Дэлхийд тоогдсон Монголын “Голомт”

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Дэлхийд тоогдсон Монголын “Голомт”

2007 онд байгуулагдсан Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл дэлхийн хамгийн “баян” бие даасан хөрөнгө оруулалтын сангийн жагсаалтад багтаж дуулиан тарьж байсан нь саяхан. Өдгөө уг сан Арабын Нэгдсэн Эмиратын төдийгүй, дэлхийн эдийн засагт нөлөө бүхий байгууллага болж байна гэдгийг “Форбес” сэтгүүлийн өгсөн “оноо”-гоор дүгнэхэд хангалттай. Тэгвэл Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөлтэй Монголчууд бид холбогдсон байна гэвэл та итгэх үү. Би ч эхэндээ итгээгүй л юм. Биднийг дэлхийтэй “холбосон” гүүр нь “Голомт” банк байсныг АДХОЗ-гийн цахим хуудаснаас саяхан олж мэдлээ.

Тэд дэлхийн орнуудын “ирээдүйтэй” банкуудыг онцолж, өөрсдийн нарийн шүүлтүүрээр шүүсний эцэст “Голомт” банкийг сонгож 35 сая долларын хоёрдогч өглөгийн гэрээ байгуулсан байна. 35 сая доллар гэдэг тоглоом биш. Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл хөрөнгийнхөө бодит өртгийг хадгалах, өсгөхийн тулд дотооддоо болон гадаадад урт хугацааны ашигтай хөрөнгө оруулалт хийж, дэлхийн томоохон хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах, том компаниудын хувьцааг худалдан авах замаар ноогдол ашиг авах, зээлдүүлэх чиглэлээр дэлхийн “томчууд”-тай түншилдэг. Энэхүү “том” шаардлагад Монгол Улс, тэр дундаа “Голомт” банк нийцсэн нь Монголын эдийн засгийн ирээдүйд өгсөн оноо гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Энэхүү итгэлцэлтэй зэрэгцэн Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга ноён Марк Кютисыг “Голомт” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинээр томилжээ. Энэ хүн “Bank of America”, “Morgan Stanley”, “Dresdner”, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг дэлхийн нэр хүндтэй банкуудад хариуцлагатай албан тушаал хашиж ирсэн, олон улсын банк санхүүгийн зах зээлд нэр хүндтэй хүн юм. Түүний хөрөнгө оруулалтын удирдлагын туршлага нь дэлхийд “загвар” болдог гэдгийг нэртэй банкирууд гадарлах биз.

Хөрвөх чадвартай хоёрдогч өглөгийн зээл олгох ийм гэрээ байгуулах үйл явц Монгол улсын түүхэнд хоёронтоо тохиож байгаа нь энэ. 2007 онд дэлхийн томоохон банкуудын нэг Швейцарын “Credit Suisse” мөн л “Голомт” банктай хөрвөх чадвартай хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж байсан байх юм.

Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга ёсоор банкны Төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус хөндлөнгийн нэг гишүүн байна гэж заасны дагуу Монголбанкны ерөнхийлөгч асан Ж.Үнэнбат Голомт банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилогдсон байна. Тэрээр Монголын компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, Бичил санхүүгийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн гишүүн зэрэг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг хашдаг. Түрүүний асуултын хариу энэ ч байж болох юм. Нэр хүнд, итгэл, баталгаа.

Ийнхүү “Голомт” банкны ТУЗ Д.Баясгалан (ТУЗ-ийн дарга), М.Зоригт, Л.Болдхуяг нарын гишүүд дээр олон улсын болон дотоодын нэр нөлөө бүхий туршлагатай хоёр банкираар бүл нэмсэн нь ч бас нэг “оноо”.

Дэлхийн санхүүгийн хүчирхэг акулууд Монголыг тэр дундаа “Голомт” банкийг сонгож, итгэл хүлээлгэж буй нь дэлхийн тавцанг бидэнд улам л ойртуулж байна.
 
Б.Солонго

Эх сурвалжийг: Өнөөдөр сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж