Нөөцийг олон улсын стандартаар тогтоохоор ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Нөөцийг олон улсын стандартаар тогтоохоор ярилцлаа

Он оны төгсгөлд тохиодог олон баяруудын нэг нь уурхайчдын өдөр юм. Дэлхий нийтийн хэмжээнд хамгийн аюултай ажил хөдөлмөрийн нэгд тооцогддог уурхайчны хөдөлмөр манайд бүүр ч аюултай байдаг. Гар аргаар ашигт малтмал олборлогч, бичил уурхай эзэмшигч гэсэн нэр томъёоноосоо эхлээд хичнээн аюултай хөдөлмөр эрхэлдгийг гадныхан гайхдаг. Ямартай ч аюултай, аюул багатай нийлсэн зуун зуун уурхайд 50 гаруй мянган уурхайчин ажиллаж байна, өнөөдөр. Тэдний хувьд уурхайчин болсноороо бахархах боломжийг уурхайчдын өдөр олгодог гэсэн үг.  Анх Хөл Налайхын дэнжээс нүүрс олборлож эхэлснээс хойш 88 жил өнгөрчээ. Уурхайчдын өдөртэй давхцуулан тэмдэглэж буй уг ойн хүрээнд  “Ашигт малтмалын ордын нөөцийн үнэлгээ, олон улсын стандарт” сэдэвт семинар боллоо. Семинарыг  Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар болон “Родман энд рэншоу” хөрөнгө оруулалтын банк хамтран зохион байгуулсан юм. Салбарын сайд Д.Зоригт “Өнөөдөр манай улсын ДНБ-ий 25 хувийг, экспортын 80 гаруй хувийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна. Эдийн засгийн хямрал шилжилтийн амаргүй үед манай салбар ачааны хүндийг үүрч ирлээ. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид 1997 оноос хойш алт, зэс, нүүрс, хайлуур жонш болон бусад ашигт малтмалын 270 орчим ордыг нээн илрүүлсэн нь бага биш амжилт. Түүнээс гадна Монголын эрдэс баялаг дэлхийн сонирхлыг татах боллоо. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай 25 компани Лондон, Торонто, Хонгконгийн биржид хувьцаа гаргаж, хөрөнгийн зах зээл дээр амжилтын шанг татаад байна” хэмээн тодотголоо.

Ашигт малтмалын орд газрын нөөцийн асуудал уурхайчдын төдийгүй эгэл жирийн иргэдийн анхаарал татсан асуудлын нэг болоод буй юм. Тухайн орд хэдий хэрийн нөөцтэй болохыг үнэн зөв тогтоогоогүйгээс үүдсэн маргаан цөөнгүй. Газрын гүнд хэдий хэрийн эрдэс баялаг байгааг геологичид тодруулан тогтоож, тусгай аргачлалын дагуу тооцож томъёолдог. Гэтэл тогтоосон нөөцөд эргэлзэх, эсвэл нөөц нь анх тогтоосноос хомсдох гэхчилэн эргэлзээ, тээнэгэлзэл дагуулсан үйл явдал өрнөсөөр байна. Үүний нэг жишээ Ховд аймгийн Хөшөөтийн орд юм. Хөшөөтийн ордын нөөцийг 85,7 сая тонноор тогтоож, үүнийг нь Эрдэс баялгийн зөвлөл  баталсан. Гэтэл нутгийн иргэд Хөшөөтийн орд нь үүнээс хэд дахин их хэмжээний нөөцтэй хэмээн мэтгэж маргаан үүсгэсэн төдийгүй тус ордыг стратегийн ордод бүртгэн авахыг шаардсаар өнөөдөртэй золгоод байна. Энэ мэт маргаан мэтгэлцээн хойшид ч гарахгүй гэх баталгаагүй. Иймд өчигдөр болсон семинарын үеэр ордын нөөцийг тогтоох олон улсын стандартын талаар ярилцсан юм. Өнөөдөр манай геологичид ашигт малтмалын ордын А,В,С,Р гэсэн дөрвөн зэрэглэлээр тогтоодог. Ашигт малтмалын нөөцийг баталгаатай, боломжтой, таамаглаж буй гэсэн хэлбэрээр тогтоож байгаа нь олон улсын стандартад төдийлөн нийцдэггүй бөгөөд гадныханд ойлгуулах үүднээс заавал олон улсын стандарт руу хөрвүүлэх шаардлагатай болдог ажээ. Иймд олон улсад түгээмэл хэрэглэж эхэлсэн “Жорк-47”, “101” хэмээх олон улсын стандартыг нэвтрүүлж, нөөц тогтоох нь зүйтэй гэдэгтэй уурхайчид санал нэгдсэн юм.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж