Цас нэмж орвол орон нутагт өвөлжилт хүндэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Цас нэмж орвол орон нутагт өвөлжилт хүндэрнэ

Цас нэмж орвол орон нутагт өвөлжилт хүндэрнэ

Улсын хэмжээнд нийт нутгийн 70 хувь нь цасан бүрхүүл тогтож, зарим аймаг сумдад өвөлжилт хүндхэн байгаа талаар өмнө бид мэдээлж байсан. Булган, Хөвсгөл, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг 10-45, зарим уулархаг газраараа зарим тохиолдолд 70 см хүртэл цастай байгаа аж. Дээрх өвөлжилт хүндэрч буй аймгуудад зам даваа хааагдсан, малаа хотноос гаргаж чадахгүй байна, тэр бүү хэл Булган аймгийн төвийн зам цасанд хаагдаж байсан гэх мэдээлүүд байнга ирэх боллоо. Тухайн орон нутагт өвөлжилтийн байдал, өвс тэжээлийн хүрэлцээ, ямар арга хэмжээ авч байгаа талаар орон нутгийн удирдлагуудаас асууж сонирхлоо.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавал
-Өвөлжилтийн бэлтгэлтийг харьцангуй сайн хангасан.  Засгийн газрын тогтоолоор 39 мянган тонн хадлан тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгсөн ч, давуулан биелүүлж, 56 мянган тонн хадлан бэлтгэсэн. Улаанхус, Сагсай, Алтай сумдад эрт цас орж, өвөлжилт нилээдгүй хүндэрсэн боловч өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан болохоор одоогоор хүндэрсэн зүйл байхгүй байна. Аймгийн төвөөс 300 гаруй км-т орших Булган сум хүрэх замд Улаагчины даваа жил бүр цасанд боогдож, төсвөөс зардал гардаг байсан бол энэ онд тус суманд 60 сая төгрөгөөр трактор авч өгснөөр зам хаагдах гэдэг асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. Төвлөрсөн дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл, одоогийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд байна. Харин эрүүл мэндийн салбарт түргэн тусламжийн автомашины хүрэлцээ хангалтгүй байгаа.

Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат
-Нийт нутгаар цас ихтэй, өвөлжилт хүндхэн байна. Ялангуяа нутгийн баруун хэсгийн сумд болох  Баян-Агт, Сайхан, Могод, Түшиг суманд цас ихээр орж, зарим хэсэгт цасны зузаан 20-40 см байна. Аймгийн төвийн баруун хэсгээр 19 см хүртэл зузаан цасан бүрхүүлтэй байгаа тул зарим хэсэгт замын халтиргаа гулгаа ихтэй, зам хаагдах зэрэг тохиолдолд сүүлийн өдрүүдэд байнга гарч байна. Бүх сумдад зам даваа хаагдах, цасанд боогдож байна гэсэн мэдээллүүд байнга ирж байна. Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 8-нд хуралдаж, аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 13-наас эхлэн сумдад ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн гурван цаг явах газарт долоон цаг өндөр мосттой машинаар явж байна гэж бодоход өвөлжилт хүнд талдаа орсныг харуулж байна. Өвс тэжээлийн хүрэлцээ нийт малдаа харьцуулахад 5-6 хоногийн нөөцтэй. Өвс тэжээлийн хүрэлцээ хангамжын хувьд ямар ч аймаг орон нутаг хүрэлцэх хэмжээнд авч чадахгүй ч, үнэхээр цаг хүндэрсэн үед түр аргацаах хэмжээнд л бэлтгэл хангадаг. Нөгөө талаараа аймгийн урд талын сумдаар отрын бүс нутаг гэдгээр хөрш зэргэлдээ аймгаас ямар ч шүлхийн вакцин хийгээгүй мал орж ирж байгаа нь шүлхийн халдвар ороод ирэхвий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Ю.Бямбадорж
– Ерөнхийдөө аймгийн хойд тал буюу Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад өвөлжилтэй хүндрэх төлөвтэй байна. Баянтэс сумын нийт нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй байна гэж хэлж болно. Тус сумын нийт нутгийн 40 хувь нь 60 см-ээс дээш, 60 хувь нь 40-50 см-ийн зузаан цастай байна. Мөн Асгат сум мөн адил хэмжээнд байна. Түдэвтэй сумын зүүн хойд хэсгээр цасны зузаан 40 см хүрч байна. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт өнгөрсөн гурав хоног ажиллаж байгаа бөгөөд цагийн байдал, өвөлжилт хүндэрсэн газруудад зааг тогтоох, тухайн газар нутагт хичнээн хэмжээний хүн, мал байгаа, өвс тэжээлийн нөөцийн хангалт, хуваарилалтын асуудлаар хуралдаж, шийдвэр гаргана. Одоогоор улсын хэмжээний зам даваа цасанд боогдсон тохиолдол гараагүй байгаа.

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Л.Батбаяр
-Энэ өвөл өнтэй сайхан өвөл болж байна. Аймагт орон нутгийн төрийн бодоод төрийн бус байгууллагуудын өвөлжилт сайн, зуншлага сайн байсан болохоор малын тарга тэвээрэг ч сайн байгаа болохоор цаашид цас их хэмжээгээр орохгүй л бол манай аймагт өвөлжилт хүндрэхгүй байх. Аймгийн баруун талын гурван сумд цастай байгаа хэдий ч цас багатай. Аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангах үүрэг даалгаврыг орон нутгийн удирдлагуудад өгсний дагуу аймгийн өвс тэжээлийн нөөцөд 69.6 мянган тонн байгалийн хадлан бэлтгэсэн нь урьд жилээс 13 мянган тонноор илүүг бэлтгэж нөөцөлсөн гэсэн үг. Манай аймагт одоогийн байдлаар хонин толгойд шилжүүлснээр хоёр сая 672 мянган мал өвөлжинө.

Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Хүрэлчулуун
-Нийт нутгаар бага зэргийн цастай, өвөлжилт хэвийн явагдаж байна. 12 сарын эхээр хэд хэдэн удаа нэмж цас орсноор цагийн байдал хүндрэх тал руугаа орж байсан ч, сүүлийн өдрүүдэд хүйтний эрч сулрах тийшээгээ хандаж байгаа болохоор өвөлжилт харьцангуй гайгүй байна. Өвс тэжээлийн хүрэлцээний хувьд аймгийн Засаг даргын өвөлжилтийнг бэлтгэл хангах үүрэг даалгаврын дагуу 90 гаруй хувийн биелэлттэй байгаа.
Дорнод аймгийн Засаг даргын орлогч Л.Хишигтогтох
-Аймгийн урд талын сумд болох Халхгол, Матад, Гурванзагал, Булган сумдад 30-40 см-ийн цасан бүрхүүлтэй байгаа нь орон нутгийн өвөлжилтийн байдал хүндрэх талдаа орж байна. Дахиад нэг удаагийн цас орох юм бол өвөлжилт нэн хүнд байдалд орно гэж хэлэхэд болно. Маргааш /өнөөдөр/ аймгийн төвд сумдаас мал аж ахуйн мэргэжилтэн, малчид оролцсон малчдын зөвлөлгөөн болж, энэ өвлийг яаж давах, хэрхэн гар тэжээл бэлтгэх талаар харилцан санал солилцоно. Харин аймгийн хувьд өвс тэжээлийн хүрэлцээ сүүлийн 20 жилд бэлтгээгүй хадлан, тэжээл нөөцөлсөн. Аймгийн төсвөөс 36 сая төгрөг зарцуулж аймгийн аюулгүйн нөөцөд 1000 тонн бэлтгэсэн нь 90 оноос хойш анх удаагаа улсын хөрөнгөөр өвс тэжээл нөөцөлж байгаа юм. Сум бүр 100 тонн байгалийн халдлан бэлтгэж, малчид хувиараа нэмж бэлтгэсэн болохоор өвс тэжээлийн хүрэлцээ хангалттай.

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Д.Идэрмөнх
– Аймгийн хэмжээнд хойд талын сумдын тал газраар 70 см хүртэл зузаан цастай байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад цас даваа хаагдахаас өмнө аймаг, сумдын нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээ татан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ. Дархадын хотгорын чиглэлийн Өлтийн даваа, Цагаан бургастайн даваа цасанд хаагдсан ч, аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн иргэдтэй хамтарч замыг нээх ажлыг зохион байгуулсан байна. Нэмж цас орвол аймгийн хойд талын сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул орон нутгийн удирдлагууд дээрх сумдад анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. 3694.9 мянган толгой мал өвөлжиж байгаа бөгөөд аймгийн нөөцөд байгалийн хадлан 550 тн, гар тэжээл 370 тн бэлтгэсэн. Цэцэрлэг, Цагаан-уул, Жаргалант, Цагаан-нуур, Рэнчинлхүмбэ сумдад намар эрт  цас, бороо орж хайлж хөлдсөн, уулаараа 20-40 см, тал газраар 7-12 см цасан бүрхүүл тогтсон нь цаашдаа мал өвөлжилт  хүндэрч болзошгүй байдал үүсээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж