
Энэ талаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж, борлуулалтын албаны дарга Б.Цогтнарангаас тодрууллаа.
-Япон улсаас манай улсад тусламжийн будаа өгсөн. Энэ будааг хаагуур, хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?
-Япон улс манай улсын цагаан будааны дийлэнх хэрэгцээг хангаж байдаг. Манай улс тус улстай 2008 онд энэ талаар гэрээ байгуулж байсан. Энэ хүрээнд Япон улсаас манай улсад КР-1 төслийн шугамаар хямд үнэтэй цагаан будаа нийлүүлсэн. Яг тусламж бол биш л дээ. Нийт 9.6 мянган тонн будааг Япон улсаас хүлээлгэж өгсөн. Одоо будааг “Материал импекс” компанийн агуулахад хадгалж байгаа юм.Тариалан эрхлэлтийг дэмжих сан борлуулах компаниудыг сонгон шалгаруулж байна. Борлуулж эхлээгүй байгаа.
-Борлуулах компаниудад ямар шалгуур тавьж байгаа юм бэ. Цааш нь дамлачихгүй байгаа?
-Яамны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас үндэсний томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулах шийдвэр гаргасан. Бид үүний дагуу зах зээл дээр дамласан үнэ байлгахгүй гэсэн зорилгоор сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ хийж байгаа. Сүлжээ дэлгүүрүүд зөвхөн жижиглэнгээр борлуулах юм.
-Хэдэн төгрөгөөр борлуулах вэ. Худалдаанд гарч эхлэхээр цагаан будааны зах зээлийн үнэ буурах уу?
-Будааг нэг килограммыг нь 1100 төгрөгөөр борлуулахаар болсон. Зах зээлийн үнэ буурна. Зарим дэлгүүрүүд тусламжийн будаа худалдаанд гарах гэж байгаа сургаар үнээ буулгаж эхэлсэн байна лээ.
-Худалдаанд яг хэзээнээс гарах бол. Бас борлуулсан мөнгийг хаана хуримтлуулах юм бэ?
-Ирэх долоо хоногоос худалдаалж эхлэх байх. Япон улсаас цагаан будаа тодорхой өртөгтэй орж ирсэн. Буцалтгүй тусламж биш. Тэгэхээр бид цагаан будааг худалдаад Японы КР-1 төсөлд заасан өртгийг бүрдүүлнэ. Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас шийдвэр гаргаад тээврийн зардлыг оруулаад л зарж байгаа. Бараг л орж ирсэн үнээр нь борлуулж байгаа гэсэн үг.
Т.УРАНГЭРЭЛ

"Улс төрийн тойм" сонин