-Хүний хөгжил сангийн мөнгийг буцааж татахгүй гэж мэдээлсэн ч иргэдийн бухимдал улам ихэслээ. Үнэхээр ирэх онд нөхөн олгоно гэдэг нь баталгаатай юу?
-Ирэх онд энэ журмаараа нөхөн олгоно гэж мэдээлж байгаа ч иргэд сайн ойлгохгүй банкинд дугаарласан хэвээр байгаа нь үнэн. Энд онцлон хэлэхэд ямар ч гэсэн нөхөн олгоно. Иргэд санаа зовоод байх хэрэггүй. Тодруулбал Хүний хөгжил сангийн хуулиараа энэ мөнгийг он дамжуулж нөхөн олгохоор заасан. Хувь хишгийг иргэн бүрт хаяглан байршуулсан учир буцаан татахгүй.
-Сангийн яамтай энэ асуудлаар тохиролцоно гэж байсан. Одоо болтол шийдэлд хүрээгүй юм уу. Эргэн татсан тохиолдолд нөхөн олгох ажил дахиад удааширна гэх юм?
-Сангийн яамтай ярилцах шатандаа явж байна. Төсвийн тухай хуулиар эргэн татаж болно. Гэхдээ энэ ажил иргэдэд огт хамаагүй шүү дээ. Манай байгууллага, Сангийн яам хоёрын шийдэх хэрэг. Татсан татаагүй он дамжсан ч мөнгөө авах эрх нь хэвээр байна. Яагаад гэвэл энэ мөнгө батлагдаад байршсан байгаа.
-Одоогийн байдлаар хэдэн хүн Хүний хөгжил сангийн мөнгөө аваад байна вэ?
-Шинэчилсэн бүртгэлээс өмнө олгосон 70 мянган төгрөгийн олголт эрчимтэй өрнөж хоёр сая 660 мянган хүн буюу нийт хүн амын 97.5 хувь нь мөнгөө авсан. Харин өнгөрөгч наймдугаар сараас сар бүр олгох 10 мянган төгрөгийг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулж байгаа нь удаашрах шалтгаан болж байгаа гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар нэг сая 750 мянган хүн буюу нийт иргэдийн 64 хувь нь хувь хишигээ авсан гэх мэдээ ирлээ. Үүний цаана нэг сая гаруй иргэн Хүний хөгжил сангийн мөнгөө авах эрх нь үүсээгүй байна.
-Иргэний шинэчилсэн бүртгэл 90 гаруй хувьд хүрсэн байхад хишиг олголт удааширч байгаагийн шалтгаан юу вэ?
-Энэ нь зөвхөн манай байгууллагаас шалтгаалаагүй л дээ. Хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал оршин суугаа газраа бүртгэлдээ хамрагдсан ч тэр нь УБЕГ-т нэгдэж, тэндээсээ манай байгууллагад ирж, манайх банкуудад нэрийг нь өгөхөд хүлээгдэж байна. Үүнээс гадна иргэдийн регистрийн дугаар, овог нэрний үсэг зөрөх зэрэг тохиолдолд түүнийгээ засах шаардлага гарснаас удааширч байгаа талтай. Үүнээс гадна эцэг эх нь зөрчилтэй юмуу, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаагүй тохиолдолд хүүхдүүдэд мөнгө авах эрх үүсэхгүй байгаа нь удаашрах бас нэг шалтгаан болж байна. Наймдугаар сараас өмнө олгосон 70 мянган төгрөгийг 917 мянга 400 хүүхэд авсан бол энэ удаагийн 10 мянган төгрөгийг 617 мянган хүүхэд нэг сая 132 мянган том хүн авсан тоо байна. Тэгэхээр эцэг эхээсээ шалтгаалж 10 гаруй мянган хүүхэд мөнгөө авч чадахгүй сул хүлээгдэж байгаа гэсэн үг.
-УБЕГ-аас танайд ирүүлсэн нэрийг ямар хугацаанд банкинд өгч байгаа юм бэ?
-Хүмүүс манай байгууллага дээр сар болоод байна гэж ойлгоод байх шиг байна. УБЕГ-аас зөрчилгүй гээд нэр нь ирсэн тохиолдолд нэг өдрийн л ажил. Манай байгууллага дээр удаашрахгүй. Нэрсийг харьяа банкуудад өгч байгаа.
-Танайх УБЕГ-аас долоо хоногт хэдэн удаа нэрс авч байна. нэг удаа ирэхдээ дунджаар хэдэн хүний нэр ирж байна вэ?
-Долоо хоногт нэг удаа зөрчилгүй болсон иргэдийн нэрийг авч байна. Нэг удаадаа 10 мянгаас 60 мянган хүний нэр ирдэг. Хүлээж аваад арилжааны банкуудад шууд хуваарилж байгаа. Сүүлийн өдрүүдэд мөнгөө авах эрх нь үүссэн иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ нь оноос өмнө амжиж мөнгөө авах гэснээс үүдэлтэй байх.
-Сүүлийн өдрүүдэд банкинд дугаарлах иргэдийн тоо эрс нэмэгдсэн харагдсан. Олон банкаар олгох боломж байгаагүй юм уу?
-Хүний хөгжил сангийн мөнгийг олгох банк сонгон шалгаруулах тендер зарлаж Хаан, Хадгаламж, Капитал гэсэн гурван банк шалгарсан юм. Дээрх банкуудаас Хаан, Хадгаламж банкууд аймаг сум бүрт салбартай. Капитал банк бүх дүүрэг, Дархан, Эрдэнэт зарим аймгийн төвд салбартай учир хүндрэл гарахгүй гэж тооцоолсон хэрэг. Тэгээд тухайн аймаг ,сум, дүүрэг хороонд хамгийн ойрхон банкнаас мөнгөө авахаар сум, баг, хороодыг хуваарилсан. Дугаарлаж байгаа иргэдийн олонх нь нэрээ орсон эсэхийг лавлах гэж бухимдал үүсгэж байгаа. Түүнээс биш мөнгөө авах гээд дугаарлаад байгаа юм биш. Олон банк байлгая гэхээр дор хаяж 20 мянган хүнд үйлчлэх боломжтой ажилтан, үйлчилгээний танхим, салбартай байх ёстой. Энэ шаардлагыг олонх банк хангахгүй байна.
-Тэгвэл банк болгон нэр нь байршсан иргэдийн регистрийн дугаарыг үүдэндээ хадаж байгаа юм уу?
-Долоо хоног бүр нэрс гаргаж тавьж байгаа.Гэтэл иргэд заавал дугаарлаж бухимдаж, нэрээ орсон эсэхээ лавлах нь их байна л даа.
-Дүүрэг, хөдөө орон нутагт хувь хишиг олголт хэдэн хувьтай байна?
– Сүхбаатар дүүрэг өндөр буюу 83 хувьд хүрсэн бол Багануур, Багахангай, Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд 70 орчим хувьтай байна. Ерөнхийлдөө хүн ам цөөн дүүрэгт харьцангуй өндөр хувьтай байгаа нь ажиглагдсан. Харин хөдөө орон нутгийн нийт дүн 57 хувьтай байгаа нь нийслэлээс доогуур яваа гэсэн үг.
Дүүрэг хороондоо хурууны хээгээ оруулж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэний нэр УБЕГ-т ирэх гэж нэг сар, нэгдсэн мэдээлэлд орох гэж бас нэг болно. Үүний дараа Хөдөлмөр халамжийн төвд ирээд бараг л өдөртөө банкинд шилжинэ гэж албаны хүн хэллээ. УБЕГ-ынхны мэдээлэл харин үүнийг үгүйсгэж байна. Тус газарт иргэдийн мэдээлэл уягдсан зүйлгүй гэж мэдэгдэж байгаа юм. Гэтэл зөрчилгүй хэрнээ УБЕГ-т гурван сар, хөдөлмөр халамж үйлчилгээний төвд ирээд хэд хонох тодорхойгүй гацчихсан иргэн ч байх юм.