Хундаганы харших чимээнд чих баяссан чамин үдэш

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хундаганы харших чимээнд чих баяссан чамин үдэш


Гуравдугаар сарын 31-нд буюу уржигдар итали дарсны тансаг үдэшлэг боллоо.  
“Ivy” ресторанд болсон уг үдэшлэгийг “Ноён Уул эрдэнэ” ХХК хоёр дахь удаагаа зохион явуулж байгаа нь энэ юм.

Үдэшлэг 2007 оны Marche Moncaro Trebbiano цагаан дарсны амталгаагаар эхлэсэн. Хөнгөн бүтэцтэй, зөөлөн, Verdicchio болон Trebbiano сортын усан үзмээр хийдэг энэ дарсыг гахайн мах, моццарела бяслагтай канаппе, аранчинитай хамт уухад аятайхан зөөлөн, fresh амт мэдрэгдэж байв. Цитрусын төрлийн жимсний сэнгэнэсэн амт, үнэртэй энэ дарсыг апперитивтэй хамт хэрэглэхэд тун тохиромжтой байдаг гэнэ.
Удалгүй үдэшлэг эхэлснийг хөтлөгч албан ёсоор зарлаж, “Ноён Уул эрдэнэ” ХХК-ийн захирал Ц.Түвшинбаяр болон уг арга хэмжээг зохион байгуулсан ETI группын захирал Б.Индраа нарыг зочдын өмнө урьсан. Захирал хатагтай зочдод оройн мэнд дэвшүүлж, талархсанаа илэрхийлсний дараа дарсыг хэрхэн яаж уух тухай болон дарстай холбоотой өөр бусад дотно зөвлөгөөнүүдийг ч хэлж байлаа.
“Хүний хэл дөрвөн амтыг мэдэрдэг юм байна. Хэлний үзүүр хэсэг чихэрлэг, хоёр тал нь давсархаг, хойд хэсэг нь исгэлэн, угийн хэсэг гашуун амтыг амталдаг. Тийм болохоор дарсаа аман дотроо зайлах маягаар уувал хэлний дөрвөн хэсэгт бүгдэд нь хүрч амтлагддаг” гэж хатагтай Ц.Түвшинбаяр өөрийн хамгийн хэлэх дуртай зөвлөгөөгөө ч хэлж байсан юм. Ашигтай мэдээлэл. Туршиж үзлээ. Нээрэн таатай санагдсан шүү.
ДБЭТ-ын “Voice” поп опера хамтлаг алдарт “Травиата” дуурийн “Хундаганы дуу”-гаар зочдод бэлэг барьсан нь итали дарс шимэн суусан зочдын сэтгэлийг улам илүүтэйгээр хөдөлгөж чадсан.
Зочдод хундагалсан дараагийн дарс Le Rime 2007 BANFI Toscana гэх цагаан дарс байсан юм. Италийн төв хэсгийн Тоскана мужид ургадаг рinot gris болон chardonnay сортын усан үзмүүдээр хийдэг уг дарстай “Ivy” рестораны тогооч Лука Маркизийн бэлтгэсэн нугасны цээж махтай шинэ ногооны салатны амт гайхалтай хоршиж байсан. Энэ дарсыг гэрийн тэжээвэр шувууны махтай хамт хэрэглэх нь тохиромжтой байдаг аж.

Зочдын амталсан дараагийн дарс Brunello Di Montalcino L Acciano 2002 гэх улаан дарс байв. Горгонзола бяслаг болон хушганы сүмсээр амталсан төмс бууцайтай ногоон банш, напел маягийн улаан лоольтой таглиерини гоймон, бөөрөнхий махтай үндсэн хоолны хамт дарсыг шимэн уух тааламжтай мэдрэмж төрүүлсэн.

Үүний дараа итали дарсны дөрвөн ангиллын хамгийн дээд зэрэглэл болох Vino a Denominazione di Origine Controllata e Garantita буюу DOCG-т багтах Marchesi Di Barolo 2004 дарсыг зочдод хундагалав. Сарнай, ванилла, хуурсан самар, халуун ногооны үнэртэй анар жимсний өнгөтэй хүнд бүтэцтэй, өтгөвтөр энэхүү улаан дарсыг ангийн махтай идэхэд хамгийн гайхалтай зохицдог байна. Энэхүү тансаг зэрэглэлийн дарстай гахайн махтай үхрийн гол махан ороомог ч гайхалтай зохоцсон байсан. Италийн алдартай хоолны нэг болон гахайн махтай үхрийн махан ороомгийг дөрвөн цагийн турш чанаж, Barolo дарсаар амталдаг байна.

Зочдын дараагийн амтархан уусан дарс мөн дээд зэрэглэлийн DOCG ангиллын Banfi Cum Laude Sant Antimo улаан дарс байлаа. Энэхүү дээд зэргийн ангиллын тухайд товчхон сонирхуулахад, 1980 онд Италид DOCG гэх супериор зэрэглэлийн дарс анх гарч эхэлжээ. Эхэндээ Denominazione di Origine Controllata e Garantita Brunello di Montalcino, Vino Nobile di Montepulciano, Chianti, Barolo, Barbaresco гэсэн дөнгөж таван нэр төрлийн DOCG дарс гарч байсан гэдэг. Харин одоо Италид DOCG ангиллын нийт 24 дарс байдаг аж. Италийн 20 мужаас нэгдүгээрт Piedmont муж нийт долоон нэр төрлийн DOCG дарс хийдгээрээ хамгийн тансаг зэрэглэлийн дарс үйлдвэрлэдэг бүс нутгийн жагсаалтад тэргүүлдэг байна. Дараа нь Тоскана муж ордог ажээ.
Энэ үдшийн хамгийн сүүлчийн дарс Canti Asti гэх мөн DOCG зэрэглэлийн тансаг оргилуун дарс байв. Пастри сүмстэй алимны бялуугаа оргилуун дарсандаа дүрж идвэл амттай гэж захирал хатагтай зөвлөж байлаа. Италичууд тэгж иддэг аж.

Хундаганы харших чимээ, хүүхнүүдийн инээд хөөртэй чамин тансаг үдэш энд хүрээд өндөрлөсөн. Олон сайхан дарс амталж, дарсны талаар илүү ихийг мэдээд гэртээ харьлаа. Гоё үдэш байсан шүү. Хундаганы жингэнэх чамин чимээнд чих баясаж, итали дарсны тансаг амтанд хэл дөрвөн мэдэрхүйгээрээ ажилласан гоё үдэш байлаа.

Мэдэхэд илүүдэхгүй!
Дээр дурдсанчлан итали дарсыг дөрвөн категорит ангилдаг.

Үүнд:

  •  Vino Da Tavola
  •  Vino a Indicazione Geografica (IGT)
  •  Vino a Denominazione di Origine Controllata (DOC)
  •  Vino a Denominazione di Origine Controllata e Garantita (DOCG) тус, тус болно.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж