Оросууд Ерөнхий сайдад үүдээ нээв

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Оросууд Ерөнхий сайдад үүдээ нээв

Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчилж байна. Айлчлалын үр дүнг илэрхийлэхүйц чухал мэдээлэл энэ өдрүүдэд хэвлэлийн зай талбайг эзэлж байна. Ерөнхийлөгчийн маань ОХУ-д хийх ёстой байсан хуваарьт айлчлалыг тодорхой бус шалтгаанаар хойшлуулсан тус улсын төр энэ удаад Ерөнхий сайд С.Батболдод нээлттэй ярилцах боломжийг олгов. Тэр ч бүү хэл тодорхой нэгэн дарамт, шахалт ч үзүүлсэнгүй. “Дорнод уран”-ы ордыг эрх мэдэлдээ авахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалыг цуцалж, “Монголын уранд бид хаанчлах ёстой” гэсэн хатуу болзлынхоо биелэлтийг Ерөнхий сайд С.Батболдоос нэхэж байсан нь саяхан. Тодруулбал, энэ оны гуравдугаар сард тэд ийн дарамталсан гэдэг.

Улмаар Ерөнхий сайд асан С.Баярын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон “Дорнод уран” компанийг байгуулах ажлыг түр­гэвчилж, уг компанийн 50 хувийг шууд Орост өгөх ёстой гэсэн саналаа ч өнгөрсөн хугацаанд Цөмийн энергийн газарт удаа дараа тулгасан нь бий. Нэг ёсны тэдний эл санал нь Цөмийн энергийн тухай хуулийн үндсэн заалт болох ураны ордын 51-ээс дээш хувийг төр эзэмшинэ гэсэн заалтыг “Орос хүссэн учраас зөрчиж болно” гэсэн зарчмаар хүчгүйдүүлж байсан юм.

Харин энэ удаад тэд хоёр орны хамтарсан “Дорнод уран” компанийг байгуулахдаа гуравдагч хөрөнгө оруулагчийг идэвхтэй оролцуулна гэдэг тохиролцоонд хүрсэн байна. Энэ бол зөвхөн Канадын “Хан ресурс” компани ч бус Оросын талаас санал болгож буй Японы хөрөнгө оруулагчид төдийгүй бусад улстай ч Монголын ураны талбарт найрсгаар хамтарч ажиллана гэсэн амлалтын нэг баталгаа болгож өгөв. Ингэснээр энэ удаагийн айлчлалын хамгийн том үр дүн нь Оросын тал ураны талбарт Монголын хууль эрх зүйн зарчмыг хүлээн зөвшөөрч, гадаад ертөнцөд нээлттэй тендер зарлах боломжтой болсон гэж ойлгож болох биз.

Наад зах нь Канадын хөрөнгө оруулагчийн зүгээс “Бид Монголын хуулийг хүлээн зөвшөөрч, тэр хүрээнд үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн. Харин Оросын тал л манай хувийг өөрсдийн мэдэлд авахын тулд зөвхөн Цөмийн энергийн газарт бус Засгийн газарт ч шахалт үзүүлж байх шиг байна. Тэр шахалтаас нь үүдээд Монголын төр биднийг дарамталж, хууль бусаар бидний эзэмшилд байсан лицензийг хурааж авсан” гэх утга бүхий тайлбар хийж байснаа энэ цаг үеэр тасалбар болгож болох юм.

Үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргагч бус билгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэх ёстой Ерөнхийлөгчөөс татгалзан гүйцэтгэх засаглалыг гартаа атгаж буй С.Батболдыг урих бол­сон хойд хөршийн дараагийн шалт­гаан бол их өр. 2003 оны сүүлчээр он солигдохтой зэ­рэгцэн “Их өр тэглэгдлээ” гэсэн Ерөн­хийлөгч асан Н.Энхбаярын мэдэгдэл монголчуудыг баярлуулах шиг баярлуулсан. Гэвч Халх голын ялал­тын баярт оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев баярын шампанск буудуулахтай зэрэгцүүлэн “Их өрийн үлдэгдлийг яаралтай шийдээрэй” гэсэн ан­хааруулга өгсөн нь хачирхалтай гэмээр үйл явдал болсон. Үүнээс хойш Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Их өр тэглэгдсэн” гэдэг ганц хариулт хэлж эхэлсэн бол Сангийн яамнаас “Баримт бичгийг нь нарийвчлан шалгаж байж хариулт өгнө” гэсэн өгүүлбэрээр бодит тайлбарыг аргацаасан. Тэдний тайлбараас үзвэл баримт бичгийн зөрүүтэй мэдээллийг цэгцэлчихвэл л их өр тэглэгдсэн гэдгийг баталж болох нь гэдэг ойлголт олон нийтэд төрсөн. Гэсэн ч бодит байдал дээр тухайн үеийн Засгийн газраас эмхэлж хэвлүүлсэн “Их өрийн тухай” номонд ч “Монголросцветмет”-ийн өрийг дахин ярилцахаар үлдээсэн гэдгийг ил тодоор мэдээлсэн байдаг. Тэгсэн атлаа “Үлдэгдэл байхгүй” гэж мэлзсэн төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд энэ удаад “Монгол Улс өргүй болов” гэсэн мэдэгдлийг дахин хийж эхлэв.

Уг нь шууд тэгж дүгнэхэд хараахан эрт байгаа гэдгийг Ерөнхий сайдын айлчлалын тухай албан ёсны мэдээлэл та бидэнд нотлох аж. Хэрэв Монголын Засгийн газар их өрийн үлдэгдэл болох 3.8 сая ам.долларыг шууд нэг удаагийн гүйлгээгээр төлбөл дараагийн ээлжинд эдийн засагт бодит өсөлт өгөхүйц зээлийн хэлэлцээрийг хийх боломжтой гэдгийг Оросын тал мэдэгдсэн. Сангийн сайд С.Баярцогтын тухайд “Ирэх оны нэгдүгээр улиралд багтааж 3.8 сая ам.долларын үлдэгдэл өрийг Орос руу шилжүүлэх боломжтой” гэдэг тайлбарыг хэвлэлд өгч. Иймд бид тэр үед л жинхэнэ утгаар нь “Их өр тэглэгдэв”, “Монгол Улс өргүй болов” гэсэн мэдээллийг цацах эрхтэй болох нь. Энэ бол Ерөнхий сайд С.Батболдын айлчлалын үр дүн. Мэдээж Сангийн сайд хэлсэн ёсоороо хэрэгжүүлбэл шүү дээ.

Түүнчлэн Монгол-Оросын ху­дал­даа эдийн засгийн хамтын ажил­­лагааг 2011-2015 онд хөг­жүүлэх хөтөлбөрийг эхлүүлж, “Мон­гол­росцветмет” болон “Эрдэнэт үйлд­вэр” ХХК-ийн үр ашгийг дээшлүүлэх то­хиролцоонд хүрсэн байгаа. Манай талаас Ерөнхий сайдын айлчлалын үеэр болсон дээрх хоёр хамтарсан үйлдвэрийн удирдлагыг солино гэдэг мессеж нисгэж байсан ч тэрхүү таамаг талаар болов. Анхнаасаа Засгийн газрын түвшинд удирдлагыг нь өөрчлөх сонирхол байхгүй байхад нь дээрх сэдвийг бяцхан улс төр болгож дэгдээснийг Ерөнхий сайдын айлчлал та бидэнд нотоллоо.

Айлчлалын үеэр тавигдсан гэ­нэтийн гэмээр нэг сюрприз бол Оросын тал “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санд 125 сая ам.доллар оруулах Монголын Засгийн газрын саналыг эргэлт буцалтгүй хүлээж авсан явдал байв. Үүнийг сюрприз хэмээн онцлохын учир нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд Оросын тал Улаанбаатар төмөр замд өөрсдийн зүгээс хөрөнгө оруулалт хийгээгүйн дээр Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг ч замынх нь дун­даас буцаалгасан юм. Мөн хоёр улсын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компанийн үйл ажиллагааг эрчимжүүлж, Алс Дорнодын боом­туудаар дамжин тээвэрлэх тээврийн тарифыг хөнгөлөх боломжтой гэдэг дээр тохиролцож чадсан байна. 

Гол нь энэ бүхний эцэст ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “тохирлоо” хэмээн монголоор хэлсэн нь өдгөө дэлхий нийтийн шинэ содон сэдэв боллоо. Тэрбээр цаг үргэлж өөрийн орны эрх ашгийг хамгаалахын тулд олон улсын талбарт хатуу байр суурь илэрхийлэгч байж ирсэн бол энэ удаад Ерөнхий сайд С.Батболдын айлчлалыг монгол баталгаатайгаар, найзархаг харилцаатай үдэх нь тодорхой болов.

Магадгүй Ерөнхийлөгчтэй бус Ерөнхий сайдтай ярилцахыг хүссэн Оросын сонирхол энэ удаад ийн манай талд бодит үр дүнгээ өгсөн байж болох. Цаашид С.Баярын айлчлал шиг цаасанд баталсан том үр дүн нь цагаа ирэхээр замхраад өнгөрсөнтэй адил зүйл л болохгүй бол энэ удаад С.Батболд Орос, Монголын харилцаанд шинэ хуудсыг жинхэнэ утгаар нь нээж чадлаа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж