Андре Агасси: Би теннисийг үзэн яддаг

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Андре Агасси: Би теннисийг үзэн яддаг

Нэрт теннисчин Andre Agassi, түүний хайртай эхнэр, мэргэжил нэгт Steffi Graf нарын гэрт Канадын “Vogue” сэтгүүлийн сурвалжлагч Rebecca Johnson зочилж, теннисний ертөнцийн гайхалтай хостой ярилцсан байна.

Англи хэл Steffi Graf-ийн эх хэл биш ч гэсэн Andre Agassi-гийн түүн рүү анх удаа илгээсэн сарнай цэцэгс юу өгүүлж байсныг тэрбээр шууд л ойлгож байжээ. “Эхэндээ би тэр сайхан цэцэгс хэнээс ирсэн бол гэж гайхаж байсан. Гэхдээ удалгүй Agassi явуулсныг мэдсэн л дээ. Гайхалтай цэцэгс байсан. Дэлбээ бүхэн нь яг л дэлгэрч байж билээ” гэж Steffi Graf Лас Вегас дахь тэдний байшингийн ойролцоох гольфийн хувийн клубынхээ зочдын өрөөнд миний өөдөөс хараад ярьж сууна. Энэ мөчид Andre Agassi “Миний эхнэр үзэсгэлэнтэй байгаа биз?” гэж бахархалтайгаар надаас асууснаа “Үнэхээр миний түүнд явуулсан сарнайн баглаа ер бусын байсан шүү. Миний хайрын хүч нөлөөлсөн байх” гэж хэллээ.

Дурласан бүсгүйдээ гал халуун сарнай цэцэгс илгээх нь үнэндээ цаг хугацааны хувьд Andre Agassi-д тийм ч таатай үе байгаагүй аж. Тэр үед Agassi өөр эмэгтэйтэй гэрлэсэн байлаа. Харин Флоридагийн далайн эргийн нэгэн зочид буудалд Steffi Graf-ийг үл таних нэгнээс баглаа цэцэг хүлээн авахад түүний хажууд уралдааны машины тамирчин болох найз залуу нь зогсч байжээ. Долоон жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байж найз бүсгүйд нь сарнайн баглаа ирэхэд түүнд мэдээж таатай байгаагүй. Graf хуучныг дурсан “Тухайн үед би юу гэж бодохоо ч сайн мэдэхгүй байсан” гэхэд “Тэрбээр над руу баярласнаа хэлэхээр утасдахад нь би түүнд сэтгэлтэй болсноо илчилж, бүх зүйлийг тайлбарлана гэж бодсон” хэмээн Agassi нэмж хэлэв. Agassi тэр үед жүжигчин Brookе Shields-ээс салж, гэр бүлээ цуцлуулж, хоёр тийш болох нь нэгэнт тодорхой болсон байсан юм. Гэвч түүний төлөвлөсөнчлөн Graf утасдсангүй. Гэвч Agassi-ийн хайр шингэсэн цэцгийн баглаа ид шидээ үзүүлж чаджээ. “Цэцэг авсны дараа би өөрийн мэдэлгүй л түүний тухай боддог болчихсон байсан” гэж Graf хэллээ.

16 настайдаа мэргэжлийн теннист хөл тавьсан мэргэжил нэгт нөхрийнхөө талаар Graf “Түүний нүд яг л бөмбөг харахад зориулагдсан мэт надад санагддаг. Өөр хэнд ч тийм ид шидтэй нүд байгаагүй. Тэрбээр шилдэг буцаагч байсан. Энэ нь Agassi бусдаас түрүүлж бөмбөгийг авах ур чадвартай нь холбоотой” гэж ярьж байна. Тэрбээр теннисний талбай дээр жинхэнэ тэнгэрт гялалзах од болж байсан.

Түүний сэтгэл хөдлөл ямагт үзэгчдийн нүдэнд ил байдаг байв. Ялсан ч, ялагдсан ч түүний нүдэнд нулимс цийлэгнэнэ. Олон спортын сэтгүүлч, шүүмжлэгч Agassi-ийн энэ занг хэт бардам, түрэмгий гэж дургүйцэн бичдэг байжээ.

 
Тэрбээр теннисний ертөнцөд сэтгэл хөдлөлөө ил гаргахаас огт цааргалдаггүй “зан чанар”-ыг авчраад зогсохгүй теннисчдийн гадаад дүр байдлыг “үгүйсгэж” орхисон гэдэг. Түүнээс өмнө теннисчид амралтын өдрүүдээр Hamptons-т банкны хөрөнгө оруулагчид шиг хувцаслаж явдаг байлаа. Богино үстэй, цагаан өнгийн хувцас өмсөх дуртай теннисчдийн ерөнхий имижийг Agassi шууд эвдэж чадсан юм. Урт үстэй, ээмэг зүүсэн, жийнсэн шорттой Agassi тэр үедээ теннисний ертөнцийн Мадонна гэгдэж байжээ. Тэр үед ирээдүйн эхнэр Graf нь ч Agassi-ийн энэ байдлыг гайхаж хүлээж авдаг байсан аж.

Харин Graf одоо нөхрөөрөө бахархаж “Теннист шинэ уур амьсгалыг авчирсан” гэж ярьж байна. Тэрбээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард зохиолч J. R. Moehringer-ний тусламжтайгаар өөрийн амьдрал, намтрын “Open” номоо бичиж дуусган, худалдаанд гаргасан билээ. Яг л түүний тоглолт шиг түрэмгий, хурдтай, бас мэдрэмтгий гайхалтай ном болсныг шүүмжлэгчид бичиж байна.

Andre Agassi номондоо түүнд алдар нэрийн титэм зүүлгэж, дэлхийн хамгийн алдартай теннисчин болгосон энэ спортоо үзэн яддаг гэдгээ дэлхий нийтэд аймшиггүйгээр зарласан билээ. Номынхоо өмнөх үгэнд тэрбээр “Би теннисийг үзэн яддаг. Үргэлжид төрдөг нууцлаг, далд хүсэл тачаалыг үнэхээр үзэн яддаг” гэж бичжээ. Agassi-ийн дэндүү илэн далангүй гэмээр “Open” намтар номын дэлгүүрийн тавиур дээр очсон даруйдаа л хэдэн сая хувиар борлогдож, Нью-Йорк Таймсын бестселлэрийн жагсаалтыг тэргүүлж чадсан.

Тийм илэн далангүй байх нь түүнд ямар сэтгэгдэл төрүүлсэн бол? Тэрбээр өөрөө “Номоо бичиж эхлэхдээ би хамгийн сайхнаар хийхийг хүсч байсан. Тийм ээ, энэ бол хэцүү даваа байсан л даа. Би санаа зовж байсан. Би онгоцноос энэ номтойгоо л үсэрсэн. Одоо чөлөөт уналт хийж байна. Гэхдээ би зүгээр л шүхэр дэлгэгдэнэ гэдэгт итгэхийг хүсч байна” гэж ярьж байлаа.

Үнэндээ тэрбээр өөрийнхөө шүхрийг ухаалгаар олж авсан гэлтэй. Agassi “Би анх эхнэрийнхээ гадаад дүр төрхөнд татагдсан. Ерөнхийдөө бие махбодын таталцал байлаа. Учир нь тэр маш дур булаам” гэв. Энэ одоо ч үнэн. Одоо 40-тэй Graf бараг өдөр бүр бэлтгэл сургууль хийдэг. Өндөр, гуалиг, хамгийн чухал нь эрүүл харагдаж байна. Яг л 1997 онд Sports Illustrated сэтгүүлд дотуур хувцастай зургаа авахуулж байсан дүр төрх хэвээрээ байгаа нь гайхалтай биш гэж үү.

Сүүлийн найман жил хосууд их спортын карьераа орхиж, гэр бүл, үр хүүхдүүд, буяны ажилд анхаарлаа хандуулаад байгаа. Graf 1998 онд үүсгэн байгуулсан “Children for tomorrow” ашгийн бус сангийнхаа үйл ажиллагааг эрчимтэй анхаарч, Өмнөд Африк, Уганда, Эритри улсуудын хүүхдүүдэд сайн санааны тусламж үзүүлсээр байна.

Анх олны нүдэнд тэд хосууд гэдгээрээ харагдахад теннисний ертөнц тэр чигээрээ шоконд орж байсан гэдэг. Steffi Graf, Andre Agassi хоёр гэж үү дээ? Байж боломгүй юм. Бүгд ингэж бодож байжээ. Agassi теннисний талбай дээр дүрэлзэх гал байсан бол харин Graf мөс байсанд хамаг учир байв.

Agassi тулааны эцсийн мөч хүртэл өрсөлдөгчөө үзэн ядаж тоглодог байсан бол Graf хэзээ ч тийм тактиктай тоглож байгаагүй аж. “Би тоглолтын үеэр зөвхөн өөрийнхөө хамгийн сайнаар л тоглохыг хичээдэг байсан. Энэ нь би хэнтэй тоглож байгаагаас илүү чухал байлаа” гэж Graf ярина.

Гэвч тэдэнд ижил төстэй зүйлс бий. Тэд хоёулаа өсвөр насандаа мэргэжлийн спортод орсон. Graf-т түүнийг дийлэх өрсөлдөгч үлдээгүй учраас. Харин Agassi эцгийнхээ шахалтаар. Тэдний ижил төстэй бас нэгэн тал бол тэдний “ширүүн” аавууд байлаа.

Andre Agassi-ийн аав Олимпод оролцож байсан боксчин асан Mike Agassi Вегасын казинод ахмадаар ажиллаж, тэндээс олсон мөнгөөрөө амьдардаг нэгэн байв. Тэр долоон настай хүүгээ 110 миллийн хурдтай бөмбөг шиддэг тусгай машинтай өдөрт 2500 бөмбөг цохиулж бэлтгэл хийлгэдэг байжээ. Өглөө тэрбээр хүүгээ сургуульд нь хүргэж өгөх нэрийдлээр авч гараад теннисний талбайд аваачаад ээждээ энэ бүх нууцыг хэлэхгүй байхыг шаарддаг байсан гэдэг. Тэр ч бүү хэл Mike Agassi хүүгээ есөн настай байхад танилуудтайгаа миний хүү ирээдүйд дэлхийн аварга болно гэж байшингаараа мөрийцөж байсан удаатай. Agassi хожим аавынхаа талаар “Сургуульд сурах нь чухал биш, харин ажил л чухал гэж аав боддог байсан. Харин чиний ажил бол зөвхөн теннис гэж хэлдэг байлаа” гэж дурссан байдаг.

Steffi Graf-ийн аав Peter Graf охиныхоо теннис тоглох авъяасыг анзаарч мэдээд машины худалдааны төлөөлөгчийн ажлаа орхиж охиндоо их спортод хөл тавихад нь туслахаар шийджээ. Охин нь нэр алдарт хүрч, хөрөнгө мөнгө олж эхэлсэн тэр үед Peter Graf “Playboy” сэтгүүлийн нэг плэймэйттэй холбогдож бөөн сенсаац гарсан байна. Даарин дээр давс гэгчээр энэ том сенсаацны араас залгуулаад татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдож, охины аав хоёр жил шоронд хоригджээ.

Эцгийнх нь түргэн, хувьсгануур зан Agassi-г сэтгэлийн хөдөлгөөнөө хянах чадвар багатай болгосон бол Graf харин аавынхаа нөлөөгөөр өөрийгөө дэндүү сайн хянаж чаддаг болсон байна. Graf энэ тухай “Би нөхрийнхөө илэн далангүй, нээлттэй зан байдлыг биширдэг” гэж ярьж байлаа.

“Теннис бол бие махбод, сэтгэл санаа, оюун ухааны аль алиных нь хувьд маш их зүйл шаардсан спорт. Амралт байлаа ч амралт шиг биш. Амарсан гээд наранд гарч болохгүй, найзуудтайгаа үдэшлэгт явж болохгүй, яагаад гэвэл тэмцээнгүй үед ч  байнгын бэлтгэл сургуулилт хэрэгтэй байдаг. Би өөрийгөө их ааш муутай, хувирамтгай зантай хүн гэж боддог байлаа. Тэгээд би теннис тоглохоо больсны дараа би муухай ааштай хүн биш юм байна гэдгээ ойлгосон. Харин теннис л ааш муутай” гэж нэрт теннисчин Andre Agassi өөрийн номондоо өгүүлжээ.


Ж.Индра /2010 оны 2 сарын 20/

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж