Миний хувийн хэвшилд ажиллах түүх дууссан

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Миний хувийн хэвшилд ажиллах түүх дууссан

Сангийн дэд сайд Ч.Ганхуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Таныг өмнө нь хүн бүр “Хас”-ын Ганхуяг гэж мэддэг байсан. Харин одоо бол таныг захирлаа гэж дуудахаас илүү сайд гэж онцлох болсон нь тодорхой. Энэ өөрчлөлт танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Би өнгөрсөн долоо хоногийн дөрөв дэхь өдөр ажлаа хүлээж аваад, танилцаад явж байна. Энэ хооронд үнэндээ захирал аа, сайд аа гэж дуудахын ялгааг мэдрэх зав гарсангүй. Ямар ч байсан маш олон хүн миний шинэ албан тушаалд баяр хүргэж байна. Зөвхөн Монголоос ч бус гадаад, дотоодын найз нөхдүүд, бүр Мозамбек гэдэг улсаас тэдний Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч нь хүртэл интернэтээр баяр хүргэлээ.

-Та тэдэнд талархал илэрхийлж амжиж байна уу?

-Чадахгүй байгаа. Зуу, зуугаараа л баяр хүргэе, гэсэн сэтгэгдэл ирж байна шүү дээ. Тэдний энэ үг надад маш их урам өгч байгаа. Би 17-тойгоосоо төр засаг болон бизнесийн салбарт хүмүүсээс нуугдахгүй нээлттэй ил тод ажиллаж ирсэн учраас хүмүүс таньдаг болсон шиг байна.

-Таагүй сэтгэгдэл ч бас их байх шиг байсан. Ганхуяг дэд сайд болохын тулд л Монгол Ардын намд элссэн юм байна. Энэ хүнд улс төр ямар хэрэг байна гээд л?

-Тийм ээ, дэндүү өндөр тэнгэрийн албан тушаалд томилогдлоо гээд л эхлэх жишээтэй.

Надад хувь хүнийхээ хувьд энэ шийдвэрийг гаргахад хэцүү байсан. Намайг нэг хүний өмнө бөхөлзөж гүйж байж дэд сайд боллоо гэх мэтээр бичсэн байсныг би уншсан.

-Нэг хүн гэж Ерөнхий сайд С.Батболдыг хэлж байгаа бололтой.

-Тийм ээ. Би тэгж бичиж, шүүмжилж байгаа хүмүүст хандаж шинэ оноос өмнө блогоороо дамжуулан захидал бичнэ. Тэд намайг бүрэн дүүрэн таниагүй байж магадгүй шүү дээ.

-Ямар утгатай захидал байх вэ. Нууц биш биз дээ?

-Танай сониноор дамжуулаад хэлэхэд ерөнхийдөө миний зарчмын тухай байна. Би 1998 оны намар Монголбанкны хянан шалгагчаар ажиллаж байгаад өмнөх ажлаа эхлүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд би банкны захирал хүн улс төрөөс хол байх ёстой гэдэг зарчим баримталж, бизнесийн салбарт хоёргүй сэтгэлээр ажилласан. Миний хувьд “Хас” банкны захирал байгаа цагт аль нэг улс төрийн намд үйлчлэх хэрэггүй гэдэг байр суурь дээр хатуу зогсч ирсэн. Харин “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа намд элссэн. Гэхдээ хэзээ ч албан тушаалын томилгооны тухай бодож байгаагүй. Албан тушаалын томилгоо санал болгоход дандаа татгалздаг байсан. Тэгээд ч “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал гэдэг гадаад, дотоодын олон хамтрагчдын өмнө хариуцлага хүлээсэн Монголын бизнесийн салбарт нэр хүндтэй, үүрэг хариуцлагатай том алба. Энэ утгаараа миний тухайд хүмүүсийн хэлээд байгаа шиг чив чимээгүй байж байгаад гэнэт цойлоод гараад ирсэн хүн би биш гэдэгтээ итгэлтэй байна. Би харин нэг замаар явж байсан хүн өөр замаар яг тэр түвшинд явах гээд л замаа, хамт олноо сольсон л шийдвэр гэж хэлнэ. Мэдээж намайг намд элсэхэд хүлээж авсан тухайн үеийн намын дарга С.Баяр болон С.Батболд дарга, намын батлахаа гардаж авсан У.Хүрэлсүх даргад талархаж явдаг.

-Нэг их дээшлээд л байгаа үзүүлэлт биш гэж үү?

-Би үнэхээр дээшээ, доошоо болсон тухай хэлж мэдэхгүй байна. Зарим хүний хувьд төрийн алба гол зорилго нь байдаг байх. Миний хувьд хүндлэл, эрх ямба гэдгээс илүү надад ажил даалгасан л гэж бодож байгаа. Энэ түүхэн том төсвийг хэрэгжүүлэхийн өмнө намын зүгээс итгэл хүлээлгэж, төрийн албыг хийж чадна гэж тавьсан байх. Тийм учраас би энэ ажлыг хийх ёстой. Намайг энэ ажлыг хийх ёстой гэж хэлэхэд ч би энэ тухай л бодсон. Огт бодоогүй гэж хэлэхгүй.

-Анх энэ тухай хэзээ ярилцсан бэ?

-Хоёр сарын өмнө. Т.Очирхүү даргыг Улаанбаатар төмөр замын даргаар томилохтой зэрэгцээд л хэлсэн.

-Та хэзээ хариугаа өгсөн юм?

-Би тодорхой хэмжээнд бодож, зөвлөж байгаад шийдвэрээ гаргасан. Зарим нэг дотны хүмүүсийнхээ үгийг авалгүйгээр өөрийнхөөрөө  шийдсэн.

-Зарим нэг гэдэг нь?

-Гэр бүлийн маань дотны хүмүүс өөр, өөрийн бодолтой байсан. Мэдээж ээж хүн, миний хань миний төлөө л бодно шүү дээ. Улс төр хэл ам, гүтгэлгээр дүүрэн. Хүний хувийн амьдралыг шууд хаалтгүй болгодог гээд л асуудал олон бий.

-Сангийн яам ирэх онд түүхэндээ байхгүй их алдагдалтай, түүхэндээ байхгүй орлоготой төсвийг “удирдана”. Намуудын сонгуулийн амлалтаас үүдэлтэй энэ зохисгүй алдагдлыг танд зохицуулах боломж харагдаж байна уу?

-Миний өмнө нь хуримтлуулсан туршлага энд тодорхой хэмжээнд хэрэг болох болов уу гэж бодож байгаа. Хувийн салбарт ажилласан туршлага маань энд тодорхой хэмжээнд тус болоосой гэж хүсч байна. Мөн энэ хамт олноос суралцах зүйл ч надад асар их бий. Өнөөгийн Монгол Улсын төсөв үнэхээр бүх рекордуудаа эвдсэн асар том төсөв. Энэ утгаараа манай яаманд асар их хариуцлага ирж байгаа. Орлого төвлөрүүлэх, зарцуулалтыг зөв механизм руу чиглүүлж, улс орны хөгжлийг тэтгэх ёстой. Хяналтыг бид их сайн хийх ёстой. Энд ямар нэгэн хийдэл, алдаа гаргаж болохгүй.

-Танаас яг сарын өмнө  ярилцлага авахад та “Арабын зарим орнууд шиг иргэддээ бэлэн мөнгө тарааж болохгүй. Тэнд иргэд нь амьдрах ч сонирхолгүй болж байна. Иргэдээ тэдэн шиг тэжээвэр загас шиг болгож болохгүй” гэж хэлж байсан. Эндээс үүдээд ирэх оны төсөвт 850 тэрбум төгрөгийг зүгээр л сонгуулийн амлалтын төлөө зарлага болгож тусгасныг таныг яаж зөв зам руу нь чиглүүлэх вэ гэдгийг тань асуумаар байна?

-Би өмнө нь бизнесийн манлайлагч, чөлөөт иргэн, иргэний дуу хоолойг илэрхийлэгч болж ирсэн. Ярьж байсан, хэлж байсан тэр итгэл үнэмшлээсээ ухраагүй. Гэхдээ би өнөөдөр том баг, том байгууллагын гишүүн хүн. Хувийн хэвшилд ажиллах явцдаа сурч авсан чадвараа энд гаргана. Хүн уйгагүй, тэвчээртэй, зүтгэлтэй байж бусдыг манлайлж байж амжилтад хүрдэг. Түүнээс бус зарим нэг хүний боддог шиг шууд төрийн бодлогыг нэг өдөр өөрийнхөө хүссэнээр шинэчилнэ гэж байхгүй. Би ийм л бодолтой байна. Энэ явж байгаа хэмнэлийг хамгийн зөв зохистой болгохын тулд энд ажиллаж болно гэж бодож байна. Тийм гаргалгаа нь ч надад бий.

-Хоёр толгой дээр суурилсан эдийн засгийн хөгжлийн бодлого тэгвэл хэр зохистой юм бэ. Хэт туйлширсан хоёр толгой ба бусад уул уурхай гэсэн энэ чиг шугам Монгол Улсыг амжилтад хүргэж чадах уу?

-Би энэ төлөвлөгөөг зөвхөн эхлэл гэж үзэж байгаа. Бэлтгэл ажлыг хийсэн. Монголын үсрэнгүй хөгжлийн суурь нь тавигдсан. Энэ суурин дээр ямар бүтцийг бий болгож, ямар араг ясыг босгож, түүн дээрээ ямар биеийг бүтээж, ямар нийгмийг бий болгох вэ гэдгийг зөв тавих хэрэгтэй. Бид боловсролтой, эрүүл хүнийг бий болгож чадвал нэг үеийн дотор дунд болон дээгүүр орлоготой иргэдтэй болж чадна.

-Та ерөнхийдөө өөрийнхөө хэлээд байдаг үсрэнгүй хөгжлийн эхлэлийг тавигдсан гэж хэлж байна уу?

-Тийм ээ. Оюутолгой урагшаа явчихлаа. Дараа жилээс Тавантолгойг эргэлтэд оруулна. Суурь нь тавигдсан. Тэр “Хүний хөгжлийн сан” болон оюутны сургалтын төлбөртэй холбоотой зарлагыг оновчтой болгох, улс орныхоо эдийн засгийн хөгжлийг дэмжих, иргэдийнхээ амьжиргаанд бодитой тус хүргэх талаас нь бид бодох ёстой нь үнэн Мөн зөвхөн Оюутолгой, Тавантолгой бус бусад салбарт Монголын бизнес эрхлэгчид асар их бүтээн байгуулалт хийж байгаа. Тэр бүхнийг дэмжиж, хууль эрх зүй болон зохицуулалтын орчныг зөв чиглэлд оруулж, дийлэнх ашгийг нь Монголдоо үлдээж, ирээдүй үе тэр ашгийг тэгш эрхтэйгээр хүртдэг байхын төлөө ажиллах хэрэгтэй.

-Та өмнө нь Монголбанкнаас явуулж буй бодлогын талаар арилжааны банкны удирдлага гэдэг утгаараа тодорхой хариулт өгдөггүй байсан. Харин өнөөдөр Сангийн дэд сайдын хувьд бодит хариулт өгөх үү. Ерөнхий сайд гэхэд л илтгэлээрээ дамжуулаад Монголбанкны бодлогыг зөвхөн инфляци бус улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих том үүргээр тэлэх хэрэгтэй гэсэн санааг хэлж байсан?

-Монголбанкны үйл ажиллагаанд Засгийн газрын зүгээс хамаагүй дүгнэлт хийх нь буруу. Монголбанк бол УИХ-ын харъяаны , бие даасан бодлого гаргадаг байгууллага. Би өмнө нь хянуулдаг юм чинь гэж болгоомжилж байсан бол өнөөдөр байр суурь илэрхийлэх нь бүр ч хууль зөрчсөн үйлдэл болно байх аа. Зүгээр Монгол Улсын мөнгөний, төсвийн бодлогыг зохицуулж байгаа хоёр гол байгууллагын хувьд цаашид Тогтвортой байдлын зөвлөлөөрөө дамжуулж, асуудлыг ярилцаж, санал бодлоо солилцох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн эрсдлийн удирдлагын асуудалд дорвитой шинэчлэл хийх шаардлагатай гэсэн бодол бий.

-Таныг Сангийн дэд сайд болохтой зэрэгцээд Хас банкны эрх ашгийг Засгийн газарт хамгаалах үндсэн үүрэг хүлээнэ гэдэг хардлага бий болсон. Иймд та өөрийгөө Хас банкны эрх ашгийг хамгаалахгүй гэсэн баталгааг өгч чадах уу?

-С.Баярцогт сайдыг намайг хамт олонтойгоо танилцуулах үеэр би “Намайг хүмүүс Хасын Ганхуяг гэдгээр минь сайн мэднэ” гэдгийг хэлсэн. Үнэхээр муу нэрийг хусаад ч арилахгүй гэдэг шиг сайн нэрийг хусаад ч арилахгүй юм шиг байна. Би уг нь “Тэнгэр” санхүүгийн нэгдэл гэж хоёр жил явсан. Тэгэхэд хүмүүс Хасын Ганхуяг л гэж хараад байдаг юм билээ. Хүмүүс “Тэнгэр”-ийг тоохгүй байх шиг байна. Банкны тухайд би холдинг компанийнх нь хувь нийлүүлэгч. Гэхдээ би ажлаа хүлээлгэж өгөхдөө Хас банк болон бусад салбар компанитай холбоотой шийдвэр гаргахдаа надаас санал авч болохгүй гэдгийг хэлсэн. Би санал өгөхгүй, шийдвэр гаргалтад оролцохгүй гэдгээ үдэлт хийх үеэрээ 500 гаруй “Хас”-ын ажилтны өмнө хэлсэн. Нөгөө талаас би нэр хүндээ ямагт өргөж, хамгаалж явахыг хүсдэг. Энэ утгаараа нэр төрөө эрхэмлэхгүй, бизнесийн ашиг хонжоо хайгаад явбал би өөрөө өөртөө шударга бус хандсан болно. Би бий болгож бүтээсэн бүхнээ үгүйсгэж, найзалж нөхөрлөсөн найз нөхдийнхөө өөдөөс нулимсан болно. Цаг хугацаа энэ бүхэнд хариулт өгөх болов уу гэж бодож байна.

-Сангийн дэд сайдын албаар таны улс төрийн карьер эхэлж байна гэж олгож болох уу?

-Би гол шийдвэрээ 2009 оны долдугаар сард гаргасан. Түүний өмнө 2008 оны орон нутгийн сонгуульд оролцох маягаар суралцсан. Ерөнхий сайдын зөвлөхөөс энэ албанд ирснээс үүдээд хүмүүс улс төрд орж байна гэж харж байгаа байх. Эндээс цаашаагаа мундаг улстөрч болно гэж хэлэх боломжгүй. Цаашаа явах эсэхийг хийсэн ажлын үр дүн,  хамт олны тухайн үед өгөх үнэлгээ, итгэл гээд олон зүйл шийднэ байх.

-Танаас өмнө нь авч байсан ярилцлагаа бодсон ч, бусад сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг тань уншиж байсныхаа хувьд хэлэхэд та энэ богино хугацаанд асар их өөрчлөгдсөн юм шиг санагдаж байна. Та өмнө нь өөрийнхөөрөө гаргалгаа хийж, өөрийн байр суурийг ямар ч хяналтгүй илэрхийлдэг байсан. Харин өнөөдөр та үгээ асар их цэгцэлж, бодож хэлж байна. Уучлаарай, би өөрийгөө буруу бодоогүй гэж бодож байгаа учраас шууд асуучихлаа?

-Би зөвшөөрөхгүй байна.

-Яагаад?

-Өөрийн тань дүгнэлтийн зарим хэсгийг нь зөвшөөрч байна. Зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр би өнөөдөр асар их хариуцлага үүрч байгаа. Хүн өөрийн үүргээ ухамсарлах ёстой. Миний буруу, зөрүү үйлдэл бусдыг эвгүй байдалд оруулж, цаашдын төрийн том зорилгыг буруугаар ойлгуулчих вий гэдэг болгоомжлол үнэндээ надад байна. Би өмнө нь маш хурдан ярьдаг, боддог байсан бол өнөөдөр төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээгээд ажиллаж байж асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй шүү дээ. Нөгөө талдаа чи миний өрөө, ажил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хариултыг минь бас хангалттай гэж хүлээж авахгүй байгаа байж болох л юм.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн дотроо бодолтой, буурьтай суурьтай байж өөрийгөө өөрчлөх ёстой гэж яриад байдаг нь бас оргүй шаардлага биш бололтой. Тийм үү?

-Ямар ч л байсан миний хувьд зарим нэг алдаа дутагдал, зан чанараа засах шаардлага байгаа байх. Энэ нь зайлшгүй хүлээх ёстой хариуцлага гэж бодож байна. Намайг хүмүүс энэ албан тушаалын суудлаас харна шүү дээ. Мэдээж өөрийн хэлэхийг хүссэн үгээ бол хэлэлгүй яах вэ.

-Таныг “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн захирал байх үед  сарын тань цалингийн тухай мэдээ чамгүй шуугиан дэгдээх шиг болсон. Өнөөдөр бол та төрийн албан хаагчийн л цалин авах нь тодорхой. Иймд энэ талаар ямар хариулт хэлэхийг тань тодруулмаар санагдлаа?

-Би Хас банкийг үүсгэн байгуулж, нэрийг нь өгч, өнгөрсөн 12 жилийнх нь түүхийг бичилцсэний хувьд зүрх сэтгэлээрээ хамт байна гэдгээ хэлсэн. Харин цаашид ажил төрлийн ашиг сонирхол, холбоо хэлхээ байхгүй гэдгийг хамт олныхоо үдэлтийн үеэр хэлсэн. Энэ сараар миний хувийн хэвшилд ажиллах түүх дуусч байна гэж ойлгож болно. Цалингийн хувьд бол мэдээж тийм хэмжээний цалин одоо байхгүй.

-Анхнаас нь үүсгэн байгуулсан хүний хувьд хамт олондоо “Баяртай” гэж хэлэхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Үг хэлэх гээд микрафон барьсан чинь эхлээд дуугарч чадаагүй. Хамт олон маань сайхан үдсэн. Залуу нас, эрч хүч гээд бүхий л зүйлээ би тэр хамт олны дунд өнгөрүүлсэн. Гол нь миний хувьд илүү үр дүнтэй, олон түмэнд хүрч ажиллах боломжийг сонгосон.

-Та өөрийнхөө санаачилсан чоно эдийн засаг гэсэн томъёоллоо Сангийн яаманд бодит зорилго болгох талаар бодож байна уу?

-Одоо харин тэр саналаа хамт олонтойгоо ярьж байгаад томъёолох боломж олдоно гэж найдаж байна.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж