Андерсон “МанЮ”-тай гэрээгээ сунгалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Андерсон “МанЮ”-тай гэрээгээ сунгалаа

Английн Премьер лигийг тэргүүлж буй “Манчестер Юнайтед” клубын удирдлага хагас хамгаалагч Андерсонтой гэрээгээ сунгасан тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр бразил хагас 2015 оны зургадугаар сар хүртэл Олд Траффолдын цэрэг байх юм. 2007 онд Португалийн “Порту” багаас ирж, “Улаан чөтгөрүүд”-тэй нэгдэж байсан Андерсон сүүлийн үед уран чадварлаг тоглолтоороо Олд Траффордын фанатуудыг баярлуулж, саяхан гэхэд л “Арсенал”-ыг 1:0-ээр хожиход талбайд багагүй хувь нэмрээ оруулсан билээ. Тус тоглолтод хожсоноор “МанЮ” лигийн хүснэгтийг тэргүүлэх болсон юм.

Андерсон гэрээгээ сунгасан талаар Сэр Алекс Фергусон “Андерсон бидэнтэй нэгдсэн цагаасаа хойш олон гайхалтай тоглолтоор бэлэг барьсан. Дөнгөж 22 настай түүнд гайхалтай ирээдүй бий. Топ төвшний тоглогч болж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Харин Андерсон өөрөө “МанЮ бол хамгийн гайхалтай баг. Өнгөрсөн хугацаанд надад тусалж, дэмжиж байсан бүгдэд талархлаа илэрхийлье. Юнайтедтай хамт олон тэмцээнд түрүүлж, олон цом авахыг хүсч байна. Тиймээс ч гэрээгээ шинэчилсэндээ сэтгэл хангалуун байна” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж