Жүржийн шүүс нь 20 тэрбум ам.долларын зах зээл юм. Бразиль болон Флоридагийн тариаланчид энэ бүтээгдэхүүнийг хангадаг бол “Coca Cola” болон “PepsiCo” хамгийн том худалдан авагчид аж. “Minute Maid” болон “Simply” гэх шүүсний брэндийг эзэмшигч “Coca Cola”-гийн бүтээгдэхүүнүүд ирэх онд 4-8 хувиар үнэтэй болох магадлал өндөр байгаа тухай компаниас мэдэгдсэн байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард хүйтрэлээс болж Флорида муж 134 сая хайрцаг буюу тооцоолж байснаас хоёр сая хайрцгаар бага хэмжээний жүрж хураасан байна. АНУ-ын Газар тариалангийн яамны мэдээлж буйгаар энэ улиралд Флорида 143 сая хайрцаг жүрж хураах төлөвтэй байгаа гэж тооцоолж байгаа юм. Харин нэг хайрцаг нь 90 паунд жинтэй байдаг бөгөөд 1,61 галлон шүүс ялгаруулах боломжтой аж.
Гэхдээ зах зээл дэх хэрэгцээ тийм ч их биш байна. Жилийн хэмжээнд жүржийн шүүсний худалдаа 10,5 хувиар унасан байгаа юм. “Үйлдвэрлэлт бага байгаа ч хэрэглээ мөн л бага байна” гэж нэгэн шинжээч хэлжээ. Ямартай ч хэд хоногийн өмнөх цаг агаарын таагүй байдал онц хохирол учруулах төвшинд хүрээгүй байгаа гэнэ.