхээр, өнөөдөр Монголд насны хязгааргүй ажилладаг хүн гэвэл өмгөөлөгч нар л байдаг гэнэ. Дал, наятай өвөө, эмээ нар өмгөөллийн эрхгүй хэр нь “Энэ лут хуульч” гэсэн амнаас ам дамжсан домог ша­хуу нэр хүндээрээ далайлгаад л  хэд хэдэн хавтаст хэрэг су­гавч­лаад залуучуудынхаа аж­лыг булаацалдаж буйг сайд таалсангүй. Хийдгээ хийсэн хүн шиг байх хэрэгтэй гэсэн санаа л даа. Бас бодох л зүйл. Зарим нь бараг хавтаст хэргээ ч уншаагүй байж шүүх хуралд орж үйлчлүүлэгчийнхээ төлөө ганц үг ганхийлгүй мөнгө олж байгаа гэдэг. Тэгэхээр гу­дамжаар тэнүүчилж байсан бас нэг цуу яриаг салбарын сайд нь баталлаа. Гол нь өөрөө мэдэж байгаа юм чинь одоо өмгөөлөгч нартаа хариуцлага тооцоод эхлэх биз. Өмгөөллийн хөлсөө төлж хүчрэхгүй байгаа хоёр хүнд жил бүр үнэгүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх учиртайг ч сануулаасай. Хүн чанараа бодсон ч ганц жилд ядруу хоёрхон хүнд буян болно гэдэг хэцүү ажил биш шүү дээ. Өмөөрөх тийм хэцүү гэж үү. Хүсэхгүй л байгаа хэрэг. Өөрсдийг нь өмөөрөх хүн үлдэхгүй болсон бол тэд яах боë.

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж