Энэтхэг Хятадтай 16 тэрбумын хэлэлцээр байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Энэтхэг Хятадтай 16 тэрбумын хэлэлцээр байгууллаа

Энэтхэг болон БНХАУ өчигдөр 16 тэрбум ам.долларын бизнесийн хэлэлцээр байгуулсан байна. Хятадын Ерөнхий сайд Вень Жиабао Энэтхэг улсад гурав хоногийн айлчлал хийж байгаа юм. Түүнийг Хятадын 400 орчим бизнесийн төлөөлөгч дагалдсан байна. БНХАУ нь Энэтхэгийн худалдааны хамгийн том түнш бөгөөд энэ санхүүгийн жилд нийт хэмжээ 60 тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо байна.

Хоёр улсын компаниуд 50 орчим хэлэлцээр байгуулсан байна. Тэдний дунд эрчим хүч, харилцаа холбоо, салхины эрчим хүч, хүнс, төмөр зэрэг салбар дахь хамтын ажиллагааны гэрээ байгаа аж. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад айлчлахдаа 10 тэрбум ам.долларын бизнесийн хэлэлцээр хийсэн билээ.

“Энэтхэг болон БНХАУ-ын хөгжилд хангалттай зай дэлхийд байна” гэж ноён Вень хэлжээ. Энэтхэг айлчилсан Хятадын Ерөнхий сайдыг дагалдсан төлөөлөгчдийн баг АНУ-ын Обама, Францын Николья Саркози болон Их Британийн Дэвид Камероныхоос хэд дахин их байгаа аж.

Бээжин болон Нью Дэлигийн удирдлагууд нийтлэг ашиг сонирхол болон эдийн засгийн харилцан хамаарлыг хөгжүүлэх сонирхол өндөр байгаа. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн суурин гишүүн болох хүсэлтэд БНХАУ-ын дэмжлэгийг авахад нааштай үр дагавар авчрах билээ.  Гэхдээ сүүлийн үед зарим асуудлууд хурцдаж байгаа нь хоёр улсын харилцаа хэврэг байгааг илтгэж байна. Сүүлийн 29 жилийн турш нийт 14 удаагийн уулзалт хийсэн ч газар нутгийн талаар маргаан одоо хэр шийдэгдээгүй байна. Хималайн бүс дэх 3225 километрийн хил орчмын газар нутгийн асуудал одоо ч маргаантай байгаа юм. Энэтхэг улсын 33 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийг Хятад эзэмшиж байгаа гэж Нью Дэли үздэг билээ. Харин Хятадын зүгээс Түвдийн өмнөд хэсгийн Аруначал Прадешийн бүсийг өөрийн мэдлийнх гэдэг.

Хоёр улсын худалдаа 2000  оноос хойш 30 дахин нэмэгдсэн ч энэ нь Хятадын талд илүү ашигтай байдаг. Хятадтай хийж буй худалдааны тэнцэл 17-18 тэрбум ам.долларын алдагдалтай байдаг билээ. Энэтхэгийн экспортын бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь түүхий эд, тэр дундаа төмрийн хүдэр байдаг бол Хятадын машин техник зэрэг нэмүү өртөг шинэсэн бүтээгдэхүүнийг Энэтхэг импортолдог юм.

Судалгаанаас харахад 2050 он гэхэд энэ хоёр улс дэлхийн хамгийн том эдийн засгийн бүс болох ажээ.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж