Ц.Балдорж агсны бүтээлээр есөн боть хөшөө, дурсгал босголоо

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Ц.Балдорж агсны бүтээлээр есөн боть хөшөө, дурсгал босголоо

Хэлсэн үг арилж, бичсэн бичиг үлддэг гэдэг. Үүний адилаар нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн сэтгүүлзүйн  утга зохиолын болон дэлгэцийн бүтээлүүдийг есөн боть ном болгон хэвлүүлж, мөнхөллөө. Өчигдөр тэрхүү бүтээлүүдийг “Өнөөдөр” сонины редакцийн хойморт залах ёслол боллоо. Анх 2008 онд түүний сэтгүүлзүйн шилдэг бүтээлүүдээр Р.Чулуун, Н.Шүр нар “Далай ээж цаазын тавцанд” номыг хэвлэж, хүндэт доктор Л.Түдэв гуай өмнөх үгийг нь шадлаж байсан. Тэрхүү номынх нь өмнөтгөлд Л.Түдэв гуай бичихдээ, “Ц.Балдоржийн бичсэн өгүүллэг, тууж, жүжиг, кино зохиолыг энэчлэн эмхэлвэл түүний туурвил түмэнд буян болж, өөрийнх нь гараар бүтээсэн хөшөө дурсгал болох учиртай…” хэмээж байсан нь ийнхүү биелэлээ олоод байна.

Монголчууд бид номын буян дэлгэрэх болтугай хэмээн бэлэгшээдэг. Тэр ч ёсоор Ц.Балдорж агсны бүтээлүүд эмхтгэл болон гарч “Сэтгүүлзүй”, “Хүмүүс”, “Аяны богц”, “Далай ээж”, “Зул цэцэг”, “Зэрэглээ”, “Элсний нүүдэл”, “Сэтгэлийн толь”, “Нарс их үзсэн жил” гэсэн есөн боть бүтээл төржээ. Мөн дэвтэр тус бүрт Л.Түдэв, Х.Цэвлээ, Д.Дорждулам, Ц.Дашдондов, Р.Чулуун, Д.Цоодол, Батбаяр, С.Батбаатар, Т.Ганчимэг, Г.Аюурзана нарын монголын сэтгүүлзүйн болон утга зохиолын түүхийг бүтээгчид оролцож ариутган шүүсэн байна.
    Нээлтийн үеэр Ц.Балдорж агсны охин “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдөр та бүхний хувьд, нийт сэтгүүлчдийн хувьд Ц.Балдорж агсныг санан дурсдаг, хүндэтгэн хайрладаг сайхан өдөр тохиож байна. Үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа хүний хувьд та өнөөдрийг хэрхэн дүгнэх вэ?

-2008 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш түүний дурсгалыг хүндэтгэж бид аавыгаа, хань нөхрөө, сониныхон нь хүндэт эрхлэгчээ, анд нөхөд нь найзыгаа дурсдаг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Монголчууд гурвын тоог ихэд бэлэгшээдэг. Аавын  минь тэнгэрт халиад гурван жил болж байна. Тиймээс бид энэ онд уран бүтээлийнх нь эмхтгэл есөн боть номыг хэвлэн уншигчдын гарт хүргэлээ.

-Номын тухайд илүү дэлгэрэнгүй ярихгүй юу. Бид хэдийнээс номыг их бэлэгшээж ирсэн, өнөөдөр ийм сайхан боть номууд хэвлэгдлээ?

-Тэгэлгүй яахав. Энэ номууд бол жүжгийн болон кино зохиол, тууж, өгүүллэг, аян замын тэмдэглэл, сэтгүүлзүйн асуудал хөндсөн өгүүллэгийн гэсэн өөрийн төрөл жанраар бичигдсэн есөн боть бүтээл байгаа юм. Мөн эдгээр номуудаас сониныхоо редакцийн хойморт залрах нэг хувь есөн ширхэг номыг арьсаар хавтаслан тоноглож, нуруунд нь цул мөнгийг алтаар шаруулан арга билгийн хамт эрдэнийн есөн чулуугаар гоёж чимэглэлээ. Манай сонины хамт олонд энэ сайхан ном үеийн үед хадгалагдах болно.

Энэ үеэр түүний нэгэн цагийн эрхэм нөхөд, үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сониных нь хамт олон цуглаж хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ. Үнэхээр ахмад сэтгүүлч Ц.Дашдондовын хэлснээр тэрбээр “Дэнлүү” шиг амьдарч өнөө хэр бидний дунд гэрэлтсээр байна. Дэнлүү зөвхөн өөрийгөө гэрэлтүүлдэггүй бусдыг гэрэлтүүлдэг гэдэг. Тийм ч учраас Бал эрхлэгчийн барилаар хүмүүжсэн сэтгүүлчид мундаг байдаг гэсэн нотлогдсон үнэн яриа үүссэн биз ээ. Тэрбээр өөрөө агуу байсан төдийгүй өөр олон мэргэжил нэгт авьяаслаг залуусыг өөрийн гэсэн арга барилаар сургаж, хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байсан билээ.

Ардын уран зохиолч Д.Цоодол:

БИ БҮХ Л ЦАГ ҮЕИЙН Ц.БАЛДОРЖИЙГ МЭДЭХ ЮМ БАЙНА

-Анхлан Бал маань төрийн төв хэвлэл байгуулж, намын төв хэвлэл гэх ойлголтоос татгалзаж сэтгүүлзүйд гялалзаж явахыг нь мэдэх юм байна. Бас бидний мэдэх жолооч хувцас өмсөөд хөдөө гадаа их явдаг байсан үе гээд бүх л цаг үеийн Ц.Балдоржийг би мэднэ. Хамгийн чухал нь зохиол бүтээл бичихэд ямар их цаг ордог билээ. Гэтэл найз маань сэтгүүлзүйн энэ их хүнд хүчир хөдөлмөрт  амьдралынхаа ихэнх цаг хугацаа, хөлс хүчээ зориулж зүтгэдэг байсан. Харин хэзээдээ энэ том жүжиг, туужуудаа биччихдэг байна аа гэж бодмоор л хүн байлаа. Үнэхээр дүрэлзсэн гал цогтой ажилладаг байж дээ. Ихэнхдээ оройн цагаар, өглөө эрт одоо энэ миний өмнө байгаа өгүүллэг, тууж, кино зохиолуудыг бүтээсэн байж таарна. Гэтэл би сэтгүүлзүй гэж хүнд хүчир ажил гэхээсээ илүү бичихдээ л анхаарсан ч Балынхаа бичсэнийг өнөө хэр бичээгүй л явна шүү дээ.

СГЗ, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ: ТЭР БАЙЛДАЖ, БИ ШИРЭЭНИЙ АРД СУУДАГ ХҮН БАЙСАН

-Бид олон жил хамт ажилласан. Гэхдээ би дарга ухаантай, Ц.Балдорж маань миний цэрэг, байлдагч байлаа. Байлдагч Ц.Балдорж л байлдаж, би яахав ширээний ард сууж явлаа. Уран бүтээлч хүнд үхэл ирдэггүй гэдэг. Өнөөдөр бол Ц.Балдорж гэдэг эрин зуундаа хальсан их уран бүтээлч хүнтэй энэ тасалгаанд дахин нүүр учирч байгаа өдөр. Миний нэг олзуурхдаг юм юу вэ гэхээр, Ц.Балдоржийн гэр бүлд удамт сэтгүүлчид байдаг. Зарим нэг нь мэдэхгүй байх. Цэндийн Баттөмөр гэж сэтгүүлч байлаа. 1932 онд Засгийн газрын төв хэвлэлийг анх байгуулахад ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан хүн. Түүний дүү Ц.Намсрай гэдэг хүн “Үнэн” сонины эрхлэгчээр 22 жил ажилласан байдаг юм. Харин түүний охин Ц.Балдоржийн гэргий Н.Шүр сэтгүүлзүйд олон жил ажилласан манай туршлагатай редактор, сайн орчуулагч хүн байна. Ингээд зогсоогүй одоо Ц.Балдорж, Н.Шүр нарын охин Б.Нандинтүшиг одоо “Өнөөдөр” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байна. Ингээд дөрвөн ерөнхий эрхлэгч нэг редактораас бүрдсэн сайхан удамт сэтгүүлчдийн ажил хөдөлмөр нь буцалж байлаа, одоо ч энэ байшинд халуун хөдөлмөр нь буцалж байна.

“Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч С.Батбаатар:

ЭРХЛЭГЧИЙНХЭЭ НОМЫГ РЕДАКТОРЛАНА ГЭДЭГ АМАРГҮЙ АЖИЛ БАЙЛАА

-Надад эрхлэгчийн бичсэн “Элсний нүүдэл” гээд кино зохиолыг редакторлах хувь тохиосон. Эрхлэгчийн бичсэн номд редактор хийнэ гэдэг надад амаргүй, бараг хийж чадахааргүй ажил байлаа. Нөгөө талаасаа би эрхлэгчийнхээ бүтээлийн чуулган эмхтгэлд оролцож байгаагаа үнэхээр нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Ер нь би өөрийгөө Ц.Балдорж гэдэг хүний шавь нь гэж тооцдог. Цаашдаа би эрхлэгчийнхээ үүсгэн байгуулсан энэ гал голомтод нэр төртэй ажиллаж, “Өнөөдөр” хэмээх энэ халуун ам бүлийн үүрэх ёстой ачаанаас нь үүрэлцэх болно гэж амлаж байна.

Бал эрхлэгчийг нөхөд нь дурсахдаа түүний ажлын өрөөг “Гал дүрэлзэж, аянга цахилгаан бадарсан газар” байсан хэмээн ярьж байсан. Үнэхээр л өдөр тутмын сонины редакц, хариуцлагатай албыг хариуцдаг, хашдаг хэн бүхний өрөөнд байнга “Аянга цахилгаан бадарч” байдаг биз. Өнөөдөр ч түүний үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сонинд ийм “байгалийн цочмог үзэгдэл” болсоор байгаа. Гэхдээ хамгийн сайхан нь ийм өрөөнд нэг орсон хүний сэтгүүлзүйн хөдөлмөр, ажил үйлс нь хэдэн өдөртөө л бүтдэг гэдэг.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж