Төсвийн алдагдлаа нөхөн эсэхийг европын хямрал шийднэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлаа нөхөн эсэхийг европын хямрал шийднэ

Томчуудын хямрал мань мэтийн “багачуул”-д нэг их доргилт өгдөггүй байсан. Гэвч уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай болж байгаа өнөө үед байдал өөрчлөгдөх бололтой.

Дэлхийн зах зээл дээр сүүлийн үед юу болж байгаа вэ. Европын банкууд хямарч байна. АНУ-аас үүдэлтэй дэлхийн санхүүгийн хямрал 2008 онд эхлэх үеэс Евро бүсийн банкууд тогтворгүй болж эхэлсэн. Тухайн үед Ангела Меркел тэргүүтэй бүс нутгийн удирдагчид Засгийн газруудыг санхүүгийн байгууллагууддаа баталгаа гаргахыг шаардаж байжээ. Гэвч өнөөдөр Европын банкуудын чанаргүй зээл хэрээс хэтэрч, эхнээсээ асар том алдагдал хүлээх болсон нь Засгийн газрын баталгаанд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг ганхуулж байна. Үүнээс болж тэд банкинд хадгалуулахаар өгсөн мөнгөө эргүүлэн татаж эхэлжээ. Эргэлтийн хөрөнгөгүй болсон Евро бүсийн банкууд бусад санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээ төлж чадахаа болилоо. Ингэснээр зээл олгосон санхүүгийн байгууллагууд нь ч хүнд байдалд орж байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн Испанийн банкуудын хувьцаа л гэхэд 28 хувиар буурчээ. Үүнээс гадна АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөний тэлэх бодлогын тухай дурьдахгүй орхиж болохгүй. Тэд экспортлогчдоо дэмжих зорилгоор зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтээ нэмсэн нь ам.долларыг үнэгүйдүүлж байна. Ам.долларын бусад голлох валютын сагстай харьцах ханш нь сүүлийн үед нэлээд хувиар буурсан юм. Энэ бүхэн нь хөрөнгө оруулагчдыг сандаргаж, цаашлаад олон улсын түүхий эдийн зах зээлд нөлөөлж байна. Тухайлбал, ам.доллараар худалдаа нь хийгддэг гэдэг утгаараа газрын тосны зах зээлд нэлээд хэлбэлзэл ажиглагдах болсон. Цаашлаад алт, зэс, нүүрсний тухай ч яригдах юм. Хамгийн сүүлд л гэхэд уржигдар Европ, АНУ-ын санхүүгийн зохицуулагчид хуралдаж байгаагаас хамаараад Торонто, Хонконгийн хөрөнгийн бирж дээрх түүхий эдийн хувьцаануудын ханш буурчээ.

Энэ бүхэн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Газрын тосны тухай эхлээд авч үзье. Өөрс­дийн гэсэн нөөцтэй, үлдсэнийг нь Ойрхи Дорнодоос татчихдаг АНУ-ын зах зээл дэх үнийн хэлбэлзэл манай жижигхэн эдийн засагт бараг нөлөөлөхгүй нь ойлгомжтой юм. Оросын “Роснефть”-ийн хувьд хэдийгээр худалдаагаа ам.доллараар хийдэг боловч хэтэрхий жижигхэн зах зээлтэй гэдэг утгаараа Монгол руу нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнэ, тарифыг нэг их бууруулах сонирхолгүй байдаг. Гэсэн хэдий ч хилийн үнэд бага зэргийн хэлбэлзэл ажиглагддаг. Үүнийг нь зохицуулж, хэрэглэгчдийн гар дээр жижиглэнгээр очих үнэ тарифт өөрчлөлт оруулахгүйн тулд Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүнүүдэд онцгой татвар ногдуулдаг билээ. Сүүлийн үед ам.доллар төгрөгийн эсрэг эрчимтэй суларч байгаа. Өнгөрсөн 12 сарын хугацаанд төгрөгийн ханш 20 гаруй хувиар чангарсан. Цаашид ч энэ төлөв байдал үргэлжилнэ гэдгийг шинжээчид нотолж байна. Тиймээс импортын бараа, тэр дундаа иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их нөлөөлдөг газрын тосны бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүй байгаа нь хачирхалтай. Өдийг хүртэлх хугацаанд “Роснефть”-ээс манайд нийлүүлж байгаа бүтээгдэхүүний хилийн үнээс хамаарч, онцгой татварт өөрчлөлт оруулж байсан. Гэтэл ам.долларын хурдтай уналтад ямар ч реакц үзүүлсэнгүй.

Төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарахад АНУ-ын мөнгөний тэлэх бодлого нөлөөлж байгаа тухай дээр дурьдсан. Үүнээс гадна уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт идэвхжиж буйтай зэрэгцэн манайх руу чиглэсэн гадаад валютын урсгал ихэсч байгаатай ч холбоотой юм.

Өмнө нь 2008 онд болсон санхүү, эдийн засгийн хямрал Монголд шууд нөлөөлж байсангүй. Тухайн үед Өмнөд Солонгос, Японы хөрөнгө оруулалт буурч, зэсийн үнэ олон улсад унаснаас төсвийн алдагдал ихэссэн гэх зэрэг нөлөө байсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л энэ бол дам нөлөө. Үүний нэг гол шалтгаан нь манай хувьцааны зах зээл болон улсын төсөв гадны хөрөнгө оруулалтаас хэт хамааралтай бай­гаагүйтэй холбоотой. Гэтэл ирэх оноос байдал өөрчлөгдөж байх шиг. Гадны хөрөнгө оруулалт эрчимжиж, ам.доллараар гүйлгээгээ хийх гэрээнүүд байгуулагдах болсон. Ам.доллар унаж байгаа үед тэдгээр урт хугацааны гэрээ нь манай талд ашиг багатай байж болох юм.

Түүнчлэн улсын төсвийг хэт их тэлсэн тухай энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Ирэх оны төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэх алдагдалтай баталсан. Тэрхүү алдагдлаа ашигт малмталын орд газрууд дахь хөрөнгө оруулалт, түүнд зориулж оруулж ирэх техникүүдийн НӨАТ, татвар зэргээр нөхөх болно. Уг нь төсөв томорно гэдэг эдийн засаг хөгжиж байгаагийн нэг илрэл. Гэхдээ энэ нь монголчуудын ажлын бүтээмжтэй холбогдсонгүй. Зөвхөн уул уурхайн компаниуд, түүхий эд, ашигт малтмалын олон улсын зах зээл дэх үнийн хэлбэлзлээс шууд хамааралтай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон улсын биржүүд дэх үнийн савалгаа манайх руу чиглэх гадны хөрөнгө оруулалтад нөлөөлнө. Гэхдээ түүхий эд үнэд ороод байгаа энэ үед хөрөнгө оруулалт буурахгүй гэдэгт найдаж болох юм. Харин үнэ өртгийн тухай л бодох хэрэгтэй. Төгрөг ам.долларын эсрэг чангарч байгаа нь манайхаас экспортоор гарах бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг сулруулна.

Тухайн улс орны дотоод валют чангарснаар импортын бараа бүтээгдэхүүний өртөг буурдаг эн­гийн дүрэм бий. Гэвч манайд энэ энгийн дүрэм биелэх нь юу л бол. Импортын үнэ буурахгүй байгаагийн шалтгааныг Засгийн газрын үр ашиггүй зардалтай холбон тайлбарлаж болно. Ирэх оны төсвийн зардлын гуравны нэг орчим хувь нь нийгмийн халамж хэлбэрээр өгөх улс төрийн амлалтын хэрэгжилтэд зарцуулагдана гэдгийг зарим шин­жээч тооцжээ. Энэ нь өргөн хэ­рэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурахгүй гэдгийг баталж байна. Гэхдээ төгрөг ам.долларын эсрэг чангарч байгаагийн ачаар ядаж л үнийн огцом өсөлт гарахгүй юм.

Энэ бүхнээс гадна олон улсын хөрөнгө оруулагчид Европ, АНУ-ын хямралаас болоод цаасан валютад итгэх итгэл нь суларч, харин оронд нь алт худалдаж авах нь ихэссэн. Үүнээс болж алтны үнэ нэг унци нь хэдийнэ 1400 ам.доллараас давж, өмнө нь хэзээ ч хүрч байгаагүй шинэ дээд амжилт тогтоогоод байгаа. Цаашид ч үнэ нь өснө гэдгийг шинжээчид нотолж байна. Тиймээс манай ирэх оны төсвийн цоорхойг нөхөх нэг гол зүйл нь алт болж таарах нь.

Нэг үгээр хэлэхэд Европ хямарна, биржүүд донсолно. Энэ нь манай Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөж чадах үгүйг шийднэ. Нөхөж чадвал сайн хэрэг. Хэрэв үгүй бол татвараа нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг зузаатгана гэсэн үг. Энэ ч сайны дохио биш шүү.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж