Бөхчүүдийг гоёдог бүсгүйчүүд

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийг гоёдог бүсгүйчүүд

Эрийн хийморийг шингээсэн бөхчүүдийг Монгол эр хүний төгс төгөлдрийн илэрхийлэл гэж үзэх нь бий. Харин тэдний арыг дааж яваа бүсгүйчүүдийг бөх сонирхогч олон төдийлөн сайн мэддэггүй. Танд бөхчүүдийн арыг дааж бас бүдүүн хадуун гэгддэг тэднийг гоёж, залж явдаг бүсгүйчүүдийг танилцуулж байна.
Заан Мягмарсүрэнгийн гэргий Алтанцэцэг
Эдийн засагч мэргэжилтэй Увс нутгийн бүсгүй зааны цайг чанах болсон билээ. Тэднийх гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн айл.

Дархан аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамир

Эмч мэргэжилтэй энэ бүсгүй ханийгаа том цолтой бөх болсон хойно нь
хожуу гэрлэжээ. Аварга ханьтайгаа суух гэж багагүй ур ухаан, хичээл
зүтгэл гаргасан аж. Ёстой л нөгөө эр хүний 13 мэхээ гаргасан гэдэг.
Тамир хатагтай таван сайхан хүүхэд төрүүлж өгсөн бөгөөд өдгөө тэдний
бага хүү М.Даваажаргал нь Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга болон
дээд зиндаанд 10 дахь түрүүгээ аваад байгаа билээ.

Далай аварга Г.Өсөхбаярын гэргий Б.Нарантуяа
Өсөхөө аварга 1997 онд гэргий Б.Нарантуяатайгаа хуримын ордонд гэрлэж
удалгүй үрийн зулай үнэрлэсэн. Эмч мэргэжилтэй энэ бүсгүй наадмын хоёр
дахь өдөр л талбай дээр ирсэн харагддаг. Олон дасгалжуулагч бөхчүүдийн
эхнэр дундаас энд тэнд хоол ундыг нь байнга зөөж явдаг халамжтай хэмээн
ярьдаг юм билээ.

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн гэргий Б.Болормаа
Их аварга Б.Бат-Эрдэний гэргий Б.Болормаа нь волейболын олон улсын
мастер. Өөрөө спортын хүн болоод ч тэрүү их энгийн даруу хувцаслаж буурь
заах шиг санагддаг. Хаа очиж тэрээр нөхрийнхөө барилдаан бүрийг шимтэн
үзэж үргэлж хамт яваа харагддаг. Ер нь түүнийг олон таван үггүй
аргагүй л их аварга хүний эхнэр байхаар заяагдсан намбалаг жинхэнэ
монгол бүсгүй гэж хүмүүс ам сайтай байдаг. Болормаа ч өөрөө Барамсай
зааны охин болохоор бөхийн ёс жудаг сайн сахидаг гэж бөхчүүд ярьдаг юм
билээ. Тэднийх гурван охинтой бөгөөд охид нь гандболл болон усан
спортоор хичээллэдэг.

Гарьд Ц.Цэрэнпунцагийн гэргий Б.Ойгонжаргал
Зааны гэргий Отгонжаргал Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн. Аав
ээж хоёр нь төрсөн нутгийнхаа шүтлэгт нуур болох Ойгон нуурын нэрийг
оролцуулан охиндоо энэ нэрийг хайрласан аж. Ойгон бүсгүй Цэрэнпунцаг
заантай 1989 онд ТИС-ийн 1-р курст байхдаа танилцаж, гэр бүл
болцгоосон. Өдгөө эднийх гурван хүүхэдтэй. Ойгоны хамаатны ах Батсайхан
нь дүүдээ "Бөхийн гэргий" хэмээх дуу зохиож, МУГЖ С.Батсүхээр дуулуулан
олны хүртээл болгосон түүхтэй. Заан гэргийтэйгээ нэг нутгийнх.

Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг
Увс аймгийн Баруунтуруун нутгийн уугуул зааны гэргий Одонтунгалаг
хуульч мэргэжилтэй. Увс аймгийн уугуул энэ бүсгүйн удамд алдартай сайн
бөхчүүд бий. Баянмөнх аваргын гэргий Дэжимбээтэй эгч дүүгийн хүүхэд
болохоор тэр үү бөхчүүдтэй нэлээд ойр дотно холбоотой. Тэднийх одоогоор
хоёр охинтой. Харин зааны дүү Д.Норжмаа нь үндэсний сурын улсын мэргэн.
Заан ах нь түүнд сурын спортод ороход нь анхных нь нум сумыг авч өгсөн
түүхтэй.

Далай даян аварга А.Сүхбатын гэргий О Б.Баясгалан
Англи хэлний багш мэргэжилтэй Баясаа бүсгүйгээр бахархах зүйл олон.
Тэрээр аваргын охин, хүчит аваргын халамжит хань гээд л… Гэхдээ тэр
энэ бүхнээ гайхуулах дургүй. Энэ нь түүний ичимтгий монгол бүсгүйн зан
чанартай холбоотой буй за.

Д.Мөнх-Эрдэнэ арслангийн гэргий С.Дэлгэрмаа
Өндөр нуруу монголжуу төрхтэй болохоор нь Дэлгэрмаа бүсгүйг хүмүүс
миссийн тэмцээнд орж байсан гэж ярьдаг. Гэхдээ тэрээр ямар ч миссийн
тэмцээнд орж байгаагүй. Үнэндээ тэрээр сайхан бүсгүй, сайн халамжтай
хань. Хааяадаа арслангийн бенз машиныг жолоодон хотын төвөөр салхи
татуулан явдаг тэрээр МУИС-ийн эдийн засгийн ангийг эдийн засагч
мэргэжлээр төгссөн чамбай нэгэн.

Гарьд И.Доржсамбуугийн гэргий Д.Адилбиш
Доржсамбуу гарьдын эхнэрийг Д.Адилбиш гэх бөгөөд УБИС-ийн газар зүйн
ангийг багш мэргэжлээр төгссөн. Тэрээр гарьдтай нэг нутгийнх бөгөөд
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын уугуул. Тэд 1996 онд гэрлэсэн бөгөөд
одоо нэг охинтой. Адилаагийн аав ээж нутагтаа хүндлэгдсэн малын эмч
мэргэжилтэй хүмүүс байдаг.

Аварга Д.Сумьябазарын гэргий Ч.Мичидмаа
Аварга Д.Сумьяабазарын гэргий Чуваамэдийн Мичидмаа бусад бөхчүүдийн
эхнэрүүдийг бодвол харьцангуй олны танил. Учир нь тэрээр Монголын
тэргүүн миссийн өргөмжлөлтэй. Өвөрхангай аймгийн уугуул бүсгүйн аав
Чуваамэд нь Монголын хамгийн нэртэй сийлбэрчин. Аварга гэргийтэйгээ нэг
нутаг усны бөгөөд тэднийх хоёр хүүхэдтэй.

О.Одгэрэл зааны гэргий Ш.Одонтуяа
Увс аймгийн Хяргас сумын уугуул залуу заан АХ-ын 80 жилийн ойгоор улсын
заан цолны болзол хангасан. Түүний гэргийг Ш.Одонтуяа гэх бөгөөд
УАДБ-чуулгад бүжигчин. Тэд 1991 онд Дорноговь аймагт танилцсан бөгөөд
1996 онд хуримаа хийсэн.

Дархан аварга Д.Цэрэнтогтохын гэргий отгон
Аваргын гэргий эмч мэргэжилтэй ч ямар ч оёдолчинг дагуулахааргүй уран
эмэгтэй. Манай нэртэй бөхчүүд болон улс төрчид наадмын гоёлоо оёулдаг.
Наадам дөхөхөөр дээлний захиалгад дарагддаг нь түүний хэр уран болохыг
илтгэдэг. Нэгэн зүйлийг сонирхуулахад Цээеэ аварга том охиноо төрөхөд нь
эх барьж авсан гэдэг.

Үргэлжлэлийн энд дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж