Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үүднээс Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд “Үртсэн түлшний үйлдвэр” байгуулсан. Тус үйлдвэрийн утаа бага ялгаруулдаг, шаталт сайтай бүтээгдэхүүнээр Улаанбаатар хотын зарим хороодыг хангаж, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр зөвхөн энэ түлшийг хэрэглэдэг болгохоор ажиллаж эхлээд байгаа. Үртсэн шахмал түлшний иж бүрэн цогцолбор үйлдвэр барих нээлттэй тендерт “Номин холдинг”, ”Хялганат хангай” ХХК-ний хамтарсан “Хос гарьд” түншлэл шалгараад байгаа. Тендерт зааснаар энэхүү үйлдвэрийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулах гэрээтэй байсан боловч одоогоор бүрэн дуусаагүй байгаа юм. Анх төсөлд заасан хаягдал модоор галладаг халаах зуух нь өөрчлөгдөж нүүрсээр галладаг болсон, үүнээс улбаалаад эцсийн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэхээр байгаа зэрэг цөөнгүй асуудал үүсээд байгаа учир нийслэлийн агаарын чанарын алба болон тендерийн үнэлгээний хорооноос дахин шалгалт явуулахаар боллоо. Шалгалтыг 14 хоногийн дотор явуулж дүгнэлтийг дахин оруулж ирэхийг хотын дарга холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.
Д.Цэцэн