Английн хөлбөмбөгийн Премьер лиг эхлээд бараг талдаа орж байхад “Уэстхэм Юнайтед” клуб хоёрхон хожиж, 12 оноотой хүснэгтийн сүүл мушгиж байгаа билээ. Бүрэлдэхүүн муугүй байгаа ч амжилт үзүүлж чадахгүй яваа Лондонгийн багийн удирдлагууд муу амжилтаа дасгалжуулагчтайгаа холбон үзэх болжээ. Ингэснээр дараагийн гурван тоглолтоос шалтгаалан Аврам Грантыг халахаар болсон байна. Энэ нь ердөө л өнгөц заалт бөгөөд Грантыг өнөө маргаашгүй ажлаас нь халж байгаа аж. 55 настай Израйль менежерийн оронд саяхан ажлаасаа халагдсан “Блэкбурн”-ы дасгалжуулагч Сэм Аллардайс ирэх магадлал өндөр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сэм Аллардайс ирээд өвлийн солилцоо наймаанд бүрэн эрх мэдэл, ихээхэн хэмжээний мөнгө гаргаж өгөхийг клубын удирдлагаас хүсчээ. Үүнийг зөвшөөрвөл багийн менежер болоход бэлэн гэсэн байна. “Уэстхэм” өнгөрсөн улиралд ч гэсэн хасагдах шатны байдалд явж байгаад дасгалжуулагч Жанфранко Золаг халж, “Портсмут”-ын менежер Аврам Гранттай дөрвөн жилийн гэрээ байгуулж байсан. Грант ажлаа муугүй хийж багийг ямар ч байсан дээд лигт үлдээж чадсан ч энэ жил түүний бүрэлдэхүүнд Жэк Коллисон, Томас Хицлэшбэргэр, Валон Бэхрами, Кэйрон Дайер, Карлтон Коул, Марк Нобл зэрэг гол тоглогчид нь гэмтлийн улмаас тус болж чадаагүй юм.
Score Studio