Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Жараахайн ангуучид

Нийгмийг бүхэлд нь залгисан авлига
гэгч “акул”-ыг агнах га­зар байгуулсанаа сүр дуулиантай зар­лаад дөрвөн
жилийн нүүрийг үзлээ, Мон­го­лын төр. Гэтэл нөгөөх мундаг газар нь
“акул”-аа барьж чаддаггүй ээ. Харин ч гэм хор багатай жижиг загас,
жараахайтай хөөцөлдөж, хоног өдрийг өнгөрүүлж байна. Нэгэнт л том загас
агнаж чадахгүй юм бол “Авлигатай тэмцэх газар” гэсэн сүржин нэртэй
даржин газарт төсвийн мөнгийг хайр найргүй цацах шаардлага байгаа ч юм
уу, бүү мэд.

Тэдний хаясан торонд акул ор­дог­гүй шалтгааныг асуухаар тавь­сан тор нь
багадаад, барих “акул” нь томдоод байгаа юм гэнэ. Хаа нэгтээ торонд
акул орсон сураг дуулдана. Гэвч төд удалгүй мөнөөх махан идэштэн торыг
нь тасар татаад гараад явчихдаг болохоор монголчуудыг авлигал айл­гасан
хэвээр. Дөрвийн дөрвөн жилд ганц акул  ч барьж чадаагүй энэ газ­рынхан
ичсэн нүүрэндээ барьсан жа­раа­хайнуудаасаа арай торниуныг нь шилж
байгаад акул гэж улайм цайм гү­рий­дэг аргад  гаршиж буй. Жижиг
жа­раахайг акул гэсэн тодотголтойгоор той­рохыг нь зуруулах гээд харъяа
газ­рынх нь удирдлагад явуулна. Уг нь энэ газар тийм эрхгүй.

Гэм буруутанг зөвхөн шүүх тогтооно гээд эцэг хуульд заачихсан. Бүр
тод­руул­бал  Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-т … Гэм
буруутай нь хуу­лийн дагуу шүүхээр нотлогдох хүр­тэл хэнийг ч гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний
гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь хал­даан хэрэглэхийг хориглоно…
гэж заа­сан байдаг. Гэтэл АТГ-ынхан шүү­хийн өмнүүр орж “Авлигын хэрэгт
холбогдсон энэ нөхрийг ажлаас нь хал” гэдэг мэдэгдэл илгээдэг нь
хачир­халтай. Хамгийн эмгэнэлтэй нь АТГ-ын мэдэгдлээр ажилтнуудаа бөөн
бөөнөөр нь халж, өөрөө гэмгүй царайлж хоцор­дог  “Акул”-ууд олширч
байна. Ганц жи­шээ дурдахад ийм мэдэгдлээс бо­лоод Буянт-Ухаагийн Хил
хамгаалах ан­гиас л гэхэд 30 орчим хүн халагджээ.  Аж­лаа­саа халагдсан
хүмүүсийн нэрс цааш ийн үргэлжилнэ.

-Нийслэлийн Захирагчийн ажлын алба­ны Барилга, хот байгуулалт, хө­рөн­гө
оруулалтын газрын ерөнхий ме­не­жер Ө.Сүхбаатарыг Авлигатай тэм­цэх
газраас дөрөвдүгээр сарын 22-ноос шалгаж эхэлсэн. Түүнийг шал­гах­даа
Авлигатай тэмцэх газ­рынхан Нийслэлийн захирагчийн аж­лын албанд удаа
дараа албан би­чиг хүргүүлж, ажлаас нь халах шаар­д­лагыг тавьж байсан
юм. Энэ дагуу Нийслэлийн Барилга, хот бай­гуулалт, төлөвлөлтийн газрын
дарга Н.Нацаг­дорж тушаал гаргаж, Ө.Сүхбаатарыг ерөнхий менежерийн
үүрэгт ажлаас нь өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр чөлөөлжээ.

-Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Хилийн цэргийн 0218
дугаар ангийн сургалт бэлэн байд­лын ахлах ажилтан асан, ахмад
П.Мөнх-Эрдэнэ, заставын даргаар ажил­лаж байсан, одоо Хил хамгаалах
ерөн­хий газарт мэргэжилтэн, хошууч Г.Гал­бадрах, шалгагч офицер, ахлах
дэслэгч Б.Бат­баяр нарыг яллагдагчаар татан шалгасан билээ.

Тэд албан тушаалын байдлаа ур­вуу­л­ан хуурамч бичиг баримт бүхий
ир­гэ­дийг хууль бусаар улсын хил нэвт­рүүлсэн нь тогтоогдсон юм.

-Хилийн 0218 дугаар ангийн захир­гаа­наас албан хаагчдадаа сургалт
зо­хион байгуулж, сахилга, хариуцлагыг дээш­лүүлэх, зөрчил дутагдлыг
давтан гар­гуулахгүй байх үүднээс гарын үс­гээр баталгаа гаргуулсны
зэрэгцээ эрүү­­гийн хэрэгт холбогдон шалгагдсан нэр бүхий хүмүүсийг
албан үүргээс нь түд­гэлзүүлж шийдвэрлэсэн байна.

-Авлигатай тэмцэх газраас Таг­нуу­лын ерөнхий газрын харьяа Тө­рийн
тусгай хамгаалалтын газрын ах­­лах нягтлан бодогч С.Нямхишигт
хариуц­лага тооцуулахаар шийд вэрлэж, Таг­нуу­лын ерөн хий газрын даргын
нэр дээр албан бичиг явуулжээ.

Үүний дагуу С.Нямхишигийг аж лаас нь халсан байна.
Дээрх жишээнүүд бүгд тэдний тог­тоосон гэх зүйл. Уг нь бол шүүх гэм буруутай эсэхийг нь, авлига авсан эсэ­хийг нь тогтоодог.

Гэтэл Авлигатай тэмцэх газар мөр­дөн байцаалтын ажиллагаа явуулсан
хэрэг­тээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190-р зүйлд заасан … Гэмт
хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тог­тоо­могц хэрэг бүртгэгч,
мөрдөн бай­цаагч, прокурор нь зохих хуулийн эт­гээ­дэд тэрхүү шалтгаан,
нөхцөлийг арил­гах арга хэмжээ авахуулахаар мэдэг­дэл бичиж хуулбарыг
хэрэгт нь хавсаргана. … гэсэн заалтын да­гуу мөрдөн байцаагчийн
мэдэгдэл би­чих­дээ тухайн хэрэгт холбогдон шал­гагд­сан холбогдогч нь
Монгол Улсын Эрүү­гийн хуулийн тодорхой зүйл ангид заасан гэмт хэргийг
үйлдсэн бо­лох нь бүрэн гүйцэд тогтоогдсон, өөрөөр хэлбэл гэмт хэрэг
үйлдсэн, гэм буруутай  болох нь шүүхийн шийт­гэх тогтоолоор тогтоогдсон
мэт ойл­гог­дохоор зохих хуулийн этгээд, төрийн бай­гууллагуудын
удирдлагад мэдэгдэл бичдэг болчихож. Тэр мэдэгдлийнхээ дагуу арга хэмжээ
аваад хариу мэдэгдэх талаар зааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн
дээр дурдсан заалтыг зөрчөөд зогсохгүй хүний эрхэнд бү­дүүл­гээр халдсан
үйлдэл болчихож байна.

Авлигатай тэмцэх газрын мөр­дөн шал­гаж буй хэргүүд нь ихэвч­лэн нууц
далд аргаар үйлдэгддэг, гэмт хэрэгт­ний үйлдлийг тогтооход хүнд­­рэлтэй
байдаг нь ойлгомжтой. Ил үйлдэгддэг танхай, дээрэм гэх мэт төрлийн гэмт
хэргийн яллагдагч хэр­гээ өөрөө хүлээн мэдүүлсэн. Тухайн гэмт хэргийг
үйлд­сэн болох нь хан­галттай нотлох барим­таар яг таг нот­логдож, хэн ч
харсан ойлгомжтой хэ­рэгт тухайн хэргийг үйлдсэн нь мөр­дөн байцаалтын
ша­танд хангалттай нот­логдсон, тогтоогд­сон талаар дурдах нь нэг хэрэг л
дээ.  Гэтэл өнгөц байд­лаар бүрэн гүй­цэд тогтоогдоогүй хэ­рэгт мөрдөн
байцааг­чийн мэдэгдэл бичихдээ тухайн этгээд авлига авсан нь тогтоогдлоо
гэх мэтээр бичээд байгаа нь ямар ч утга алга. Тө­рийн байгууллагын
удирдах албан ту­шаалт­нуудад дээрхи мэдэгдлээ хүргүүлж байгаа нь хууль
зөрчсөн үйлдэл гэдгийг хэн ч хэлсэнгүй. Авсан хүн арван там­тай гэгчээр
харин ч эсрэгээрээ “Үүнийг хэлбэл намайг шалгачих вий” гэх айдастаа
автсаар өнөөг хүрчээ. Тий­мээс энэхүү мэдэгдлийг хүлээн авсан албан
тушаалтан мэдэгдэлд зааснаар гэм буруу нь тогтоогдсон ажилтнаа ажлаас нь
халах шийдвэр гаргах нь то­дор­х­ой юм. Ингээд л “өвсөн
тэжээлт­нүүд”-ээ хөөгөөд явуулдаг болж. Ер нь тэгээд тэрбум тэрбумаар нь
ид­сэн гэх нөхдүүдийн хэрэг болохоор шал­гах явцдаа замхардаг бол
200-300 мян­ган төгрөг тоншчихсон, тоншсон байж болзошгүй байцаагчид
хэрэг нь тогтоогдоогүй байхад ажлаасаа халагд­даг болжээ.

Уг нь тухайн мэдэгдэлд нэр нь дурь­­дагдсан этгээдийн хэрэг
про­ку­­ро­роос шүүхэд шилжээд шүүхээс гэм буруу­тай болохыг нь
тогтоогдсон то­­хиол­­долд дээрхи шийдвэр зөв болно. Хэрэв шүүх гэмт
хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй байна гэж үзвэл мөрдөн байцаагчийн
мэдэгдлийн дагуу авсан арга хэмжээнээс болж хохирсон этгээдийн хохирлыг
хэн хариуцах вэ. Шалгагдаж байгаа хэргийн талаар олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр тухайн этгээдийг гэмт хэрэгт холбог­дуулан шалгаж байна, 
гэмт хэрэг үйлд­сэн болох нь тогтоогдсон мэтээр АТГ-ын албан тушаалтнууд
мэдээлэл хийж байгаа нь Монгол Улсын Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийн
189-р зүйлийн 189.1-д заасан … Хэ­рэг бүртгэлт, мөрдөн байцаалтын
мате­риалыг гагцхүү прокурорын зөв­шөөрс­нөөр, түүний бололцоотой гэж
үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно… гэсэн заалтыг зөрчиж мөрдөн
байцаалтын нууц задруулсан болон Үндсэн хуулийн дээрхи заалтыг зөрчиж
байгаа үйлдэл юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэнийг ямар хэ­рэгт
шалгаж байгаа болон тухайн эт­гээд гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон
мэтээр нэр заан мэдээлэх ёсгүй ба үүнээс болж тухайн этгээдийн нэр төр
алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учирсан хохирол болон учирч болох
бусад хохирлыг хэн хариуцах вэ  гэсэн асуулт гарч ирж байна.

Энэ бүхнээс болоод АТГ-ыг улстөр­чид, танил талынхаа захиалгаар
ажил­ладаг гэж хардахад хүртэл хүрнэ. Зарим тө­рийн албаныхан дургүй
хүнээ тус газарт шалгуулан мөнөөх тогтоолоор аж­лаас нь халдаг завхрал
газар ав­саар удсан аж. Хилийн 0218 дугаар анги буюу бидний хэлж
заншсанаар Буянт-Ухаагийн Хил хамгаалахын удирд­лагууд үүнд хамгийн их
гаршиж. Дургүй нь хүрвэл тус газраар шалгуулж, нөгөөдүүл нь мэдэгдэл
явуулаад л гүйцээ. Харамсалтай нь томчуудад энэ бичиг ганц удаа ч болов
үйлчилсэн гэх баримтыг өнгөрсөн дөрвөн жилээс хайгаад олсонгүй.

Л.НАРАНТӨГС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж