Үр хөндөлтөөр жилдээ 70 мянган эмэгтэй амиа алддаг

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Үр хөндөлтөөр жилдээ 70 мянган эмэгтэй амиа алддаг

Мэргэжлийн бус хүний буюу ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд хийсэн үр хөндөлтийн улмаас дэлхийд 70 мянган эмэгтэй жил тутам амиа алдаж байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллээ. Тийм үйлдлийн улмаас эрүүл мэндээрээ таван сая орчим эмэгтэй хохирч байгаа аж.
Эдгээр баримтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн Гаттмахерийн институтын хамтран явуулсан судалгааныхаа илтгэлд дурджээ. Уг судалгаанд 1995-2003 оны  хооронд үр хөндөлтийн тоо 46-42 сая хүртэл буурсныг тэмдэглэв. Гэсэн  ч нууц, аюултай нөхцөлд хийгдэх үр хөндөлтийн хэмжээ 50 хувиа барьсаар байна.
Үр хөндөлтийн 35 сая нь хөгжиж буй орнуудад ноогдож байгаа бөгөөд тэдний 97 хүртэл хувь нь аюулгүй бус нөхцөлийнх болж байна. Өдгөө дэлхийн хэмжээнд таван жирэмслэлтийн нэг нь үр хөндөлтөөр төгсч байна. Гэхдээ энэ үзүүлэлт янз бүрийн бүсэд өөр өөр байна. Тухайлбал зүүн Европын орнуудад 100 төрөлт тутам 105 үр хөндөлт. Баруун Европт энэ үзүүлэлт 100-д 23, Хойд Америкт 100-д 33 байгаа аж. Африкийн олон оронд үр хөндөлтийг хуулиар хориглосон учир дээрх үзүүлэлт 100-д 17 байгаа ажээ.
Судлаачдийн үзэж буйгаар үр хөндөлтийг хуулиар хориглох нь түүний тоог багасгадаггүй гэнэ. Тухайлбал, үр хөндөлт нь хориотой, ДОХ-оос урьдчилан сэргийлэх нь гэр бүлээс гадуурх сексийн эсрэг чиглэдэг Гана улсад 1000 жирэмсэн эмэгтэйд 54 үр хөндөлт ноогдож байжээ. Тэр нь АНУ-ын үзүүлэлтээс хоёр дахин их гэсэн үг юм. Гэхдээ эдгээр тоо нь үр хөндөлтийг хориглосон орнуудад уг тохиолдлын тоог нарийвчлан гаргадаггүй учир хангалттай баталгаа бүхий баримт биш юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж