“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг байгуулжээ

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулах, улмаар иргэн бүрт хувьцааг нь эзэмшүүлэх шийдвэрийг төр гаргаснаас хойш олон нийт энэ асуудлын явцыг анхааралтай ажиглаж буй билээ. Тус компани нь нэгэнт хувьцаат компани байх олон нийтэд нээлттэй, хяналттай байх ёстой. Гэтэл тус компанийн дүрэм ч тодорхойгүй, Төлөөлөн удирдах зөвлөл нь ч байгуулагдаагүй байхад Гүйцэтгэх захирлыг нь сонгох тендерийг ТӨХ зарлаад байсан юм. Гүйцэтгэх захирлын болон олборлогч компанийн тендерийг өнгөрсөн наймдугаар сард тус тус зарлаж, эцсийн дүнг нь юу юугүй зарлахдаа тулаад явж байснаа гэнэт Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ байгуулах шаардлагатай болохыг  шийдвэр гаргагчид “ухаарсан” гэхэд болно. Ингээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал хэн болох вэ гэдгээс өмнө ТУЗ-ийг хэрхэн байгуулах, хэн түүнд нь орох бол гэсэн асуултад эхлээд хариу олох ёстой болсон билээ.

Харин одоо дуулгах хамгийн шинэ мэдээлэл гэвэл төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд сонгогджээ.“Эрдэнэс Тавантолгой” компанийн  ТУЗ-ийг ТӨХ-ны дарга Д.Сугар даргалах бол гишүүдэд нь тус хорооны дэд дарга О.Эрдэнэбулган, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Орлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат нарын нийт 9 хүн багтжээ. ТУЗ-ийн есөн гишүүний 1/3 нь улс төрийн нам, хүчний хараат бус иргэний нийгмийн төлөөлөл байна гэсэн зарчмын дагуу хараат бус гишүүдээр Ж.Батзандан болон гадаадын хоёр иргэнийг сонгосон мэдээлэл байна.  ТӨХ-ноос Д.Сугар, дэд дарга О.Эрдэнэбулган нараас гадна хоёр ч мэргэжилтэн нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогджээ.

Юутай ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ байгуулагдлаа. ТУЗ байгуулагдсанаар одоо Гүйцэтгэх захирлыг томилох эрх зүйн нөхцөл үүслээ. Гэвч монгол хүн бүрийн хувьцаа оролцох “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийг ямар дүрмээр, хэний саналаар томилсон нь тодорхойгүй байна. Ямар ч байсан иргэдийн санал, оролцоогүйгээр энэ асуудал шийдэгдэв. Улстөрчдийн эрх ашиг, сонирхлыг төлөөлөх нөхдүүд ТУЗ-д сонгогдсон нь ч тодорхой харагдаж байна. Хараат бус төлөөлөл гэдэгт ч иргэний хөдөлгөөнөөс угшилтай ч  улстөрд нэгэнт хутгалдсан Ж.Батзанданг сонгосон нь зөв үү гэдэг эргэлзээтэй юм.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж