Нийслэлд өдөрт 10 орчим хүн хөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Нийслэлд өдөрт 10 орчим хүн хөлдөж байна

Сүүлийн өдрүүдэд цочир хүйтэрч, бидний нэрлэж заншсанаар хуучин гэмтлийн эмнэлэг буюу Түлэнхийн төвд хандагсад ихэсдэг гэх мэдээллийн дагуу тус эмнэлгийг зорисон юм. Эмнэлгийн үүдний зааланд гэр бүлийнхнээ эргэх гэсэн,  гаднаас үзүүлэхээр орж ирэх хүмүүс нилээдгүй байв. Харин эмнэлгийн зүүн жигүүрт байрлах хүлээн авах тасгийн үүдэнд “ЯТТ 103” гэсэн цамцтай халамцуу нэгэн эрэгтэй ажлаа хаяад архи уугаад гара хөлдөөсөн гээд сууж байв.Үзлэгийн өрөөнд хоёр орчим насны жаахан охины хөлийг эмч үзэж байв. Түүний хөлийн шагай орчмоор түлэгдсэн шарх байх аж. Жижүүр эмчид  сүүлийн үед хөлдөж, түлэгдсэн хүн их ирж байна гэсэн энэ талаар таниас яриа авах гэсэн юм хэмээн ирсэн зорилгоо хэлэв. Тэрээр зэргэлдээ өрөөний хаалгыг онгойлгоход  “гудамжны” гэх тодотголтой нэгэн эрэгтэй хүн хэвтэж байв. “Манай эмнэлэгт орон гэргүй 4-5 хүн ирдэг юм” гэж хэлснээр бидний яриа эхэллээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн клиникийн гэмтлийн эмч Т.Бат-Эрдэнэ

-Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр хөлдсөн хүн их ирж байна. Орон гэргүй хүмүүс эмнэлгээс гарахгүй байгаад л байдаг гэж байсан?

-Өдөртөө хөлдсөн осгосон 5-6 хүн ирж хэвтдэг юм. Гадуур архи ууж яваад хөлдөөд хүрээд ирдэг. Хөлдөлт нь гайгүй бол оройдоо гарчихна, хүндхэн бол эндээ хэвтүүлнэ. Хэдийгээр тэд ямар нэгэн бичиг баримтгүй  байсан ч хэвтүүлж, эмчилгээ хийж өгөөд гаргадаг. Гэхдээ дан ганц осгосон, хөлдсөн хүмүүс ирдэггүй. Нохойд уруулсан, хөлдсөн, түлэгдсэн хагалгааны дараах шарх нь сэдэрсэн зэрэг шалтгаанаар өдөртөө 40-50 хүн хандаж байна. Нийт хэвтэж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь хөлдсөн буюу нийслэлд өдөрт 10 орчим хүн хөл, гараа хөлдөөж байна гэсэн үг. Мөн нохойд уруулсан  гэсэн шалтгаанаар эмнэлэгт ханддаг. Сонирхолтой нь золбин нохой хүн урдаггүй юм билээ. Ихэвчлэн айлын хашаанд байдаг уяатай нохой эсвэл гэртээ тэжээдэг том, жижиг нохойтой бага насны хүүхдүүд эрхэлж, тоглож байгаад хазуулчихдаг. Гэтэл хүмүүс хазсан нохойныхоо үсийг шархан дээр нь нааж буруу эмчилгээ хийх нь их байна.

-Танай эмнэлэгт хүмүүс ихэвчлэн ямар шалтгаанаар хөл гараа хөлдөөлөө гэж ирдэг вэ?

-Үдэш оройн цагаар баар цэнгээний газраас халамцуу гарч ирсэн хүмүүсийг зодож гэмтээх нь их байна. Согтуу хүнийг зодчихоод гутал, гадуур хувцас зэргийг нь тайлаад авчдаг. Тэд хөл нүцгэн хөлдүү асвальтан дээр зогсож машин зогсоох гэхэд суулгах жолооч ч олдоггүй. Гэтэл энэ хүйтэнд хүн хөл нүцгэн 30 минут зогсоход л хөл нь хөлдөж орхидог. Мөн зодуулсан  хүн ухаан алдаад уналаа гэхэд хөл гарын хуруу хамгийн түрүүн хөлддөг. Харамсалтай нь ингэж хөлдөж байгаа ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-аас доош насны залуус байна. Ялангуяа оюутан залуус  шинэ оны баярын үеэр дарвиж яваад хувцас хунараа дээрэмдүүлснээс хөлдөх тохиолдол гарч байна. Түүнээс гадна залуучууд хувийн бэлтгэлээ хангалгүй  ийш тийш х холын замд гарчихдаг. Гэтэл машин нь хээр зогсоод хөл гараа хөлдөөгөөд ирж байна.

-Хөл, гар нь хөлдсөн хүмүүст ямар эмчилгээ хийх вэ?

-Хөлдөнө гэдэг нь их аюултай өвчин. Судас агшиж,  цус царцаж, амь насанд аюул учруулдаг. Хөл гарын хөлдөлтийн зэргээс хамаарч эмчилгээ янз бүр. Хөлдсөн хүний хөлдөлтийн зэрэг өндөр буюу гуравдугаар зэргээс дээш бол эдгэрэхгүй гэж үзэн тайрах мэс засал хийдэг.

-Хөл тайрах хагалгааг хэр их хийдэг вэ? 

-Энэ төрлийн хагалгааг ер нь нилээн хийж байна. Ул нь хөлдсөн хүний яс цухуйчихдаг. Тиймээс хөлийнх нь шагай орчмоор улыг нь тайрахаас өөр арга байдаггүй. Зөвхөн миний хувьд өнгөрсөн онд 10 гаруй хүний хөлийн тайрсан. Манай эмнэлэгт 12 гаруй эмчтэй  энэ төрлийн хагалгааг хийж байна. Харин хөл гарын хуруу тайрах  хагалгаа зөндөө хийгддэг тул жижиг хагалгаанд тооцох болсон. Үнэндээ хуруу гар нь тайрагдсан хүн олон болж байна гээд бодохоор хэцүү л дээ.

-Хөлөө тайруулсан өвчтний сэтгэл зүй ямар байх вэ?

-Маш хүнд. Ихэвчлэн залуу хүмүүс байдаг. Эдгээд сэтгэл санааны засалд хичнээн орсон ч тэр хүн архичин болох магадлал өндөр байдаг. Хөлтэй байсан хүн нэг сэрэхэд хөл  нь тайрагдсан байна гээд бодоод үз дээ. Хэдийгээр тэр хүн ямар ч сайн хиймэл хөл хийлгэсэн 10 -20 жилийн дараа  тайрагдсан хэсгээрээ яс  нь цухуйгаад гараад ирдэг. Тиймээс тэр хэсгээс  нь дээшлүүлж тайрсаар л байдаг. Түүнээс гадна  тухайн хүн жин нэмэх, юм өргөх, эрүүл хүн шиг гүйж харайх боломжгүй болдог. Харин гараа тайруулсан нь  арай дээр.

-Хүйтрэхээр гэр хорооллын айлууд гал алдаж, түлэгдэж гэмтэх нь цөөнгүй байна гэж мэдээлж байсан. Танайд ийм байдлаар түлэгдэж ирэх хүмүүс хэр их байдаг вэ?

-Өдөрт ирдэг хүмүүсийн арав орчим хувь нь л гал түймэртэй холбоотойгоор ирдэг. Харин бусад түлэгдээд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ахуйн хэлбэрээр буюу халуун цай хоол, ус буцалгагчны бариул мултрах, болгоомжгүй барих зэргээс халуун ус асгаж түлэгдэх нь их байна. Хүний эрүүл саруул өсч байсан 1-2 настай хүүхэд түлэгдээд  ороод ирэх их өрөвдмөөр. Хамгийн гол нь түлэгдсэн хүүхэд хордлогонд орж, үүнээсээ болоод амь насаа алдсан тохиолдол цөөнгүй бий. Манай эмнэлэгт хэвтэж буй нийт түлэгдсэн хүний 80 орчим хувь нь бага насны хүүхэд. Түүн дотроо 0-2 хүртэлх насны хүүхэд байдаг. Хүүхэд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас зуух, пийшинд гар хөлөө түлэх нь их байна. Сүүлийн үед Хятадын дороо халаагчтай халуун тогоонд түлэгдэж ирэх хүүхэд их боллоо. Учир нь айлууд халуун тогоог ихэвчлэн шалан дээр тавьж хоол ундаа хийдэг. Гэтэл бага насны хүүхэд тогооны ойр явж байгаад санамсаргүй суух, унах зэргээр түлэгдэж орхидог. Ингэж түлэгдэхэд маш гүн түлэгдэлт үүсдэг. Хүүхэд эндсэн тохиодол ч  бий. Учир нь халуун тогооны түлэгдэлт нь  хордлого их өгдөг. Нөгөө талаар шинэ он дөхөх үеэр түлэгдэлт нэмэгддэг. Тухайлбал, динамит, бенгалын гал, салют зэргийг асааж санамсаргүй байдлаар энгэр лүүгээ хийх, нүд рүүгээ оруулах зэргээр түлэгддэг. Мөн бага насны хүүхэд гацуур модны гэрлэн чимэглэлийн тогтой утсан цохиулан түлэгддэг. Манайд худалдаалагддаг энэ төрлийн гэрлэн чимэглэл нь Хятадын хямд үнэтэй, чанаргүй  утсаар холбогдсон байдаг. Тэр утас нь  энд тэндээ тасарсаныг бага насны хүүхэд анзаарахгүй барьж аваад түлэгддэг.  

-Хүмүүс чих гараа хөлдөөчихвөл цасаар үрэх, түлсэн бол янз бүрийн тос, элсэн чихэр түрхэх, зэргээр өөрсдөө эмчилдэг. Энэ нь эмчилгээ болж чадах уу?

-Маш буруу. Түлэгдсэн хүмүүс ихэвчлэн хэзээ  үйлдвэрлэгдсэн, хэр удаан хадгалагдсан нь мэдэгдэхгүй  шархны тос түрхэж байгаа нь эм болохоосоо илүү хор болж байна. Зарим хүн гутлын тос түрхээд тэр нь шархалсан тохиолдол ч байна. Сая миний үзлэг хийж байсан хоёр настай охины хөлийг харсан уу. Уг нь тэр хүүхэд хөлөө ус буцалгагчинд байсан халуун усанд түлчихэд шарх  нь анх багавтар байсан юм билээ. Эцэг эх нь хүүхдийнхээ хөлийг түлэгдэнгүүт нь манай эмнэлэгт авчралгүй өөрсдөө адууны махаар боогоод долоо  хоног болгочихож. Гэтэл хүүхдийн шарханд бохир ороод шээс нь хоригдож, халуурч, хордлогод оруулчихаад ирж байна.

-Халуун усанд түлэгдсэн тохиолдолд авах хамгийн энгийн, хурдан эмчилгээний арга юу вэ?

-Хүйтэн ус. Түлэгдсэн хүний хувцыг тайлах гэж удаж сандарахад 2-3 минут болдог. Энэ хугацаанд түлэгдэлт гүнзгийрсэн байдаг. Үүний оронд хүүхэд, том хүн гэлтгүй тэр хэсэгт нь хүйтэн ус   цацах хэрэгтэй. Энэ бол хамгийн энгийн арга.

-Хүйтэн сэрүүний улиралтай холбоо­тойгоор хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Судалгаагаар нийт өвлийн улиралд хөлдөөд ирдэг хүмүүсийн дийлэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөл гараа хөлдөөчихдөг. Тиймээс өөрийнхөө амь нас эрүүл мэндэд өөрсдөө л анхаарал тавьж байх хэрэгтэй. Түүнээс гадна манай эмнэлэгт унаж татсаны улмаас хөлдөж, түлэгддэг хүн  ч цөөнгүй ирдэг. Эмнэлэгт ханддаг 100 хүний хоёр нь ийм шалтгаантай. Гэтэл тэдгээр хүмүүс гудамжинд зүгээр л явж байгаад ухаан алдаж унаад хөлдөж осгоно. Хоол хийж байгаад тогоотой хоолондоо нүүрээрээ унаад түлэгдчихнэ. Ийм өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэн нь түүнийг үлдээхгүй байх, явуулахгүй байхад анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна монголчууд маань хүн хүнээ гэсэн хүнлэг сэтгэл үгүй болж байна. Учир нь гудамжинд хэн нэгэн хэвтэж байхад түүнийг татаад дулаан газар оруулчих, яагаад унасныг нь асуух хүн бараг үгүй болж. Ядахад дулаан газар оруулаад 103 дуудчих сэтгэл дутах болж дээ. Гадаа хэвтэж байгаа л бол гудамжны орон гэргүй, архичин хүн байдаггүй. Хамгийн гол тэр архичин ч гэсэн хүн шүү дээ. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж