Бага босго тавибал дэндүү олон нам парламентад орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Бага босго тавибал дэндүү олон нам парламентад орж ирнэ

УИХ-аар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн ч ахиц муутай байгаа юм. Иймд энэ төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас тодрууллаа.

-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх  асуудал юу болж байна вэ?

-Хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудыг ойлголцож зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож болно. Тухайлбал, Иргэний бүртгэлийн тогтцолцоог төгөлдөржүүлэх асуудал овоо ахицтай байна.Хүн ам, орон сууцны тооллого явагдлаа. Дээр нь бүртгэлийн тогтцолцоог ухаалаг болгох чиглэлээр төсөвт хөрөнгө суулгалаа. Энэ бүхэн иж бүрэн дуусахаар нэг хэсэг нь жигдэрнэ. Одоо санал тоолох процесс л бий. Санал тооллого нь их хардалт дагуулдаг.  Хүний хүчин зүйлээс ангид автоматаар тоолох асуудлыг хуульд тусгаж өгч зохицуулж байна. Мөн шаардлагатай хөрөнгийг шийдэж, төсөвт 24 тэрбум төгрөг суулгасан. Энэ автомат  тооллогыг  цаашдаа ард түмний санал асуулгад ч хэрэглэнэ. Ингээд хоёр том асуудал шийдэж байгаа юм. Гурав, дөрөв дэх асуудал нь тойрог хэсгийн хороон дээр маргаан таслах, хариуцлагын тогтолцоог хуулийн төсөлд нарийн суулгаж өглөө.

-Тэгвэл сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах шийдэл гаргаад байна вэ?

-Одоо сонгуулийн үндсэн тогтолцоогоо яах вэ гэдэг асуудал үлдээд байна.  Энд гурван асуудал байгаа. Нэгдүгээрт,  УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэдэг Үндсэн хуулийн зарчмыг зөрчихгүй байх, хоёрдугаарт,  сонгогчдын санал хаягдахгүй байх, гуравт нь ард түмний төлөөллийг тусгах . Ийм гурван зарчмыг барих ёстой гэсэн байр суурьтай байна.

-Холимог хувилбарыг сонгохоор намын дарга нар гарна гэх юм?

-Ер нь ямар ч хуулийн тогтолцоо байсан намын даргын үүрэг мэдээж байж таарна. Тэр нь Улс төрийн намын тухай хууль, намын дүрэм гэх мэт эрх хэмжээгээр   зохицуулагдаж өгнө. Шаардлагатай бол Улс төрийн намын тухай хуулийг ч боловсронгуй болгож болно.

-Холимог хувилбарыг сонгохоор Үндсэн хуультай зөрчилдөнө гэх? 

-Холимог хувилбараар явахад намууд нэр дэвшүүлсэн ч олон түмэн хүнээ шууд сонгож байгаа учир Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үзэж байгаа.
Гагцхүү ард түмний төлөөллийг хангасан, сонгогчдын санал хаягдахгүй байх тогтолцоо хэрэгтэй. Үүний төлөө явж байна.

-Хуульд 7 хувийн босго тавьж байгаа нь жижиг намууд сонгуульд оролцох бололцоог хааж байна гэсэн шүүмжлэл гарч байна.  Энэ босгыг өөрчилж болох уу?

-Босго хэд байхыг олон намуудын санал,  дэлхий нийтийн жишиг, өөрийн орны онцлогийг харгалзана. Үүнийг буулгах юмуу нэмэх асуудал байхгүй. Цөөн сонгогчидтой манайх шиг оронд хэтэрхий бага босго тавибал дэндүү олон нам парламентад орж ирэх, үүнээс болж эвслийн Засгийн газар байгуулах, тэгээд  тэр нь тогтворгүй, байн байн солигдох, нэгдсэн бодлого гарч чадахгүй байх зэрэг сөрөг тал харагдаж байгаа.

-Энэ хуулийг УИХ-ын намрын чуулганаар баталж амжих уу?

-Төрийн байгуулалтын байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана. Дөрвөн ажлын хэсэг бий. Хагас бүтэн сайнд ажиллана. Ирэх даваа гаригт бүлгийн хурлаар хуулийн төслийг оруулна. Сонгуулийн хуульд улс төрийн шийдвэр гардаг учир Монгол Ардын намын бага хурал, ХХVI  их хурлаас ард түмний төлөөлийг хангасан, санал хаягдахгүй байх, ойлгомжтой байх системийг сонго гэсэн чиг өгсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж