
Алдарт хөгжмийн зохиолч Бетховены 12 жилийн турш туурвисан IX симфонид “Энэ дэлхийн сая сая хүмүүс гар гараасаа барилцаж, бие биеэ тэврэн харилцан ойлголцож, хамтдаа эвтэй найртай амьдаръя” гэж өгүүлдэг. Ард түмнийг эрх чөлөө, эв нэгдэлд уриалан дуудсан утга агууламжтай уг симфони хожим нь Европын Холбооны сүлд дуулал болсон байна. IX симфони нь дан хөгжмийн бус дуу, хөгжмийг хослуулж хамгийн төгс хувилбараар хийсэн бүтээл учраас дэлхий дахинд сонгодог урлагийн ноён оргил гэж хүлээн зөвшөөрөгддөг билээ. Тиймээс ч найрал хөгжимчид, гоцлол болон найрал дуучид, тэр тусмаа удирдаачаас маш их ур чадвар, хөдөлмөр, авьяас шаардсан бүтээл юм. УГЗ Н.Бүтэнбаяр удирдан тоглуулах симфони тоглолтонд найрал хөгжимчид, гоцлол дуучид УГЖ С.Мөнгөнцэцэг болон М.Дарииймаа, Г.Шижирболд, Ц.Баттөр, ДБЭТ-ын найрал дуучид, уран бүтээлчдийн бүрэлдэхүүн оролцох бөгөөд ДБЭТ-д 12 сарын 16-нд ганцхан удаа болох юм.
Нийгмийг соён гэгээрүүлэх сонгодог урлагийн төрлийг хөгжүүлэхэд зөвхөн мэргэжлийн байгууллага төдийгүй ХБНГУ-ын Элчин сайдын яам, М-Си-Эс групп, Ханнс Зайделийн сан, UBS телевиз, “Olloo” компаниуд хувь нэмрээ оруулж байгаагийн бодит илэрхийлэл болж, Бетховены IX симфонийг үзэгчиддээ үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон байна.