Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын сектор орчим дахь Хамас бүлэглэлийн байрлал руу 13 пуужин харвасан байна. Хэдхэн хоногийн өмнө израилийн цэргүүд Хамас бүлэглэлийнхэнтэй тулгаралт хийсэн Хан Юнис хот руу эдгээр пуужингийн 4-ийг нь чиглүүлжээ. Энэхүү тулгаралтын үеэр Израилийн хоёр ч цэргийн албан хаагч алагдсан юм. Израилийн Батлан хамгаалах яамнаас Би Би Си агентлагт өгсөн мэдээлэлдээ эдгээр пуужингууд нь зэвсэг хийж байгаа орон нутгийн үйлдвэрүүд рүү чиглэсэн гэж тайлбарлаж байгаа аж. Тэд хэлэхдээ: Израиль улс Газын зурваст израилийн иргэдийг заналхийлсэн алан хядах үйл ажиллагааг тэвчин өнгөрүүлэх бодолгүй байна гэж сануулсан байна. Эдгээр дайралтын уршгаар гурван хүүхэд тэр дундаа нэг нялх хүүхэд шархадсан гэж палестины эмч нар мэдээлжээ.Мөн өчигдөр шөнө Израилийн онгоцнуудаас Газын зурвас дахь палестинчуудын дээрээс ухуулах хуудас цацаж Хан Юнист алагдсан цэргүүдийн өшөөг авах үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдсэн байна. Энэхүү пуужингийн дайралт нь шинэ он гарсаар болж байгаа хамгийн өргөн хэмжээний дайралт байлаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Газын зурвас дахь палестинчуудын амьдардаг хэсэгт Израилийн тал еврейчүүдийн амьдрах 1600 орон сууцыг барих болсноос ийнхүү байдал хурцдах болсон юм. Еврейчүүдийн орон сууцыг барихаар төлөвлөж байгаа Баруун Иерусалим нь палестинчуудын нийслэлээ болгох гэж төлөвлөж байсан газар нутаг юм. Зөвхөн энэ сард гэхэд Израилийн танкууд хэсэг хугацаанд Газын зурвас дахь палестинчуудын бүсэд нэвтрэн орж байсан билээ.
М.Наст
Газын зурвас
М.Наст
Газын зурвас