Гишүүдийн хуралдаа идэвхгүй оролцон ирцэд сөргөөр нөлөөлж байгаагаас үүдэн “гишүүний бүрэн эрхэнд халдах, хулгайн хууль батлах” боломж сиймхий гардаг байна. Зарим сэргэлэн гишүүд энэ байдлыг нь ашиглан өөрт ашигтайгаар хууль батлуулах, байнгын хороогоор дэмжигдээгүй саналаа батлуулах аргийг ч бий болгосон аж. Жишээлбэл, Хууль чуулганаар батлагдахаас өмнө Байнгын хорооны хуралд орон томьёологддог. Гэтэл энэ хуралдаанд унасан санал буюу Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй саналыг өнөөх сэргэлэн нөхөр маань “эсрэг санал” гэх томьёоллоор чуулганд үндсэн төсөлтэй нь хавчуулан явуулдаг байна. Үүний дараа чуулганаар уг саналыг нь Байнгын хороонд унасан томьёоллоор буюу “дэмжих боломжгүй” гэх байдлаар санал хурааж шийдвэрлэдэг журамтай. Харамсалтай нь энэ саналыг нь шийдвэрлэх чуулганы ирц хангалтгүй, санал өгөх гишүүд хуралдааны танхимд байхгүйгээс “дэмжих боломжгүй” гэх санал нь “дэмжих нь зүйтэй” гэх шийдвэр болоод гараад ирнэ. Өөрөөр хэлбэл чуулганы дэгийн хуулиар “гишүүн хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол түүнийг хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасны дагуу ийнхүү өнгөө өөрчилдөг байна. Ингээд л сэргэлэн нөхөр, сэтгэдэггүй “санал тоологч машин”, саналаа үнэгүйдүүлсэн сандал дээрээ суудаггүй гишүүдийн хамтын бүтээл төрөх нь тэр. Уг нь чуулганы хуулиар “Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” хэмээн заасан боловч энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ч тодорхой алга.
Ирц хангалтгүй байгаагаа асуудал биш мэтээр харж тайлбарласаар байх уу. Эсвэл ирц хангалтгүй байх нь асуудал биш гэж үү. Түүнчлэн хуралдаанд оролцоогүй атлаа санал өгч байгаа энэ зохицуулалтыг ч гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа талаас нь эргэн харах хууль зүйн шаардлага ч байгаа юм биш үү?
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга:

Их хурлын дарга, Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор УИХ-ын хэд хэдэн гишүүд томилолттой байгаа. Үүнтэй холбоотойгоор ирц хангалтгүй байна. Ирцийг бүрдүүлэх шаардлага үнэхээр бий. Чуулганы хуралдааныг телевизээр дамжуулдаг. Үүнтэй холбоотойгоор гишүүд чуулганы хэлэлцэж буй асуудлыг өөрийн өрөөнөөс сонсон, оролцох боломжтой байдаг. Телевизээр чуулганы танхимд үнэхээр цөөхөн гишүүн сууж байгаа нь харагдах нь бий. УИХ-ын гишүүд ирээд картаа шургуулж бүртгүүлчхээд гарж явах зүйл ч бий. Зарим тохиолдолд үүнийг нь хүндэтгэн үзэж болно. Тухайлбал сонгогч, иргэдийг хүлээн авах, уулзалт хуралд оролцох зэрэг тохиолдол их гардаг.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга

Чуулган, Байнгын хороо, бүлгийн хуралдааны ирц сайн байх ёстой. Учир нь улс орны хэмжээнд мөрдөгдөх хууль шийдвэр гаргаж байгаа тул хариуцлагатай хандах учиртай. Ирц сайтай, гишүүд оролцоотой байж сайн хууль гарах ёстой. Зарим үед ирц дутах зүйл гарч байна. Ялангуяа төрийн удирдлага айлчлал хийж буй үед гишүүд олноор дагалдан явж байгаа учраас ирц бүрдэхгүй хангалтгүй байх зүйл гарч байна. Үүнийг цаашид тооцож, бүлгүүдийн хуралдаанаар зөвшилцөн байж шийдэх боломжтой. Мөн нөгөө талаас өвлийн хүйтэн, ханиад томуутай байгаа учраас хэд хэдэн гишүүд өвчтэй, гэрээр эмчилгээ хийлгэсэнтэй холбогдуулан ирцэд нөлөөлж байгаа.
УИХ-ын гишүүн, Төсвийн Байнгын хорооны дарга

Бид 28-уулаа сууж байж 39 хүний санал өгөөд сууж байна. Гэтэл энэ асуудал чинь чухал асуудал. Нэг хүн хоёр хүний саналыг кнопдоод сууж байна гэдэг ирц хангалтгүй байгаагаас үүдэлтэй. Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан зарим гишүүд хуралдаанд оролцдоггүй.
УИХ-ын гишүүн

Сүүлийн үед л ийм зүйл гарах боллоо. Гэхдээ энэ асуудлыг хуулиар зохицуулахаас гадна гишүүний өөрсдийн ухамсартай нь холбоотой. Намын бүлгүүд гишүүдийн ирцэд хяналт тавьж шахаж байх ёстой. Гадаадын парламентад ирц бүрдүүлэх тухай тусгай зохицуулалт байдаг. Тухайлбал Германы парламентат “ташуурчин” гэх утгатай ирц бүрдүүлэгч үүрэгтэн байдаг гэсэн. Мөн чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбоотойгоор зайлшгүй оролцох бүрэлдэхүүн гэж бас бий. УИХ-ын чуулганаар сая Хөдөө аж ахуйн бирж байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Гэтэл ийм хариуцлагатай хуулийг хэлэлцэхэд хариуцсан яамных нь удирдлагууд ирж оролцохгүй байна. Уг нь Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа тайлагнан, хариуцлага хүлээдэг. Гэтэл чуулганы хуралдаанд ХХААЯ-ны гурван сайдын аль нь ч алга. Монголд “Хятад хүний толгой дээр нар шингэдэггүй” гэж үг бий. Энэ нь хаа сайгүй хятад хүн бий гэсэн үг. Харин би “Монгол төрийн түшээдийн толгой дээр нар жаргахгүй болоод байна” гэж егөөдсөн юм. Дотоод гадаад ажил алба байлгүй. Гэхдээ үүнд Засгийн газар ч, УИХ- ч анхаарах ёстой.