“Larry King Live” сүүлчийн дугаараа цацлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Larry King Live” сүүлчийн дугаараа цацлаа

Өдгөө 76 настай нэрт нэвтрүүлэгч Ларри Кинг 25 жилийн турш CNN телевизийн эфирээр цацагдсан “Larry King Live” нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаарыг өчигдөр орой үзэгчиддээ хүргэлээ. Тэрбээр “Би хувийн амьдралдаа илүү их цаг зарцуулахаар шийдсэн. Миний үдшийн хөтөлбөр телевизийн ертөнцөд 25 жилийн турш хаанчилж байсан гэхэд үгүйсгэх хүн олон гарахгүй байх. Би хийх зүйлээ хийсэн гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Мөн CNN-тэй холбогдсон харилцаагаа “Энэ бол яг л гэрлэлт шиг байсан” гээд “Нэвтрүүлгээ дуусгаж байгаа нь харин салалт биш шүү” хэмээжээ.

Харин CNN энэхүү үйл явдалтай холбогдуулан албан мэдэгдэл хийхдээ “Ларри Кинг бол телевизийн ярилцлагын төгс хэлбэрийг бий болгосон хүн. Түүний ярилцаж буй хүнийхээ дотоод сэтгэл, бодол санааг нь ил гаргадаг ур ухаан нь гайхалтай” хэмээн тодотгосон байна. Ийнхүү “Larry King Live” төгсгөлийн цэгээ тавьлаа.
Ярилцах явцдаа сэдвээ гэнэт өөрчлөн, санаанд оромгүй асуулт тавьдаг нь
түүний дахин давтагдашгүй арга барил бөгөөд энэ үед  ярилцаж буй хүн нь
сандран түгдрэх нь олонтоо. Тухайлбал, домогт Битлз хамтлагийн гишүүн
Пол Маккартнигийн өмнөх эхнэр Хизер Миллстэй ярилцаж байхдаа, түүний
хиймэл хөлийг барьж үзэж болох уу гэж асуухад тэр хиймэл хөлөө тайлан
түүнд өгч байжээ. 
 "Энгийн асуулт гэж ямар асуулт байдгийг би мэдэхгүй. Би зүгээр л
товчхон хариулт авахын тулд товчхон асуулт тавьж, ярилцагчийнхаа байр
байдлыг харзнаж байгаад ярилцлагаа цааш үргэлжлүүлдэг" гэж 77 настай
хөтлөгч ярьсан байна. Үнэндээ бол зочид маань тухайн нэвтрүүлгийн
жинхэнэ “цөм” нь байх ёстой атал одоогийн Олон нийтийн хэвлэл
мэдээллүүдийн хэрэгслүүдийг хараад байхад хөтлөгчид нь зөвхөн өөрсдийгөө
л харуулах гээд байх юм гэж Ларри Кинг хэлээд харин миний хувьд студид
уригдсан бүх хүн үргэлж гол дүрд тоглодог байсан гэжээ. 
 Тэрбээр үргэлж мөрөвч зүүдэг бөгөөд зоогийн газрын нэгэн зөөгчөөс
хамгийн анх удаагаа ярилцлага авч байх үеэрээ санаа авч, өөрийнхөө имиж
болгосон юм. Өөрийн зочдыг хэн болох, алдар хүнд, байр суурь нас
сүүдрийг нь харгалзахгүйгээр тэднийг асуултаар хайр найргүй булдаг
билээ. Түүнийг ухаан хурц, цэмцгэр нэгэн хэмээн үзэж болно.  Ларри
хөтлөгч хийсэн өнгөрсөн он жилүүдэд ерөнхийлөгч, рэп-дуучин, алдартай
жүжигчдийн нууц амраг, амьтан хамгаалагчид гээд янз бүрийн хүмүүстэй
ярилцсан байна. Ричард Никсон, Фрэнк Синатра, Нельсон Мандела, Марлон
Брандо, Пол Маккартни, Михаил Горбачев, Владимир Путин, Колин Пауэлл,
Аль Пачино, Стиви Уандер, Жек Николсон, Марлон Брандо зэрэг 20, 21 зууны
алдартнууд Кингийн шоунд оролцсон юм. 
Ларри өнгөрсөн хугацаанд 7 мянган нэвтрүүлэг хөтөлж, 50 мянган хүнээс
ярилцлага авчээ .
"АНУ-д авьяаслаг, олны анхаарал татсан олон хүн байдаг
хэдий ч хаан нь бол ганцхан /Кинг/ шүү. Хаантан яагаад явах гээд
байгаагийн учрыг би асуумааргүй байна. Гэхдээ тань шиг ийм нэр хүндтэй
өөр нэгэн гарч ирвэл та яах вэ? гэж ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин
түүний сүүлчийн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ларригаас асуухад
алдартай хөтлөгч маань хэсэг зуур бодолхийлснээ,” баярлалаа, би энэ
асуултад хариулж чадахгүй нь” гэжээ.
Ларри Кинг Америкийн телевизийн түүхэнд өөрийн гэсэн хувь нэмрээ
оруулсан бөгөөд үүнийхээ төлөө сая сая долларын урамшуулал авсан юм. 
Мянга мянган шүтэн бишрэгч бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн тэрбээр албан
ёсоор долоон удаа гэрлэжээ. Гэхдээ одоо Ларри амрахыг хүсч байгаа ажээ. 
Тэрбээр CNN сувагтай цаашид хамтран ажиллах бодолтой байгаа
бөгөөд жилд 4 хөтөлбөр бэлтгэхээр төлөвлөж байна. Тэрбээр интернэт-төсөл
дээр ажиллаж ч магадгүй байгаа бөгөөд хүүрнэлт хошин урлагийн
жүжигчнийхээ хувьд Америк орноор аялан тоглолт хийхийг мөрөөддөг
гэжээ.  
Ларри Кингийн сүүлчийн нэвтрүүлэг баасан гарагт Улаанбаатарын цагаар өглөөний 10 цагт телевизээр цацагджээ.
Алдарт хөтлөгч Ларри телевизийн CNN сувгийн хөтөлбөрөө орхисон ч түүний халааг Английн телевизийн нэрт
хөтлөгч Пирс Морган залгамжилж, шинэ оны эхний өдрөөс тус сувгаар "Piers
Morgan Tonight" нэртэй нэвтрүүлэг цацагдаж эхлэх ажээ. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж