Хүүхдэд шөнө компьютер тоглоом тоглохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хүүхдэд шөнө компьютер тоглоом тоглохыг хориглоно

Өмнөд Солонгост  хүүхэд залуусыг шөнийн цагаар компьютер тоглоом тоглохыг хориглосон “Үнсгэлжин” нэртэй хууль гарах гэж байна. Албаны хүний ярьж буйгаар олон нийтийн дунд хүүхэд залуус кибер тоглоомонд улам донтож байна гэсэн айдас түгшүүр их байгаатай холбоотой гэнэ.

Уг хуулийг өнгөрсөн сараас эхлэн парламентаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд 24 цагаас хойш 16 –аас доош насны хүүхдэд үйлчилдэг компьютер тоглоомын газруудын үйл ажиллагааг хаах тухай уг хуулинд заасан гэж Өмнөд Солонгосын гэр бүл, соёлын сайд ярьжээ.  

“Компьютер тоглоом нь нэг л орсон бол гарахад хэцүү зүйл. Ялангуяа бүхэл шөнөжин компьютер тоглоом тоглодог  өсвөр насны хүүхдүүдийн сурах сонирхол буурч зан авирт нь өөрчлөгдөн өдөр тутмын хэвийн амьдралаас тасардаг. Тиймээс энэ хууль зайлшгүй шаардлагатай гэж албаны нэгэн хүн ярьжээ.

Уг хуулийг хэрэгжүүлэхэд дахин нэг жил шаардлагатай аж. Ингэснээр компьютер тоглоомын үйлчилгээний газруудад цагийн хуваарьтай өөрчлөлт оруулах хугацаа олгож байгаа аж.

Түүнээс гадна уг хуулинд компьютер тоглоомын газруудад зөвхөн эцэг эх нь  зөвшөөрсөн тохиолдолд бага насны хүүхдүүдийг тодорхой хязгаарлалттайгаар тоглуулах эрх олгох тухай тусгах гэнэ.

Цахим харилцаа холбоогоор дэлхийд дээгүүрт ордог Өмнөд Солонгост компьютер тоглоомонд донтсоноос амиа алдах тохиолдол олон гарах болсон аж.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгост 15 настай  хүү компьютер тоглоом байнга тоглолоо гэж загнасаных нь төлөө эхийгээ хөнөөж дараа нь амиа хорлосон хэрэг гарч байсан юм.

Мөн өнгөрсөн хоёрдугаар сард 32 настай эр тасралттгүй 5 өдөр компьютер тоглож байгаад нас барсан тухай хэвлэлээр шуугиж байсан билээ. 

Дээрх явдлаас мөн нэг сарын дараа компьютер тоглоомонд ухаанаа алдсан нэгэн хос хүүхдээ өлбөрүүлж алсан тухай цагдаа нар мэдээлж байсан. Хүүхдэд задлан шинжилгээ хийхэд хоол тэжээлийн дутагдалд орж, турж үхсэн байжээ.

Засгийн газраас нь явуулсан судалгаагаар Өмнөд Солонгост компьютер тоглоомонд донтогч 2 сая гаруй хүн байгаа гэсэн тоо гарчээ. Интернэтийн хэрэглээ өсч байгаа болон кибер мангасууд улам нэмэгдэж байгааг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд ч гараад эхэлсэн байна. Ирэх жилээс хүмүүсийн интернэтийн хэрэглээг багасгах зориулалт бүхий үнэгүй программ гаргах гэж байгаа  аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж