Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ээр зарласантай холбогдуулан Монголын барилгын үндэсний ассоциациас санаачилан барилга барьж, ашиглалтанд оруулахад төр, орон нутагт, хяналтын болон мэргэжлийн байгууллагуудаас авдаг 124 зөвшөөрөл, баталгаажуултанд судалгаа хийж, зарим асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлсэн. Энэ судалгааны хүрээнд 124 баталгаажуулалт, гарын үсгийг 56 болгож, түүнд зарцуулдаг байсан 480 орчим хоногийг 182 орчим хоног болгосон байна. Барилгын салбарт бизнес эрхлэгчдийн “алтан” цагийг хэмнэх, зөвшөөрөл, гарын үсэг авахад зарцуулдаг үргүй зардлыг багасгахад дорвитой алхам болсон энэхүү шийдвэр нь тус ассоциациас салбарынхаа хамт олонд барьсан шинэ жилийн бэлэг гэнэ. Түүнчлэн “Барилгын тухай” хууль болон зарим нэг бусад эрх зүйн баримт бичигт оруулах өөрчлөлтийг УИХ-ын ирэх хаврын чуулган болон Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Ж.ГЭГЭЭ