
Олон улсын хөрөнгийн биржид IPO хийх хүсэлтэй уул уурхайн бизнес эрхлэгчдэд зориулсан “Ашигт малтмалын ордын нөөцийн үнэлгээ, олон улсын стандарт” нэртэй семинар өчигдөр боллоо. Тус семинарт Ашигт малтмалын газрынхан, уул уурхайн компанийн захирлууд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсад нэр хүндтэй компанийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул Монголын уул уурхайн салбарын хэтийн төлөвлөгөөг энэ үеэр танилцуулсан нь анхаарал татаж байлаа. Уул уурхайн компаниудыг хөрөнгө оруулагчидтай зуучлах үүрэг гүйцэтгэдэг олон улсад нэр хүнд бүхий тус компани Монголын компаниудыг зорин ирсэн шалтгаан нь тун энгийн. Хариулт нь “Родман энд Рэншоу” хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Ж.Жамул өөрөө Монгол хүн байсанд оршино. Тэрбээр “Олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн компаниудын төслийг танилцуулахад хэзээ ч нүүр улайж байгаагүй. Гэхдээ Монголд дэд бүтэц, эрх зүйн орчин байхгүй учир хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэдэг тал бий. Харин Монгол Улс өсөн нэмэгдэж байгаа эдийн засагтай гүрнүүдийн бүсэд оршиж байгаа нь хөрөнгө оруулагчдыг татах нэг шалтгаан юм” хэмээсэн. Тус компанийн судалгаагаар Монголын уул уурхайн компаниудын ашиг цаашид ч өсөх төлөв ажиглагджээ. Учир нь БНХАУ, Энэтхэг, Ази, Номхон далайн орнуудын уул уурхайн бүтээгдэхүүний хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа. Тухайлбал, БНХАУ ирэх жилүүдэд дэд бүтцийнхээ хөгжлийг төв болон баруун нутгууддаа төвлөрүүлэх нь Монголд ашигтай юм. Төлөвлөгөөнийхөө дагуу Хятад улс 34 мянган километр төмөр замыг нутгийнхаа төв хэсгээр барихаар болсон аж. Энэ нь дэд бүтэц хөгжөөгүй Монгол Улсад томоохон түлхэц болох бөгөөд үүнтэй уялдуулан төмөр зам барих нь ашигтай гэдгийг ч онцолж байлаа. Ойрын хоёр жил Хятадын нүүрсний хэрэглээ 200 сая тоннд хүрэх судалгааны дүн гарчээ. Үүнийг дагаад нүүрсний үнэ ч өсөх төлөвтэй байгаа аж. Америк тив нүүрсний хамгийн их нөөцтэй боловч ойрын хугацаанд Ази, Номхон далайн орнуудын нүүрсний хэрэглээ өндөр түвшинд гарах учир америкийн нүүрсийг Ази руу оруулах гэж нэлээн өртөг шаардагдах аж. Энэ нь ч нүүрсний үнийг өсгөх талтай юм байна. Мөн уул уурхайн бусад бүтээгдэхүүний үнэ ч өсөх хандлага ажиглагдаж байгаа нь Монголын эдийн засгийг гэрэл гэгээтэй ирээдүй рүү хөтлөх алхам болно гэсэн судалгааг тус компанийнхан хийжээ.
Семинарын үеэр Монголын уул уурхайн компаниуд олон улсын хөрөнгийн биржид гарч, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх хамгийн энгийн арга нь олон улсад мөрддөг стандартын дагуу ажиллах явдал гэдгийг “Рүнгэ” компанийн ахлах геологич Боб Денис онцолсон юм. Канадаас гаралтай “Жорк”, Австралиас гаралтай “NI 43-101” стандартыг энэ үеэр танилцуулсан. “Энержи ресурс” компани Хонконгийн хөрөнгийн биржид гарахдаа ч “Жорк” стандартыг мөрдөж ажилласан юм байна.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин