Ванкуверын өвлийн олимпийн наадамд Монголын хоёр тамирчныг дасгалжуулан оролцсон, Цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Доржтой Ванкувер хотод ажиллаж буй “Таван цагариг” сонины эрхлэгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар ярилцсаныг хүргэж байна.
-Олимпийн наадамд та бүгдийн бэлтгэл сургуулилт хэрхэн хангагдав? Хэд хоногт хэдэн км зам туулаад байв?
-Шигшээ багийг 2008 оны зургадугаар сард байгуулсан юм. Түүнээс хойш 18 сарын хугацаанд бэлтгэлтэй байлаа. Сүүлийн нэг жилийн дотор дотооддоо 182, гадаадад 60 хоног бэлтгэл сургуулилт хийсэн. Ингэж хийхэд БТСГ, МҮОХ, Цанын холбоо маш их анхаарал тавьсан. Бидэнд чөлөөтэй өдөр байгаагүй, хангалттай бэлтгэл хийсэн. Нийт 240 хоногт 54 сая төгрөгийг зарцуулсан байна. Дээрх гурван байгууллагаас 39, 7, 8 сая төгрөгийг өгсөн байгаа. Ингээд 9200 км зам туулжээ. Урьд нь хэзээ ч ийм хол зам явж байгаагүй, их өндөр тоо. Далаад онд бид 8000 км-т лхүргэж байсан. Харин тамирчид маань миний бодсон хэмжээнд хүрч оролцож чадсангүй. Цагийн зөрүү, бороо ус зэрэг шалтгаан байлаа. Бурууг бусдад өгч байгаа юм биш. Гэхдээ яахав, хувийн амжилтаа хэн хэн нь ахиулсан. Нэг юм хэлэхэд өвлийн спортыг тахалж яваа нь зөвхөн цана. Үүнийг төр засгаас анхаарч дэмжих хэрэгтэй байна. Биднийг Туринаас ирэхэд юу ч үгүй болгочихсон, тэгээд л хоёр жил шахам ямар ч эзэнгүй явж билээ. БТСГ-аас шигшээ багийг тасалдуулахгүй, цаашид аваад явдаг байгаасай гэж боддог.
2008 онд бид зургаа, 2009 онд 11 уралдаанд оролцсон. Тэгэхэд Бразилийн цаначид биднээс олон тэмцээнд оролцоод, хамаагүй өндөр оноотой болчихож. Тэд дөрвөн жилийн өмнөөс Финландтай гэрээ хийж тэндхийн дасгалжуулагчийг авсан. Өнөөдөр Монгол шиг гадаадад бэлтгэл хийдэггүй, гадаад дасгалжуулагчгүй орон алга. Цанын гүйлтээр 59 орон энэ олимпод орж байна. Сүүлийн байрт орсон Португал улсын цаначид бас л хойд нутгийнхантай найман жилийн гэрээ байгуулсан тул удахгүй биднээс илүүтэй гараад ирэх нь. Тэгээд энэ талаар бодолцоод бид Финландын цанын холбоонд хэд хэдэн санал тавьсан. Тэднийд цанын сургуультай, тэндээ зун ч гэсэн тунелийн доогуурх 2,5 км-ийн замдаа бэлтгэл хийдэг их боломжийн газар бий. Финландад нэгд, Боловсон хүчнээ бэлтгэе. Сайн тамирчинг сайн багш төрүүлдэг. Хэл устай, цанад дуртай, FIS-тэй холбоо бүхий хүнийг сургах ёстой юм билээ. Хоёрт, Манайд мэргэжлийн сайн дасгалжуулагч өгөөч. Богино хугацаагаар гэвэл болох л юм билээ. Хугацааг уртасгахад харин цалин мөнгөний асуудал гарч байгаа, финүүд энэ талаар эргэж ярья гэсэн. Гуравт, Зун манайд бэлтгэл хийх нөхцөл байхгүй тул тэр газарт нь очиж бэлтгэл сургуулилт хийе гэж. Тэднийхээс бусад оронд ч тийм бааз бий л дээ. Гэхдээ Финланд нь FIS (Олон улсын цанын холбоо)-тэй хамтарч ажилладаг нь манайд боломж олгож байна. Үүн шигээ Герман, Норвег, Шведийн цанын холбооныхонтой уулзлаа. FIS-ийн гүйлтийн цана хариуцсан захирал Ж.Каполтой уулзах гэж байна. Энэ бүхнийг хийж байгаа гол хүн нь спорт мэддэг, манай багийн ахлагч Л.Халтар дарга. Бас Олимпийн хорооны П.Тунгалаг. Тэд нартаа их баярлаж байна. Эндээс бид их олзтой буцаж байна гэж бодож байгаа.
-“Ванкувер-2010” олимпийн уралдааны өмнөх судалгаа хэр байв? Зам орчинтойгоо хэр танилцав? Цана, хэрэглэл, тос нээд олон зүйл бий дээ…
-Замтайгаа маш сайн танилцсан. Үнэхээр хүнд зам байна. Словенийн олимпийн аварга Петра Майдич бэлтгэлийн явцад замын хажуу руу унаад гэмтчихлээ. Зургаан хавирга нь хугарсан гэнэ. Алтан медаль авчихаар хүн юм сан.
Бид замд их анхаарал хандуулж, хаана болгоомжтой явах вэ гэдэг дээр ажилласан. Олон хоногийн өмнө ирсэн болохоор үүнийг эртхэн мэдэж авлаа. Цана, хэрэглэлийн хувьд энэ удаа үнэхээр хангалттай байлаа. БТСГ-аас “Фишер”-ийн цана, “Саломон” гутал, бас таяг шинээр авч өгсөн. МҮОХ бүх төрлийн хувцас, “Говь” компани нэрийн бүтээгдэхүүнээрээ хангалаа. Тосны хувьд бололцооны хэрээр зохицуулж байв. Өөрсдөө шалгаж хийсэн. Мөн Финландын алдартай “Старс” фирмийн хүмүүсээр цанаа тослуулсан. Тосон дээр алдаа гаргаагүй. Гагцхүү өөрсдөө л уралдаанд болсонгүй. Саяхны ОХУ, Австрид уралдсан шигээ амжилтад хүрч чадсангүй ээ. Тамирчдын хувьд био ритмийн уналтын үе таарлаа.
-Үүнийг урьдчилж хараад зохицуулж болоогүй юу?
-Уул нь мэдэж арга хэмжээ авсан ч үр дүнд хүрсэнгүй.
-Цаг агаарын байдал нөлөөлөөгүй юү?
-Тэр өдөр цаг агаар их сайхан байсан. Өмнөх хэдэн хоногт яанаа гэмээр байлаа. Хэд хоног бороо орохоор цас нь норж, суларчихсан байв. Тэгээд эхний 20 гаруй хүн явахад гайгүй байснаа сүүл рүүгээ зөөлөрч суларсан цасанд шигдээд эхэлсэн. Цанад аваргууд эрхээ эдэлнэ гэж юм бий. Турины олимпоор тэд эрхээ эдлэн хойноос гарч байсан бол энэ удаа эхэлж явна гэсэн. Өөрсдөдөө аль ашигтайг сонгодог. Сая уулын цанын тэмцээн дээр ч олон хүн нойтон цасны шалтгаанаар унаж гэмтлээ. Энэ бол тун сүрхий шалтгаан.
-Монгол оронд цаныг хөгжүүлэхийн тулд давын өмнө юу хийх хэрэгтэй вэ? Таны хувийн бодлыг сонсоё.
-Дотооддоо хийх ажил их байна. Цаныг олноор оруулж ирмээр байна. Гулгая гэсэн хүүхдүүд их байгаа ч цана нь хүрэлцээ муутай. Ноднин манай холбооноос санаачлан 200 цана авчирч тараахад нэг аймагт 7 ширхэг л оногдсон. Цанаар хангахгүй бол цаначдын тоо буураад байна. Нийслэл хотоос нэг ч цаначингүй болчихлоо. Ер нь энэ спорт төрийн мэдэлд байх хэрэгтэй. Өөрсдөө таван төгрөг олоход хэцүү газарт хэрхэн цаашаа явах вэ гэдэг хэцүү байна. Өнөөдрийн олимпод зүйрлэж хэлвэл Монголын цаначид шиг эхээс заяасан унаган байдлаараа уралдаж байгаа хүн алга. Эм витамин, юу хэрэгтэй бүхнийг тэд хэрэглэж байна. Швейцарийн шигшээгийн эмчийн өрөөнд орж үзлээ, тэр чигээрээ дүүрэн эм. Өнөөгийн тамирчдын хоол унд нь эм болчихсон байна. Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн санаачилсан бэлдмэлүүд л бидэнд хэрэг болж байна. Манай улс олимпийн аваргатай болчихоор нь манайх овоо байна даа гэтэл диспансер, шинжлэх ухааны хувьд яагаа ч үгүй юм байна.
-Ойрын үед цанын хамт олон ямар ажил хийх вэ?
-Гуравдугаар сарын 5-7-нд өсвөр үеийн УАШТ Хандгайтад болно. Дараагийн долоо хоногт нь насанд хүрэгчдийн УАШТ-тэй. Хөдөөгийнхөн зардал мөнгөний бэрхшээлийг байнга эдэлж явдаг тул манай холбоо орон нутгаас ирэх тамирчдын зургаан хоногийн байр хоолны зардлыг нь хариуцдаг. Өсвөрийн УАШТ-д ирсэн зарим хлах насныхан нь томчуултай өрсөлдөх боломжтой. Өсвөр үеийнхний УАШТ-ээс Хүүхдийн олимпод оролцох эрхийн тэмцээнд сонгож оролцуулна. Манайд авьяаслаг сайн хүүхдүүд бий. Монголын цанын холбооны энэ улирлын тэмцээн дээрх хоёроор дуусна.
Харин ирэх онд гурван том тэмцээнтэй. Азийн өвлийн спортын наадам Казахстаны Алматыд, Дэлхийн оюутны универсиад Туркт, ДАШТ Норвегийн Ослод болно. Мөн Хүүхдийн олимпийн эрхийн тэмцээн бий. Эдгээрт оролцох бодолтой байна.
-Сургалт дасгалжуулалт дээр юуг анхаарах вэ?
-Анхаарах зүйл их байна. Ялангуяа тэших техникийг. Сонгомол техникээр илүү гаршсан, тэшихийг мэдэхгүй хөдөөний тамирчин, багш их байна. Үүн дээр багш нараа сургахад анхаарна. Зуны сургалт дээр үүнд анхаарал тавих хэрэгтэй. Тэмцээнд оролцдог 19 байгууллагаасаа хүүхдүүд авчирч тэших техникийг заана. Тэгээд багш нар нь түүнийг дагаад хийвэл үр дүнтэй болов уу. Олон жил Доржийн толгойгоор явлаа. Одоо гадны багш авчирч арай өөр түвшинд гармаар байна. 54 сая төгрөг бол их мөнгө биш. Жүдогийнхон 21 хоногийн бэлтгэл хийхэд л тийм мөнгийг үрдэг юм билээ. Биднийг оны заагаар Европоор цуврал тэмцээнд явахад 22 сая төгрөг өгснөөр guest house авч зулаад, өөрсдөө хоолоо хийж хэмнэснээр үр дүнтэй зарцууллаа гэж боддог. Тэгтэл бидэнтэй адилхан таван хүнтэй тэшүүрийн багт 50, тус бүр гурван хүнтэй уулын цана, шорт-трекийн багт 30,30 саяыг өгсөн юм билээ. Тансаг сэтгэхүйгээр үзсэн тэр хүмүүс олимпийн эрх авч дийлээгүй дээ.
-Энд уралдсан хоёроосоо арай залуухан, амжилтаар үл ялиг дутуухан залуусаа олимпод уралдуулж болоогүй юу? Ирээдүйгээ бодоод…
-Адилхан дөрвүүлээ эрх биелүүлсэн. Гэхдээ FIS аль илүү амжилттайг нь оруулна гээд дүрмэндээ оруулчихсан байдаг. Миний гол бодол бол дөрвүүлэнг нь олимпийн нормативд хүргэе, олимпод уралдуулчихья гэж бодож байсан. Тэгэхгүй юм билээ, яг л ном журмаараа шийдсэн. Нөгөө зам чинь бэрхшээлтэй, унаж байгаа гэдгээр нь олимпийн эрхийг хүнд өгөөд байгаа юм. Улст биш.
-Хоёр тамирчин тань цана, таягаа “өлгөнө” гээд байгаа талаар юу хэлэх вэ?
-Үүнийг хувь хүний асуудал гэж бодож байгаа. Өөрсдийн ажил амьдралыг гаргуунд хаян, ар гэрээ орхиод олон хоног явдаг. Э.Очирсүрэн бол Төмөр замд данстай, одоо яг мэргэжлээрээ ажиллах нөхцөл бүрдэж байгаа. Ийм шалтгаанаар тэгж хэлсэн байх. Гэхдээ цанын үйл хэрэгтээ оролцоно гэж найддаг. Х.Хаш-Эрдэнэ “Алдар” спорт хорооны дасгалжуулагч хүн. Тамирчдаа бэлдэе гэсэн бодолтойгоор тэгж хэлсэн байх. Дасгалжуулагч хийгээд өөрөө уралдах хэцүү. Үүнийг би биеэрээ мэднэ. 1973-1986 онд шигшээгийн тамирчин, 1986 оноос хойш шигшээ багт дасгалжуулагчаар явж ирлээ. Харин Хашаа энд ирчихээд, тэр тусмаа уралдсаныхаа дараа 2011 оны Азийн наадамд уралдахаар ярих болсон. Тэгээсэй. Хэн хэнийг нь эргээд уралдаасай гэж боддог. Цанад нас ахиж,бяр тэнхээ суугаад харин ч сайн уралдах тал бий.
-Сүүлийн хэдэн олимпийг харж байхад манайхны оролцоогоо дүгнэн сүүлд нь хэлэх шалтгаан, тайлбар нь төстэй байж ирлээ. “Сочи-2014”-д энэ байдал давтагдахгүй гэх найдлага байна уу?
-Төр засаг анхааралдаа авч, гаднаас мэргэжилтэн дасгалжуулагч авчирч чадвал давтагдахгүй байх. Бодлого бий болгож, анхаарахгүй бол Дорж хэдэн тамирчин дагуулж яваад өөрчлөлт оруулах асуудал үгүй. Тэгэхгүй бол тэр байдал давтагдана.
БТСГ, МҮОХ хамтарч ажиллаад бэлтгэл сургуулилтыг дөрвөн жилийн турш хийвэл үр дүн гарч л таарна. Дөрвөн жилийн өмнө Турины олимпоос очиход БТСУХ зуны спортын төрлүүдээ анхаарна гээд биднийг хаячихсан. Дахиад битгий тэгээсэй гэж хүсч байна. Манай цанын спортод жилдээ 50 саяыг төсөвлөдөг байхад л бид дажгүй зохицуулаад явчихна. Зарцуулалтаа төр засгийн байгууллага хянаад л, уул нь боломжтой л зүйл.
Цанад ганцхан багшийн нэмэр ёстой бага болжээ. Өдий олон жил ганцаараа бүх юмыг хийж ирлээ, энд тэнд нь гарч гүйгээд. Бусад багт дасгалжуулагч нь тосоо хийнэ гэсэн ойлголт үгүй. Өөр өөрийн үүрэгтэй олон хүний дэмжлэгээр цаначин нь амжилт үзүүлдэг билээ. Эцэст нь хэлэхэд энэ удаа маш олон монгол хүмүүс газар газраас ирж бидэнд тусалж дэмжлээ. Ийм зүйлийг урьд нь хараагүй шүү. Энэ нь уралдаж байгаа тамирчдад маань ч аятайхан сэтгэгдэл үлдээсэн байна лээ.
Б.Цагаанбаатар. Ванкувер хот./2010.02.25/