“21 АВЛИГАЧ”-ИЙН ҮЛГЭРТ Ч.АМАРБАТ ЗОЛИОС БОЛСООР
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга Ч.Сангарагчаа нэгэн хэлэлцүүлэгт “Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдвал манай УИХ-д сонирхлын зөрчилдөө автан, асуудлыг эвгүй шийддэг явдал цэгцрэх ёстой” гэж ярьж байсан. Түүний хэлснээс үзэхэд Сонирхлын зөрчлийн тухай хуулийг батлаагүй учраас л өдий хүртэл Монголын төр ичгэвтэр байдалтай явж иржээ. Учир нь АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэх төдийхөн асуудалтай УИХ хагас жил зууралдлаа. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо гурван сар халгаж байгаад “Ил санал хураахаар заначихаж мэднэ” гэх утгатай тайлбар тавиад хуулиа зөрчин нууц санал хураасан. Гишүүд нууцаар санал хураахыг илүүд үзсэн нь өнөөх сонирхлын зөрчлийг харуулсан хэрэг. Бүр Ч.Сангарагчаа дарга Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр “Шалга” гэж шамдуулж байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэж гишүүд зүтгээд байсан нь учиртай. Яг тэр үеэр “Ч.Сангарагчаагийн атгасан 21 авлигач” гэх хэлц үг шиг яриа гарсан. Тэр нь УИХ-д 21 авлигач байгаа. Түүнийг Ч.Сангарагчаа дэлгэж магадгүй учраас гишүүд харцаар нь хөдөлж байна гэсэн утгатай яриа. Түүнээс хойш УИХ байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэхгүй байгаа нь дээрх яриаг ортой гэсэн хардлагыг төрүүлж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы хоёр долоо хоногийн өмнөх хуваарьт АТГ-ын дарга нарын талаарх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэх тов гарсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Түүнээс хойш дахиад сураг алдарчихав.
Харин өнгөрсөн хугацаанд АТГ хэмээх байгууллагад нэгийгээ тагнаж чагнасан, барьж хорьсон, арга хэмжээ авсан гээд янз бүрийн үйл явдал боллоо. Тэр бүгд дээр дурдсан 21 авлигачтай холбоотой байж магадгүйг нэгэн хуульч мэдээлсэн юм. Түүний хэлснээр авлигчдын хөзрийн тамга Ч.Сангарагчаад байгаа. Тийм учраас засаг баригчид түүний гарт байгаа. Харин Э.Амарбат мэдэх ёсгүйгээс мэддэгийн балагаар хохирч яваа. Энэ гурвалжинд Ө.Алтангадас, С.Ганчимэг нар татагдан орсноор сайн дурын хохирогч болсон аж.
ТӨРИЙН МӨНГӨ ТҮНЖИН ХАГАЛАВ
Ч.Сангарагчаад Мөрдөн шалгах хэлтсийнх нь дарга Э.Амарбат шиг сайн ажилтан байгаагүй. Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэгийг татаж чангаасан гэх дуулиантай зэрэгцэн Э.Амарбатыг огцруулах жагсаал болж байв. Тэр үед Ч.Сангарагчаа түүнийг цээжээрээ хамгаалж “Э.Амарбат хэл аманд өртөх хүн биш. Ажилдаа хариуцлагатай, туршлагатай хуульч” гэж магтаж байсан. Гэтэл дарга, цэргийн түнжинг төрийн мөнгө хагалжээ. Учир нь “АТГ-ын дарга төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан” гэх мэдээлэл Улсын ерөнхий прокурорт очсон үеэс Ч.Сангарагчаа Э.Амарбатаар оролдож эхэлсэн байна. Э.Амарбат АТГ-т ажиллахаасаа өмнө Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, Мөрдөн байцаах албанд дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс хуучин ажил руугаа хов зөөсөн байж магад гэж хардаж эхэлжээ. Э.Амарбат бол АТГ-ын гол албаны дарга. Тус байгууллагад шалгуулсан авлигачдад холбогдох хавтаст хэрэг түүний ширээгээр дамждаг. Тиймээс ч Монголд авлигад хэн, хэрхэн холбогдсон зэрэг бүх мэдээлэл Э.Амарбатад байгаа. Нэгэнт нууцын эзэн Э.Амарбат өөрийнх нь талаар хов зөөсөн бол хөзрөө дэлгэж магад гэж хардсан хэрэг. Иймээс Ч.Сангарагчаа Э.Амарбатыг найз Ж.Батсайхантай нь хамт тагнаж байгаад Тагнуулын ерөнхий газарт баригдсан билээ. Бүр дээр дурдсан 21 авлигачаа ч тагнасан гэх яриа бий.
Ингэж мөрдлөг ил болмогц Ч.Сангарагчаа “Э.Амарбатыг хэлтсийн даргаас чөлөөлж мөрдөн байцаагч болгосугай” гэж тушаасан. Өөрийнх нь хэлснээр шударга хуульч ажлын ноцтой алдаа гаргасан байхад яагаад ажлаас нь халсангүй вэ. Бас түүнтэй хамт тагнасан Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайханд яагаад хариуцлага тооцсонгүй вэ. Ж.Батсайхан дарга хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах, сургалт зохион байгуулах гол үүрэгтэй. Тиймээс тэр бас гол обьект мөн. Харин эх сурвалжийн хэлснээр Э.Амарбат жирийн иргэн болвол бүр ч аюултай аж. Дэлхийн од болоод байгаа Ж.Ассанж шиг аяглаж мэднэ. Хэрвээ Э.Амарбат “ассанжидвал” Ч.Сангарагчаа авлигачидтайгаа сүйрнэ. Тиймээс өөрийнхөө ойр байлгаж “торгоох” аргыг АТГ-ын дарга сонгожээ. АТГ тусгай байгууллага. Даргын зөвшөөрөлгүй хэн ч мэдээлэл гаргах эрхгүй. Тиймээс Ч.Сангарагчаа мөрдөн байцаагчаасаа эмээх шаардлагагүй болжээ. Гэхдээ Э.Амарбат АТГ-т тайван ажиллах нөхцөлгүй байгаа аж. Арга ядахдаа эмнэлгийн чөлөө авч сар гаруй зугатжээ. Түүнээс хойш Э.Амарбатыг Ховд, Баян-Өлгий зэрэг алслагдсан аймаг руу шалгалт хийлгэхээр цөлдөг болсон аж.
С.ГАНЧИМЭГ ХОХИРОГЧ БОЛСНОО МЭДЭВ
Э.Амарбат даргадаа адлагдаж эхлэх үед өмгөөлөгч С.Ганчимэг гэнэт “Хүчинд автсан хохирлоо барагдуулна” гэж дахин гомдоллож эхлэв. Мөрдөн байцаагчид Э.Амарбатын буруутайг нотлоогүй ч “хүчиндсэн, хүчиндээгүй” гэх хэрэг шүүхэд хүрсэн. Харин С.Ганчимэг өстөн болсон Э.Амарбатдаа “Би хохирогч болчихлоо. Ядаж хоёулаа эвлэрье” гэж мессеж бичсэнийг эх сурвалж мэдээлсэн. Тэгэхээр бүсгүйг Э.Амарбатын эсрэг ашиглаж хохироожээ.
АТГ-ыг тойрсон маргааны бас нэг хохирогч нь Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадас. Тэрбээр даргынхаа тушааснаар ажилтнуудын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулсан гэх үндэслэлээр “Ганц худаг”-т хоригдож, яллагдагч болсон. Яллагдагч болсноор тагнасан хэргийн буруутан болох магадлалтай. Ийм байдлаар авлигатай тэмцэгч даргыг хүрээлсэн авлигач, хохирогчдын тоо өссөөр байгаа бололтой.
Ч.САНГАРАГЧААГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХГҮЙ БОЛ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ГЭЖ ЯРИАД ХЭРЭГГҮЙ
Тухайн үед 21 авлигачийн тухай яриа гарахад цөөнгүй улстөрч АТГ-ын танил талаасаа “Миний нэр байна уу” гэж асуусан гэх хошин яриа хуулийнхны дунд өрнөсөн. Дараа нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн тасгийн дарга Н.Батзогсох “21 авлигач гэж байхгүй. Тайвшир” гэж мэдэгдсэн билээ. Үнэхээр л УИХ-д 21 авлигач байхгүй бол Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын эрхийг түдгэлзүүлэхээс гишүүд юундаа айгаад байгаа юм бэ. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн том жишээ. Гэтэл гишүүд “Сонирхлын зөрчлийн тухай хууль батлах учиртай” гэж хоосон номлох хэрэг байна уу. Эрхэм гишүүд сонирхлын зөрчлөөсөө татгалзаагүй байж бусдыг уриалах нь инээдтэй биз дээ. Тиймээс Ч.Сангарагчааг түдгэлзүүлэхгүй бол сонирхлын зөрчил яриад хэрэггүй гэж хуульчид зөвлөснийг дамжуулъя.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин