Олон улсын семинар болох тухай мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Олон улсын семинар болох тухай мэдээллээ

Дээд боловсролыг шинэчлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яамны ивээл дор Олон улсын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн семинар дөрөвдүгээр сарын 6-7-ны хооронд “Чингис” зочид буудал болно гэж өнөөдөр МХХ-ийн хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Олон улсын магадлан итгэмжлэлийн семинарыг Америкийн Бизнесийн Сургууль, Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоо, Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл, Санхүү Эдийн Засгийн Дээд сургууль хамтран их, дээд сургуулийн удирдлагуудад зориулан зохион байгуулж байгаа ажээ. Семинарын үндсэн зорилго нь манай дээд боловсролын стандартыг Олон улсын стандартад хэрхэн яаж хүргэх, дотоодын сургуулиудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөж магадлан итгэмжлүүлэх зэрэг дээд боловсролын чанарын тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд оршиж байгаа юм. Мөн ХБНГУ, ОХУ, БНСУ, БНКазУ, БНКыргиз Улсын их, дээд сургуулийн төлөөлөгчид оролцож, олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол, стандарт шалгуурууд, туршлагаасаа хуваалцан Монголын дээд боловсролын чанарыг дээшлүүлэх асуудлыг дэвшүүлнэ.

    Дашрамд дуулгахад Олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол нь сургууль, хөтөлбөр нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, нэр хүнд нь дээшлэх, төгсөгч нар нь гадаад улс оронд мэргэжлээрээ ажиллах боломж бүрдэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө тасралтгүй хөгжих боломж бүрдэж, сургалтын чанар сайжрах, мөн сургалтын таатай орчин бүрдэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар дээшлэх, бусад улс орны их, дээд сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, сургууль, хөтөлбөрийн орлого бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлж, хандив тусламж авахад оршдог байна.

    Монгол улсад дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх чиг үүргийг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөл хариуцан гүйцэтгэдэг. Энэхүү зөвлөл нь 1997 онд Засгийн газрын шийдвэрээр байгуулагджээ. Өнөөдрийн байдлаар 87 их, дээд сургууль, 29 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд байгаа билээ. Семинарын үеэр Америкийн Бизнесийн сургууль, Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбооноос СЭЗДС-д Олон улсын магадлан итгэмжлэлийн нэр дэвшигчийн сертификатыг гардуулан өгч, Олон улсын магадлан итгэмжлэлийн эхний шалгуурыг ханган, гишүүнээр элссэнийг нь албан ёсоор зарлах юм. 

Б.БАТЖАРГАЛ   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж