Ирэх оны аймгийн төсвийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Ирэх оны аймгийн төсвийг хэлэлцлээ

Монгол улсын 2011 оны төсвийн тухай хууль УИХ-аар батлагдан гарсантай холбогдуулан өчигдөр Хэнтий аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар орон нутгийн 2011 оны төсвийн тухай хэлэлцлээ. Ирэх оны төсөвт үндэсний баяр наадмын арга хэмжээнд зориулан төсвөөс гаргах санхүүжилтийн дээд хэмжээг аймагт 10 сая төгрөгөөр, суманд 5 сая төгрөгөөр тогтоосны дагуу аймагт 16,8 сая төгрөг, сумдад тус бүр 5 сая төгрөг байхаар тооцжээ.

Үндэсний болон орон нутгийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх эх үүсвэрт зориулан нийт 15,2 сая төгрөгийг нэмж төлөвлөв. “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын энэ оны 138 дугаар тогтоолоор махны үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор мах хомсдлын үед үнэ цэнцвэржүүлэх санд зориулж 50 сая төгрөгийг төсөвт тусгажээ.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасны дагуу орон нутгийн ахмадын байгууллагыг энэ оноос эхлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр боллоо.

Аймгийн Засаг даргад сум байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлт, ажлын шаардлагын дагуу 2011 оны төсвийг Сангийн Яамнаас ирүүлсэн зарлагын хязгаараас 150 сая төгрөгөөр нэмэгдүүлж 5 тэрбум 589,3 сая төгрөг байхаар тооцож боловсруулсан байна. Манай аймагт 2011 онд автозамын сангийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 155 сая төгрөг байхаар хуваарилсан байна.

Хэнтий аймгийн 2011 оны ангилагдаагүй зардлын тооцоог нийт 250,4 сая төгрөгөөр тооцож Засаг даргын зөвлөлийн оруулсан саналын дагуу Тогтвортой амьжиргаа-2 төсөл болон Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөрт 40,6 сая төгрөг, ойн анги байгуулахад 18 сая, бүсийн зөвлөлийн санд 5 сая, Орчны бүсийн санд 16,8 сая төгрөг нэмж тусгалаа.

Орон нутгийн нөөц сангаар зарцуулах хөрөнгийн тооцоог нийтдээ 347,4 сая төгрөгөөр тооцсоны дотор баяр наадмын зардалд 105 сая, хүүхдийн спортын 4-р их наадамд 10,2 сая төгрөг, ИТХ-ын төлөөлөгчдийн тойрогт ажиллах зардалд 15,5 сая төгрөг, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 сая, бүх сумын Засаг даргын нөөц санд хоёр сая төгрөг нэмж тусгалаа.

2011 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг Сангийн Яамнаас ирүүлсэн хуваарийн дагуу 655,2 сая төгрөгт багтаан хуваарилав.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж