“Атлантын нуруу тэнийв үү”, Монголд

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

“Атлантын нуруу тэнийв үү”, Монголд


Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Эвт шаазгайн үлгэрээр буга барихын үлгэртэй. Эвлэн нэгдэж буга барих хүчтэй бизнесмэнүүд маань саяхан эвтэй гэгч нь хуралдаж, удирдлагаа сонгов. МҮХАҮТ гэдэг Монголын бараг бүх компаниудыг нэгтгэсэн, баян бөгөөд чадалтай байгууллага. Сонгодог утгаараа бол хүчирхэгүүдийн хүчирхэг үг, нөлөөллийг их улс төрд хамгийн тод хүргэх дуу хоолой. Тэр ч утгаараа танхимын тэргүүн амттай бөгөөд зөөлөн суудал гэгдэг учраас энэ томилгоо олны анхаарлыг татаж байв.

Монголын бизнесмэнүүдийн нэгдэл болсон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим энэ удаа арав гаруй жил байгууллагаа толгойлсон эрхэм даргаа улираан сонголоо. Бизнесмэнүүд энэ удаа ширүүхэн хуралдаж, хүндэт даргаа өөрчлөн удирдлагадаа салхи оруулах нь гэгдэж байсан ч санал дийлэнхээр хуучин удирдлагаа нижигнэсэн алга ташилтаар дэмжин “Хурал сайхан боллоо” гэлцэн тарцгаажээ, цөөн хүнийг эс тооцвол.

Хамгийн гол нь тэргүүнээ сонгох эгзэгтэй цаг мөчид сонин үйл явдал болж. Санал хураалт болохоос хэдхэн минутын өмнө нэр дэвшигч, хуучин дарга С.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхий сайд утсаар нэгэн баярт мэдээ дамжуулсныг хэлсэн. МҮХАҮТ төсөрхөн шинэ ганган байшинтай болсон. Хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан ордонг танхимын нэр дээр албан ёсоор шилжүүлээгүй байсан. Тэгвэл энэхүү барилгыг МҮХАҮТ-ын мэдэлд бүрэн шилжүүллээ гэж Ерөнхий сайд С.Батболд С.Дэмбэрэл даргын гар утсаар дамжуулан мэдэгджээ. Ийнхүү цагаа олж нисч ирсэн мэдээлэл нэр дэвшигч С.Дэмбэрэлд шууд л “коко” үнэлгээ дагуулж, байртай болсон баярын халуун алга ташилт дор түүнийг танхимын тэргүүнээр ногоон гэрлээр дахин сонгов.

Хэрэгтэй үед ирсэн сайхан мэдээлэл байгаа биз. Танхим шинэ байртай болоход С.Дэмбэрэл даргын хүчин зүтгэл яалт ч үгүй шингэсэн нь үнэн. Хэдийгээр шинэ байрыг Хятадын буцалтгүй тусламжаар барьсан боловч дотоод засал тэргүүтнийг Монголын тал өөрсдөө хариуцахаар байсан учир С.Дэмбэрэл дарга торгон ухаан гаргаж, гишүүд, дэмжигчдээсээ хандив цуглуулж өдий зэргийн ордон болгосон гэдэг. Үүнээс гадна танхим өдий зэрэгтэй ажиллаж байгаад С.Дэмбэрэл тэргүүний гавьяа яах ч их аргагүй бий. Тэрбээр яах ч аргагүй чадварлаг удирдагч, нэртэй эдийн засагч, танхимын тэргүүнд түүнтэй эн зэрэгцэх хүн ховор ч гэдэг.

Гэхдээ Засгийн газрын тэргүүн яаравчлан хошуу дэвсч, эгзэгтэй үед нухацтай дэмжлэг үзүүлсэн нь анхаарал татаж байгаа биз. Үүнийг нэг хэсэг нь С.Дэмбэрэл найдвартай ар талтай гэдгээ харуулж байгаа гэдгээ харуулж байна гэж жийрхсэн бол нөгөө хэсэг нь Засгийн газар МҮХАҮТ-ыг найдвартай халаасандаа хийхээ ил шуудаар илэрхийлж байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, С.Дэмбэрэлтэй, Засгийн газрын дэмжлэгтэй байхад МҮХАҮТ алзахгүй ээ гэдгийг үүгээр илэрхийлсэн болов уу? Ард нь Засгийн газрын хүсэл зорилгын өөдөөс арвалзаж, тэмцэлдэх хэрэггүй гэдгийг ч сануулсан хэрэг. С.Дэмбэрэл дарга гурван төрд нүүртэй эрхэм гэдгээ дахин нэг харуулав. Түүнийг иргэн Б.Лхагважав тэргүүтэн Засгийн газартай хэт их найзархаж байна гэж гэнэ гэнэ шүүмжилж, сайд нарын “халаасан”-д гүйгээд орчихов гэж анхааруулдаг байсан. Харин энэ удаад Засгийн газрын “хөнжил”-д хэдийнэ шургаад орчихсоныг нь батлав биш үү? 

Гэтэл МҮХАҮТ гэдэг ямар байгууллага билээ. Татварын цөмийг бүрдүүлэгч, баялаг бүтээгчид рүү төр давшилж гэмээнэ төмөр хошууг нь тас цохиж байх ёстой байгууллага. Тат­­вараар далайлгах, бизнесийн хүчгүй­­дүүлэх аливаа алхам хандлага бол­­гоныг тэр зогсоох ёстой.

Өнгөрсөн хугацаанд МҮХАҮТ-ыг үүргээ бие­лүүлээгүй гэвэл алдас болно. Алт­ны компаниудыг контрбантын зам руу түлхсэн Гэнэтийн ашгийн тат­варын хууль гарахад тэр эсэр­гүүцэж, төв банкны мөнгөний бод­­логыг тэр зоригтой шүүмжилж, үер ус, галын гамшиг тохиолдоход даваг­­­­дашгүй хүчин зүйлийн эрсд­лийг тооцохыг тэр шаардаж чадаж бай­­сан. Харин Засгийн газрын нө­мөр нөөлөг дор орж, далайсан га­­зар нь далд орж, далласан газар нь ил гардаг болбол хэрхэх билээ.

Биз­­несийн шинэтгэлийн жилийн хаалтын баярын магтууг үлээж бай­гаа Засгийн газрынхны үгээр биш биз­­несмэнүүдийн яс махандаа мэдэр­­­­дэг өдөр тутмын амьдралын үнэн төрхөөр илэрхийлбэл өнөөдөр Мон­­голд бизнесийн орчин ямар бай­­гаа билээ?

Хатуу үнэнийг өнөөдөр сургуу­­лийн булангийн гуанз түрээсэлж бай­­гаа, жижигхэн цехтээ талх барьж, эсгий ширж байгаа жижиг дунд үйлдвэрчлэгчдээс эхлээд өнөөдөр ч өөрсдийгөө лүмпен пролетари гэж итгэсээр байгаа зарим нэгний нүдэнд язартлаа баяжсан феодал болж харагддаг толгой компанийн захирлууд л хэлж чадна. Төрөөс төрсөн тэрбумтнууд хийгээд улс төрийн артай цөөхөн хэдхэнийг эс тооцвол, төрийг тэжээж байгаа мөртлөө хурган даргын гарын үсгээс эхлээд, хахууль чирэгдэл бүхнийг буултан доор зүдэрч байгаа тэд гомдлын үгээ бараад байгаа гэвэл нь үнэнд ойр байх. Мянга, эсвэл тав арван  ч гэлээ ажилчдаа цалинжуулж, амьдралынх нь баталгааг хангаж байгаа тэд ажлын байр бий болгосон гэж цээжээ дэлддэггүй. Хөрөнгө оруу­лалт бүү хэл, харьцангуй уян ха­тан зээл ч олдохгүй байсан тэд тат­вараа төлөхгүй ээ гэж гэдийдэггүй. Зохи­цуулалтыг нь хийж, зохих шаард­лагаа тавьж чаддаггүй мөртлөө тор­гох, шалгахаар түрий барин ил далд авлига нэхэж байдаг төрийн ал­батуудыг тэд тэжээдэг. Магадгүй тэд өнөөдөр авлигагүй бол ажил урагшилдаггүй нийтлэг жишгийг даган үзэн ядан дургүйцэж байсан ч хөмхийгээ зуугаад л авлига өгч ажлаа бүтээж байгаа. Тус болж чаддаггүй юм бол саад болохгүй байх ёстой мөртлөө ч хувийн бизнес рүү хэрээс хэтэртэл дайрч давшлан өдрөөс өдөрт зах зээлийн нийгмийн ердийн хэм хэмжээгээр ажиллаж амьдрахад ч хэцүү болж байгааг бизнесмэнүүд л хэлж чадна. Бүхнийг өөрсдийн гар оюунаараа бүтээсэн, дийлэнхдээ прагматикууд байдаг тэд эх оронч гэж хий цээжээ дэлдэн, гудамжинд жагсагчдаас илүү хатуу үнэнийг хэлж чадна, гэхдээ бүр яс тооцоо, баримт нотолгоотойгоор шүү дээ. Давын түрүүн гомдол тоочдоггүй, тэмцэл хийдэггүй тэд энгийн соёлын дагуу танхимаараа дамжуулан бодит байдал болон цаашид хэрхвэл зохилтой талаарх ажил хэрэгч саналаа илэрхийлэхийг хүсч байгаа. Тэд бодит нөхцлийг илүү мэдэхийн хувьд парламентад танхимд тарвалзаж суугаа их мэдэгчид хийгээд, сохор зоосны тооцоо гаргалгаа хийж үзээгүй мөртлөө гудамжинд хий хашгирагчдаас илүү нарийн гарцыг харж чаддаг гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Тиймээс зах зээлийн харилцаатай аль ч улсад тэдний үгийг эрхэмлэдэг бөлгөө, хэрвээ эдийн засгийн зөв зохистой хөгжлийг хүсч байвал. Гэтэл бизнесмэнүүдийн гол найдвар болсон тэдний “танхим” хүний буюу Засгийн газрын харцаар хөдөлдөг болчихвол яах билээ?

Өнөөдөр ч захын бизнесмэн төрийн элдэв дарамтад нуруугаа нухлуулж, буруу бодлогыг золиос болж байгаа. Монголд сайн сайхан зүйл бодож сэтгээд, энгийн шударга замаар бизнес хийхэд бэрх, түүний оронд гадны банкинд мөнгөө хадгалуулаад, байдал бүр хэцүүдвэл гадагш дүрвэхэд бэлэн гэж арга цөхөн ярих хүмүүс олширсон гэдэг. Нийгмийн хамгийн идэвхтэй бөгөөд чадалтай, цөхрөшгүй хэсгийнхэн шүү дээ. Үүнтэй зэрэгцүүлээд Монголд хөдөлмөрлөж бүтээхийн оронд гар газар, хөл хөсөр халамж хүртэн суух буюу улс төрчдийн халаасанд шигдэж, луйврын аргын дэмжлэгтэйгээр цааш хөдлөхөөс өөр аргагүй замыг хүссэн ч эс хүссэн ч сонгох замыг тосогчид цөөнгүй байгаа. Сая болсон хурал хийгээд Ерөнхий сайдын утсаар шидсэн мэдэгдэл ийм айдсыг улам бэхжүүлэхээр харагдаж байна. Монголын хамгийн хүчирхэг бизнесмэнүүд ч Засаг хэмээх зуултад зугуухан орж байгаа энэ явцын үр дүнг төсөөлөхөд ч аймаар. Төсөөлж ядах юмгүй, өнгөрсөн зууны дунд үед зураглан бичсэн Эйн Ранд ахайтны “Атлантын нуруу тэнийв” хэмээх алдарт зохиолын дүрслэл шууд дүйж буумаар.

Цуцашгүй хүчтэй бизнесмэнүү­дийн гар, оюуны ачаар цэцэглэн хөгжиж байсан бизнес, эдийн засаг хэрхэн төр хэмээх балиар хүч, цөөхөн хэдэн мулгуу улстөрчийн гайгаар сүйдэн баларч байгааг энэхүү алдарт номонд өгүүлсэн байдаг. Ард түмний сайн сайхны төлөө төрийн зохицуулалт хийж буй гэж мугуйдласан бурангуй хүчний гайгаар мөнөөх ард түмэн нь үгээгүй гахайн амьдралд гутчиж, амьдралыг нь нуруун дээрээ үүрч түүчээ болж байсан бизнесмэнүүд нь ажил хийх нь байтугай амьдрах аргагүй болж өөрсдийн бүтээсэн бүхнээ орхин эх орноосоо дүрвэн өөр чөлөөт ертөнцийг өөрсдөө цогцлоохыг тэмүүлдэг. “Ард түмний” тусын тулд уурхай, үйлдвэрийг нь булаан авсан төр засаг нь харин түүнийг нь ажиллуулах нь бүү хэл, ганц өргөөнийх нь ч цахилгааны төлбөрийг нь дийлж хүчрэхгүй өмхий хоншоороо язартал таргалсан тэд зовлогоо хэрхэн дааж явахаа ч мэдэхээ байж арчаагүйтэн үлддэг тухай энэ номонд өгүүлдэг. Бизнесмэнүүдийг өөрсдийнхөө бүтээсэн бүхнийг хаяж орхихоос өөр аргагүй болтол нь зовоож сороод язартлаа таргалсан байсан хэрэг л дээ, төрийн нэр баригсад нь. Номд бас цуцашгүй хүчирхэг бизнесмэнүүд эцсийн чадлаа шавхтал “Атлантын нуруу”-г амирлуулахыг чармайдаг. Өнөөдөр харин Монголд ихэнх бизнесмэнүүд цөхрөлийн эхний айдсыг мэдэрч амсаад байгаа бус уу. Магадгүй зарим нь аль хэдийнэ цөхөрсөн ч юм билүү?

Одоо харагдаж байгаа өнцгөөр лав МҮХАҮТ гэдэг малгай дор нэгдэгсдийн дийлэнх нь Засгийн газрын хоншоорыг л “амирлуулах“ гэж байх шиг.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж. Их улстөрд нь ч сөрөг хүчин үгүй болж эрх барих гэж ээлжлэн тэмцэлддэг хоёр нам нь Засгийн газрын нэгэн дээвэр доор нэгдэж, гүйцэтгэх засаглалынханд аранга, ташуур болж байх ёстой төрийн бус байгууллагууд нь ч нөмөр нөөлөгт нь хоргодон тэтгүүлж… сайхан байна аа, манай Монголд. “Атлантын нуруу тэнийв”-үү, Монголд… ?

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж