Оюутолгойн хувьцааг булаацалдаж, олон улсын арбитрын шүүхэд хандаж, харилцан нэхэмжлэл гаргаж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн зунаас хойш шуугисан. Гэвч эцэст нь талууд тохиролцоонд хүрч, дахин шинэ гэрээ байгуулахаар болсон юм. Өмнө нь жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хөндөж, олон улсад хувьцаа худалдана хэмээн хөөрцөглөж байсан “Айвенхоу Майнз”-ын хувьд шинэ гэрээ ёсоор “Рио Тинто”-гийн зөвшөөрөлгүйгээр компанийнхаа хувьцааг гаргах эрхгүй болжээ. “Рио Тинто”-гийн хувьд “Айвенхоу Майнз”-д эзэмших хувьцаагаа нэмэгдүүлж, 49 хувьд хүргэх эрхээ баталгаажуулсан. Мөн 3.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм. “Айвенхоу Майнз”-ын томоохон хувьцаа эзэмшигч Роберт Фрийдландын хувьд тэрбээр 2012 оны нэгдүгээр сарын 18-наас өмнө “Рио Тинто”-гийн зөвшөөрөлгүйгээр шууд болон шууд бус ямар ч хувьцаагаа худалдах эрхгүй. Үүнд манай Оюутолгой, Казахстаны Алтиналмас алтны төсөл, Австрали дахь “Айвенхоу Австрали”-ийн хувьцаанууд багтах юм. Түүнчлэн “Рио Тинто” өөрийн мэдлийн хувьцаагаа гуравдагч тал руу шилжүүлэх эрхийн талаар ч тодотгосон байна.
Ямартай ч эхний ээлжинд “Айвенхоу Майнз” Оюутолгойн бүтээн байгуулалтад зориулж 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Тус компанийн хувьд ирэх онд нийт 4.5 тэрбум ам.долларын зардал гаргах тооцоо байгаа юм. Түүнийх нь үлэмж хувийг Оюутолгой төслийн бүтээн байгуулалт эзэлж байна. Шинэ гэрээ байгуулснаар “Айвенхоу Майнз” өөрийн давуу талаа алдаж байна гэж зарим шинжээч дүгнэжээ. Энэ талаар “RTT News”-д дурьдсан аж. “Рио Тинто”-д ийн буулт хийсэн явдал нь “Айвенхоу Майнз”-ын хөрөнгө оруулалтад нэмэлт санхүүжилт шаардлагатай болсонтой холбоотой хэмээн гадны ажиглагчид тайлбарлаж байна. “Рио Тинто”-той байгуулсан гэрээний ачаар эхний шатанд 6.5 тэрбум ам.доллар нэмж гаргах боломжтой болсон юм. “Айвенхоу Майнз”-ын ерөнхийлөгч Жон Макен “Ирэх 2012 оны дөрөвдүгээр улирлаас Оюутолгой төсөл үйлдвэрлэлээ эхлүүлнэ. Тиймээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлагатай” гэжээ.
“Рио Тинто” компанийн төлөөлөгчид Лондонд болсон хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр зэсийн олборлолтоо нэмэгдүүлж байгаа тухай онцолсон юм. Ирэх онд тус компанийн зэсийн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, 661 мянган тонн болно. Цаашлаад 2013, 2014 онд Оюутолгой ашиглалтад орсноор улам нэмэгдэж, энэ зах зээлийн гол буюу монополь тоглогчдын нэг болох магадлалтай гэх агуулгатай зүйл ярьжээ.
“Dahlman Rose”-ийн шинжээч Графф энэ талаар “Рио Тинто”-гийн хувьд одоогийн зах зээл дэх бодит үнэлгээтэй харьцуулахад илүү өндөр өртөг бүхий хувьцаа худалдан авч байгаа. Үүгээрээ дамжуулан “Айвенхоу Майнз”-ын томоохон төслүүд дэх бүтээгдэхүүний гарц, худалдаанд нөлөөлөх нь дамжиггүй” гэсэн байна.
Одоогийн байдлаар “Айвенхоу Майнз”-ын хувьцааны 35 хувийг “Рио Тинто”, 18.2 хувийг Р.Фрийдланд эзэмшиж байна. Харин Оюутолгой төслийн 66 хувийг “Айвенхоу Майнз” эзэмшдэг. Тиймээс “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгойн шууд бус хувьцаа эзэмшигч юм.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин