Грекийн Прей хотод өчигдөр Зинедин Зидан тэргүүтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн баг Грекийн “Олимпиакос”-ын бүх оддыг багтай ядуурлын эсрэг аяны хүрээнд нөхөрсөг тоглолт хийсэн байна. Эдгээр тамирчид Пакистан болон Гайтид болсон газар хөдлөлтөд зориулж, ийнхүү хандивын тоглолт хийсэн юм. Ядуурлын эсрэг аяны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн баг “Олимпиакос” багийн бүх оддын багтай нүүр тулсан нь энэ байлаа. Роналдо болон Зинедин Зидан тэргүүтэй 30 гаруй домогт тамирчид эргэн талбай дээр гарсан ч Роналдо харамсалтай нь тоглосонгүй. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн баг энэ тоглолтын ес дэх минутаас эхлэн тэргүүллийг авсан байна. Эхний гоолын эзэн нь Португалийн шигшээ багийн тоглогч байсан Са Пинто байлаа. Харин Грекийн Суперлигийг тэргүүлж байгаа “Олимпиакос” багийнхан нөхөрсөг тоглолт гэдэг үүднээс хамгаалалтыг тийм ч нягт байлгасангүй. Улмаар эхний гоолоос 10 минутын дараа Португалийн шигшээ багийн төлөө 45 тоглолтод оролцож, 10 гоол оруулсан, 38 настай Са Пинто дубль хийжээ. Грекийн лигт хамгийн олон удаа буюу нийт 64 удаа түрүүлсэн “Олимпиакос”-ын бүрэлдэхүүнд одоогийн баг биш өмнө нь энэ багт тоглож байсан тамирчид багтсан байлаа. Ингээд тоглолтын 27 дахь минутад Грекийн шигшээ багийн довтлогч Коштас Митроглу тооны харьцааг 2:1 болгож ойртуулсан юм. Митроглугийн хувьд шигшээ багтаа дөрвөн тоглолтыг хийсэн ч хараахан гоол хийж чадаагүй бөгөөд хоёрдугаар үе эхлээд таван минут өнгөрч байхад тооны харьцааг 2:2 болгож, хоёр дахь гоолоо оруулсан байна. Харин тоглолтын 69 дэх минутад НҮБ-ийн багийн Зинедин Зидан гоол оруулах тун дөхсөн ч Пьерр ван Хойдонкийн дамжуулалтаар түүний мөргөсөн бөмбөг хаалгатай тун ойрхон өнгөрсөн байна. Аль аль баг нь энэ тоглолтод ялах боломжтой байсан ч тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм. Гэхдээ тулаанд хэн ялах нь чухал байсангүй. Харин тоглолтоос олсон орлогыг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрт хандивлахаар болжээ. Ядуурлын эсрэг энэхүү тоглолт хамгийн анх 2003 онд Швейцарийн Базель хотод болж байсан бөгөөд энэ жил найм дахь удаагаа зохиогдлоо.
Score Studio