Санжаасүрэнгийн Мияарагчаа
Монголын шилдэг жүдочдын нэг тэрээр 2010 онд медалийн арвин ургац хураасан юм. Тэрээр саяхан Казах курашийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн билээ. Мөн дэлхийн шилдэг жүдочдын “Мастерс” тэмцээний аварга, “Их дуулга”-ын мөнгө, хүрэл хүртсэнээс гадна дэлхийн цомоос гурван ч удаа мөнгөн медаль хүртээд амжсан адтай нэгэн. Олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа энэ бүх амжилтаараа оны шилдэг тамирчинд нэр дэвшжээ.
Ядмаагийн Дулмаа
Тэрээр сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа алтан медаль хүртэв. Түүний энэ амжилт эмэгтэй сүмочдын хувьд анхдагч юм. Ер нь 2010 он эмэгтэйчүүдийн манлайллын жил байсан гэвэл нэг их буруудахгүй биз. Я.Дулмаа зөвхөн сүмо ч биш самбо, жүдо, кураш бөхийн төрөлд чамлахааргүй амжилт үзүүлдэг тамирчин. Хүнд жингийн эмэгтэй бөхчүүдээс ирээдүйн Д.Цэрэнханд гэхэд болно. Хэдийгээр манай улсад хүнд жингийн тамирчин цөөхөн байдаг ч байгаа нь чансаатай. Тэдний нэг нь олон улсын хэмжээний мастер Я.Дулмаа юм. Тэрээр сүмо бөхийн дэлхийн аварга болсон амжилтаараа “Бөртэ чоно-2010” наадмын шилдэг тамирчинд нэр дэвшиж байна.
Оюутны шатрын дэлхийн аварга баг
Шатарчид 2010 оныг шинэ шинэ амжилтаар дүүрэн үдэж байна. Тэдний нэг нь яах аргагүй оюутны шатрын ДАШТ-д багаараа алтан медаль хүртсэн явдал байв. Ямар ч спортоор дэлхийд үргэлж ноёлдог ОХУ, Хятадын багийг манай шатарчид ардаа орхино гэдэг том амжилт. Манай спортын түүхэнд багаараа ийм амжилт гаргасан тохиолдол бараг байхгүй гэхэд болно. Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Б.Гүндаваа нараар багаа бүрдүүлсэн шатарчид оюуны их спортын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн амжилтаараа “Бөртэ чоно-2010” наадамд нэр дэвшлээ.
Хашбаатарын Цагаанбаатар
66 кг-ын жингийн дэлхийн номер нэг тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ жил дахин нэр дэвшив. Өнгөрсөн жил тэрээр дэлхийн аварга болсон амжилтаараа “Бөртэ чоно”-ын эзэн болсныг спорт сонирхогчид мэдэж байгаа биз. Тэгвэл энэ удаа Японы Токио хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаараа оны шилдэг тамирчинд нэр дэвшиж байна. Тэрээр “Их дуулга”-ын хүрэл, дэлхийн цомоос хошой алтан медалийг 2010 онд хүртжээ. Өмнө нь хоёр ч удаа шилдгийн шилдэг тамирчнаар тодорч “Бөртэ чоно”-ын эзэн болсон билээ.
Мөнхбаатарын Бундмаа
Манай эмэгтэй жүдочдын тэргүүнд бичигддэг олон улсын хэмжээний мастер М.Бундмаа Токиогийн татамигаас хүрэл медаль зүүж, дэлхийн энтэй бөх болохоо харуулсан. Үүнийгээ нотолж, саяхан Гуанжоу хотноо болж өнгөрсөн Азийн XVI олимпоос мөнгөн медаль хүртсэн юм. Мөн дэлхийн цомын тэмцээнээс хошой мөнгөөр энгэрээ мялаагаад байна. Түүний гаргасан энэ бүх амжилт нь М.Бундмаа гэж хэн болохыг нотолж байгаа юм. Мөн оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” наадамд зайлшгүй нэр дэвших учиртайг харууллаа. Одоо түүнд олимпийн дэвжээнээс медаль хүртэх л үлдэж байна. Харин түүнийг энэ хүсэлтээ Лондонд үзүүлж чадна гэдэгт Монголын спорт сонирхогчид итгэл төгс байгаа ажээ.
Соронзонболдын Батцэцэг
Тэрээр Москва хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 35 жилийн дараа алтан медалийг эх орондоо авчирсан юм. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анх удаа эмэгтэйчүүдээс дэлхийн аварга болсон амжилтаараа 2010 оны “Бөртэ чоно” наадамд нэр дэвшиж байна. С.Батцэцэгийн амжилт үүгээр зогсоогүй. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, чадсан манай улсын спортын шинэ үеийн төлөөлөл юм. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор “Хилчин” спорт хороонд хичээллэдэг билээ. Чөлөөт бөхийн түүхэнд бахдам амжилт гаргасан түүнийг “Бөртэ чоно-2010”-ын шилдгийн шилдэг тамирчин болно гэдэгт тус холбооны хамт олон итгэл төгс байгаа ажээ. Чөлөөт бөхийнхнөөс хамгийн сүүлд 2005 онд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар “Бөртэ чоно”-ын эзэн болж байсан юм.
Цагаандалайн Хонгорзул
Буудлагын спортод яалт ч үгүй шинэ үе гарч ирснийг залуу тамирчин Ц.Хонгорзул нотолсон билээ. Түүний нэрийг монголчууд сонссон төдий л мэддэг байсан бол одоо залуучуудын дэлхийн аварга гэдгээр андахгүй сайн мэднэ. Тэрээр дэлхийн аварга болсон цагаасаа л мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байсан болсон. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбатын удирдлагад хичээллэдэг түүнийг ирээдүйд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн атгаад алдсан олимпийн алтан медалийг энгэртээ зүүнэ гэдэгт итгэлтэй байна. Ц.Хонгорзул Азийн наадамд төдий л амжилттай оролцож чадаагүй ч мэргэн буучдын дундаас цахиур хагалах тамирчин юм. Магадгүй ирээдүйн О.Гүндэгмаа ч юм бил үү.
Батхуягийн Мөнгөнтуул
Дэлхийн шатрын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлж чадсан тэрээр Швейцарийн Цюрих хотноо болсон шатрын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаараа “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байгаа юм. Түүний гаргасан амжилт зөвхөн үүгээр зогсоогүй. Багийн хамтрагч их мастер Т.Батчимэг, олон улсын хэмжээний мастер Б.Гүндаваа нарын хамтаар багаараа алтан медаль хүртэж, Монголын шатрын спортын түүхэнд шинэ амжилт тогтоосон. Дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчдын цуврал гранприд амжилттай оролцлоо. Мөн хэд хэдэн олон улсын тэмцээнд амжилттай оролцож байв. Тэрээр яг одоо Польш улсад болж буй шатрын түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оюун ухаанаа уралдуулж байна.
Мөнхбатын Уранцэцэг
Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тэрээр энэ амжилтаараа “Бөртэ чоно”-д нэр дэвшиж байна. Тэрээр мөн жүдо бөхийн дэлхийн цомын хошой аварга болсон амжилтаараа шилдэг тамирчны жагсаалтад багтаж байгаа юм. Өөрийн гэсэн өвөрмөц барилдаан, уран мэхээрээ олны спорт сонирхогчдод танил болж чадсан тэрээр “Женко” клубд данстай.
Баатарсайханы Солонго
Тэрээр самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гайхалтай барилдаанаараа гадаадын мэргэжилтнүүдийн хараанд өртжээ. Нэг ч ялагдаагүй Б.Солонго дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн. Манай улсаас самбо бөхөөр хамгийн олон дэлхийн аварга төрөн гарсан байдаг. Гэхдээ Б.Солонго шинэ залуу үеийн төлөөлөл гэдгээрээ онцлогтой. Чөлөөтөөс бусад бөхийн спортын төрлөөр хичээллэсэн тэрээр жүдогийн дэлхийн цомоос хүрэл медаль хүртээд амжжээ. Уншигч та бүхэн анзаарч байгаа байх. Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн бүх тамирчид манай спортын залгамж халаа юм.
С.Мөнхзул. Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.